Тэвчээртэй сайд
Зарим аймгийн засаг ноёдын томилгоотой холбоотой асуудал үргэлжилсээр л байна. Одоогийн байдлаар 21 аймгаас 15-ынх нь Засаг дарга томилогдож үлдсэн нь тодорхойгүй байгаа. Ардын намынхан энэ талаар “Ардчилсан намын засаг дарга нарыг өдрийн дотор томилчихоод МАН-ын Засаг дарга нарыг томилохгүй гацааж улстөржүүлж байна” гэж үзэн Ерөнхий сайдыг тайлбар хийхийг шаардаж байв. Тэгвэл хоёр хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр Засаг дарга нь томилогдоогүй байгаа аймгуудын асуудлыг улстөржүүлж яриад байна билээ. Энэ бүгдийг би их тэвчээртэйгээр харж байна. Та бүхэн асуудлыг сонсоё гэсэн учраас хэлж байгаа юм” хэмээн тайлбарлав.
МАН-ынхан орон нутгийн сонгуулиас хойш бараг хоёр сарын хугацаанд Ерөнхий сайдыг ээрч, аймгуудын Засаг дарга нарын томилгоог яаравчлахыг шаардаж, сүүлдээ хууль зөрчигч хэмээж байсан ч тэрбээр буурь зааж элдэв маргаан гаргалгүй өдийг хүрсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын гишүүд түүн рүү ширүүхэн дайрч байсан. Үүний хариуд Н.Алтанхуяг сайд томилгооны асуудал дээр нэлээд ул суурьтай, хуулийн хүрээнд хандаж байгаа гэдгийг хэлж байлаа.
Ардын намын гэх тодотголтой Засаг дарга нартай холбоотой асуудлаар л Ардын намын гишүүд Н.Алтанхуягийг үгүйсгээд байгаа юм биш. Шинэчлэлийн Засгийн газарт хамтраагүй, хамтарсан Засгийн газраас гарахаар шийдсэн, эрх баригч намын дарга болчихоод өөр зан гаргаж байгаа гэхчлэн олон асуудал бий. Энэ бүгдийг ч Ерөнхий сайд мэдэж байгаа юм. Ээлж дараалал гэж ямагт байдаг болохоор Ардын намынхан түүнд гомдож бас хорсоод яах вэ.
Н.Санжаасүрэн
URL: