Барилгын компаниудад хариуцлага тооцох тогтолцоог бий болгоно
Хэд хоногийн өмнө багын найзтайгаа таараад хууч хөөрч суутал найз маань “Хоёр жилийн өмнө хувийн бизнесээ эхлэх санаатай удахгүй ашиглалтад орох барилгад оффисийн өрөө худалдаж авахаар боллоо. Гэрээ хэлцлээ хийгээд урьдчилгаагаа ч өгчихсөн. Гэтэл нөгөө байр нь ашиглалтад орно гэсэн хугацаанаасаа таван сар хоцорч байна. Яагаад удаад байна вэ гэж асуухаар биднээс шалтгаалаагүй л гэх юм” хэмээв. Энэ мэт асуудал ганц найзад маань ч биш олон хүнд тохиолдож байгаа. Оффис худалдаж авахын тулд банкнаас хүүтэй мөнгө зээлж хүүг нь бизнесийнхээ ашгаас төлөхөөр тооцдог. Гэтэл захиалсан байр нь тогтсон хугацаандаа ашиглалтад орохгүй олон сар жилээр унжиж захиалагчдаа “алж” байна.
Харамсалтай нь манай улсад үүнд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байдаггүй юм байна. Нэгэнт л хууль эрх зүйн орчин байхгүй учраас захиалагчдаа олон сая төгрөгөөр хохироосон компаниудыг хариуцлагад татах боломжгүй юм. Зарим нэг хүн энэ хуулийн цоорхойг ашиглаж барилгын компани нэрээр залилан хийдэг болсон байна. Баянгол дүүргийн долоодугаар хорооны иргэн Б.Гүрсэд “Би 11 дүгээр хороололд шинээр баригдаж буй 12 давхар орон сууцны барилгад хоёр өрөө байр авахаар захиалга өгсөн. Захиалсан байр маань долоон сарын хугацаа хэтэрсэн ч ашиглалтад ороогүй л байна. Гүйцэтгэгч компанид нь хандаж үзэхэд “барилгын улсын комиссын ачааллаас болоод удааширч байна” гэсэн тайлбар өгсөн. Би одоо гэр бүлийнхэнтэйгээ байр түрээслэн амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд болон хойшид төлөх түрээсийн мөнгийг барилгын компаниар гаргуулмаар байна” гэв.
Манай улсад одоог хүртэл барилгын компанид стандарт тогтоогоогүй учраас хэн дуртай нь компани байгуулж, нэг ч ажилчингүй хэрнээ барилга барина гээд явж байдаг хүмүүс бий. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн нэгэн байцаагч “Барьж буй барилгаа заасан хугацаанд ашиглалтад оруулж чадаагүй байгаа компаниудыг хянах боломж бидэнд байхгүй. Манай байгууллага барилгын ажил дууссан хойно нь хянаж шалгах үүрэгтэй. Энэ тохиолдолд захиалагч л гүйцэтгэгчийг шахаж шаардах ёстой” гэв. Мэргэжлийн хяналтын байгууллага тухайн барилгыг хүлээж авахаас гадна барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгодог. Зөвшөөрөл олгосон барилгын компаниуд нь ажилдаа хариуцлагагүй хандаж байхад “Бидэнд хамаагүй” гээд бүх хариуцлагыг гүйцэтгэгч болон захиалагчид руу түлхэж байгаа нь энэ тогтолцоог яаралтай өөрчлөх болсныг харуулж байгаа юм.
Ер нь барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс гадна барилгын ажилд энэ салбарын эрх зүйн орчин чөдөр, тушаа болж байна. Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, бор зүрхээрээ зүтгэж яваа барилгачидад энэ салбарын шинэчлэл ус, агаар мэт үгүйлэгдэж байна. Барилга барихад авдаг олон зөвшөөрөл гарын үсэг, барилгын ажлын явцад барилгын материалын хомсдол зэрэг, үнийн өсөлт зэрэг олон шалтгаанаас болж ажил удааширч байгааг бас үгүйсгэж болохгүй. Муу л юм бол баруун гэрийн хар овоохой гэдэг шиг энэ бүхэнд ганцхан барилгын компаниуд буруутай гэвэл бас өрөөсгөл болно. Яагаад гэвэл энэ салбар нэгэнт л авлига, хүнд сурталын талбар болж барилгын компанийн эздийг жижиг сажиг шалтагаар дарамталж ажлыг нь гацаах тохиолдол их байдаг. Өнгөрсөн намар Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын жагсаалт гарч барилгын ажлыг нь зогсоосон. Харин энэ жагсаалтад зохих зөвшөөрлөө аваад барилгын ажлаа үргэлжлүүлж буй хэд хэдэн барилгын компанийг оруулсан байсан. Энэ мэтчилэн барилгын компаниудад бас зовлон бий.
Харин сүүлийн үед барилгын салбарын шинэчлэлийн тухай ярьж зарим талаар ажил болж байна. Саяхан Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын зөвшөөрөл, гарын үсгийн тоог цөөлж зөвшөөрлийг нэг цонхны үйлчилгээгээр олгодог болсон нь барилгачдын хувьд таатай зүйл байсан. Урьд нь барилга барих зөвшөөрөл авах гэж 70 гаруй гарын үсэг цуглуулах гэж бараг хоёр жилийн хугацаа зарцуулдаг байсан бол одоо ердөө хоёр сард багтаан шаардлагатай бүх зөвшөөрлийг авах боломжтой болсон. Үүний зэрэгцээ барилгын тухай хуулийг шинэчлэн, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ярьж байна. Мөн барилгын компаниудад тодорхой стандарт тогтоохоор болсон. Энэ нь компаниудад эргээд хариуцлага тооцох боломжийг бүрдүүлж байгаа юм.
Н.Санжаасүрэн
URL: