Оросуудыг дарлах үнийн өсөлт

f1ed55df9b1c0248976b4c8bdef869d7_x3Хойд хөршид дэлгүүр хэсэх азын сугалаанд ороцохтой адил гэнэ. Өчигдөр хямд байсан бараа өнөөдөр хоёр дахин үнэтэй болох нь ОХУ-ын дэлгүүрүүдийн үйлчлүүлэгчиддээ барих “бэлэг” болсоор удаж байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр савлаж байгаа нь тус улсын иргэд ийнхүү ярихад хүргэж буй аж. Өнгөрсөн онд ОХУ-ын дэлгүүрүүдийн лангууг өндөр үнээр “чимж” байсан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Үнэ өссөн бүтээгдэхүүний жагсаалтын салхийг хагалан аравдугаар байранд сүү, сүүн бүтээгдэхүүн оржээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн судалгаагаар тус төрлийн бүтээгдэхүүний дундаж үнэ дөрвөн хувиар өссөн нь эрчим хүчний тариф, тээвэрлэлтийн зардал нэмэгдсэнтэй холбоотой хэмээн ОХУ-ын шинжээчид үзжээ. Түүнчлэн тус улсад үхрийн тоо толгой хорогдсон нь үнийн өсөлтийн бас нэг шалтгаан болсон байна.
         
Хэдийгээр дэлхийн элсэн чихрийн зах зээл ургацаар бялхаж байсан ч хойд хөршид тус бүтээгдэхүүний үнэ 2012 онд өсч жагсаалтын есдүгээр байранд шалгарчээ. Чихрийн манжингийн ургац хураалт дээд хэмжээндээ хүрч, зах зээл дээр таваарын илүүдэл үүссэн ч агуулахын дутагдалд оржээ. Иймээс хадгалалттай холбоотой гаргасан зардал төлөвлөснөөс өндөр туссан учир жилийн эцсээр элсэн чихрийн үнэ таван хувиар өссөн байна.
Махны үнэ зөвхөн монголчуудын хувьд шүдний өвчин биш бололтой. Өнгөрсөн онд АНУ тэргүүтэй орнуудад үхрийн тоо эрс буурсан нь ийнхүү дэлхийн зах зээл дээрх үхрийн махны үнэ өсөхөд нөлөөлсөн байна. Гурван килограм махан бүтээгдэхүүн тутмын нэг нь импортынх байдаг ОХУ-ын хувьд энэ нь хүнд туссаныг энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ жагсаалтын наймдугаар байранд орсноос харж болох. Олон улсын шинжээчдийн таамаг таатай мэдээ дуулгасангүй. “Үхрийн махны нийлүүлэлт буурсаар байх тул үнийн өсөлт үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, үхрийн мах ховордоно гэсэн үг.  Хүнсний бусад бүтээгдэхүүнээс илүү үнээр худалдаалагдах болно” хэмээн “ИстКоммерц” хөрөнгө оруулалтын группын шинжээч Петр Бобрик ярьжээ.
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг “ташуурдаж” байдаг гол хүчин зүйл бол газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт. Хойд хөршид шатахууны үнэ өнгөрсөн онд гэхэд долоон хувиар өссөн нь “Евро-3″ стандартын түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотой аж. Ингэх болсон гол шалтгаан нь нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг экологид ээлтэй шатахуун нийлүүлэхийн зэрэгцээ төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэхэд орших гэнэ. Харин 2013 он гарснаар “Евро-4″, “Евро-5″ стандартын түлшний онцгой албан татварыг зургаа орчим хувиар нэмээд буй нь тус бүтээгдэхүүнийг жагсаалтын долоод багтаажээ.
                    
Өнгөрсөн зуны аагим халуун ОХУ-д төдийгүй Европын орнуудад төмс хураалтын дүнд сөргөөр нөлөөлжээ. Төмсний ургац төлөвлөснөөс гурав дахин бага байсан нь нийлүүлэлтийг “унагаж”, улмаар үнийг хөөрөгдсөн аж. Ийнхүү Орос ахан, дүүс хэрэглээнийхээ төмсийг импортлоход хүрч, энэхүү жагсаалтын зургаадугаар байрыг “чимж” байна.
Согтууруулах ундааны хэрэглээг багасгаж, хуурамчаар үйлдвэрлэсэн энэ төрлийн бүтээгдэхүүнийг халах зорилгоор Оросын Засгийн газраас эрчимтэй арга хэмжээг авч эхэлсэн. Үүний нэг нь согтууруулах ундааны онцгой албан татварыг нэмсэн явдал байв. Тавдугаар байранд бичигдэж буй уг бүтээгдэхүүний үнийг энэ оны эхэнд багтаан ахин нэмэхээр хэлэлцэж байгаа аж.
Харин өнгөрсөн онд 14 хувиар өссөн тахианы мах дөрөвдүгээрт оржээ. Оросууд хүнсэндээ тахианы мах хэрэглэх сонирхол нэмэгдсэн, тэжээлийн үр тарианы үнэ өссөн зэрэг шалтгааны улмаас тахиа “од” болсоор. Хэдийгээр тахиан махны дотоодын үйлдвэрлэл сайн байгаа ч эрэлтийг хангахгүй байгаа нь импортыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж байгаа юм. ОХУ-ын Үндэсний мах, махан бүтээгдэхүүний холбооны гүйцэтгэх хорооны дарга Сергей Юшин “Сүүлийн гурван жил бөөний үнийг нэг түвшинд барьж ирсэн нь тахианы махны эрэлтийг улам ихэсгэсэн. Өмнөх онтой харьцуулахад импортын хэмжээг ч мөн нэмэгдүүлсэн. Гэсэн ч энэ нь үнийг хямдруулахад хангалтгүй байна” гэв.
Топ аравын эхний гуравт тамхи оржээ. Тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн олон нийтийн эрүүл мэндийг дэмжих бодлогын хүрээнд ОХУ-д худалдаалах тамхины онцгой албан татварыг нэмсэн нь үнийг 20 гаруй хувиар өсөхөд хүргэсэн байна. Үүгээр ч зогсохгүй татварыг 2014 он хүртэл ахин нэмэх тухай Оросын эрх баригчид ярьж буй аж.
                                        
Хангалтгүй хийгээд чанаргүй улаан буудайн ургац гурилын үнийг тэнгэрт хадааж байна. Хоёрдугаарт бичигдэж буй гурилын үнэ огцом өссөн нь өнгөрсөн зуны гантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Дөнгөж 38 сая тонн улаан буудай хураасан нь дотоодын зах зээл дээрх гурилын үнийг тогтвортой барих, импортоос хэт хамаарахгүйн тулд Засгийн газраас үр тарианы интервенци хийх, хомсдолоос сэргийлэх зорилгоор улаан буудайн экспортыг тодорхой хэмжээгээр хумихад хүргэжээ.
Урт жагсаалтын тэргүүн байрыг байцаа эзэлсэн гэвэл та гайхах байх. Байцаа гэлтгүй хүсний бүх л төрлийн ногооны үнэ өссөн нь өнгөрсөн оны гантай холбоотой юм. Орос нутгийн баруун хэсэгт нүүрлэсэн энэ гамшигийн улмаас өмнөд бүсээс хүнсний ногоо тээвэрлэхэд хүргэсэн билээ. Тээвэрлэлтийн хугацаанаас үүдэн ногооны нийлүүлэлт удаж буй нь үнэ өсөх гол хүчин зүйлсийн нэг болж байгаа аж. Байцаа хэт ховордсонтой холбоотойгоор импортын байцааг татвараас чөлөөлөх тухай асуудал ч хөндөгдөж эхлэв. Одоогоор ОХУ-ын иргэд гурав дахин илүү үнээр байцаа худалдан авч байгаа юм. Энэ талаар тус улсын Үнэ, санхүүгийн статистикийн газрын дарга Лариса Кобринская “Дотоодын ургацын байцаа худалдаалагдаж эхэлсэн. Гэсэн ч импортын үнэ өндөр байгаа тул цаашид хямдрах эсэх нь тодорхойгүй байна” хэмээн тайлбарлажээ.
Иргэдийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд өнгөрсөн онд оросууд хүнсэнд дунджаар 487 рубль зарцуулж. Энэ нь 2011 оны дүнтэй харьцуулахад таван хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн ОХУ-ын иргэд нийт орлогынхоо гуравны нэгийг зөвхөн хүнсэнд зарцуулдаг, нэг хүний сарын хүнсний хэрэглээ хамгийн багадаа 2,5 мянган рубль байгааг тогтоожээ.
Ж. Түмэнбаяр
mongolianeconomy

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих