Н.Энхбаяр даргын өшөөгөө авах 10 нууц
Энэ хорвоод хүмүүний амьдралтай холбоотой нууц зүйл гэж нэгээхэн бээр ч үгүй. Гитлерийн 6 сарын 22-нд ЗХУ-руу довтлох Барборас төлөвлөгөө задарч, Америкийн атомын бөмбөгийн нууц Сталины өрөөнд очиж, Жон Кеннедийн нууц PR илэрч, Билл Клинтоны янаг амрагийн явдал орчлонгоор тарсан гээд тоочоод байвал нууц заавал задардаг бололтой.
Түүнтэй нэгэн адилаар Ганцын эмнэлэгт жаалж буй хоригдол Н.Энхбаярын 10 зүйл бүхий нууц төлөвлөгөөг задлахыг хүслээ. Уншигч та надаас хэнээс хэрхэн олсныг л бүү асуугаарай. Хүнд хэлэхгүй үгээ хүнд хэлэхгүйн тулд хүнд битгий хэлээрэй гэж хүнд битгий хэлээрэй гэдэг шиг л чих дэлссэн гээд бодчих. Гэхдээ нүд үнэн, чих худал гэдэгчлэн зөвхөн сонсох бус, төлөвлөгөөг буулгасан ам цаас олдсон гээд бодчих.
Хоногийн хоолоо залгуулахын тулд төлөг шүдлэн шүүрсэн малын хулгайч хувь заяатайгаа эвлэрэн нааран дээрээ шар наран, бор хоногийг өнгөрүүлж байгаа бол улсаасаа баян болсон томоохон гэмт хэрэгтэн Н.Энхбаяр хувь тавилантайгаа эвлэрч чадахгүй байна. Ихэнх дарангуйлагчид эрх мэдлээ хадгалахын тулд юу ч хийхээс буцдаггүй. Тэгвэл эрх мэдлээ ашиглан оройгүй хөлжсөн Н.Энхбаяр могой жилээс өмнө хэргээ цагаатгаж, наранд гарах 10 зүйл бүхий төлөвлөгөө боловсруулж, үнэнч дагалдагсаддаа лүндэгнэсэн нь та бидэнд задарч байгаа нь энэ.
Ингээд олон үг үл нуршин түүний арван хар хорыг танилцуулъя.
НЭГ. Тэр гэмт хэрэгтэн гэдэг үгнээс үхтлээ айдаг бололтой. Яагаад гэвэл Н.Энхбаяр албан тушаалгүйгээр нэг ч хонож чадахгүй. Үүний тулд шоронгоос гарахдаа уучилж өршөөгдсөн бус цагаадаж гарахыг хүсч байгаа аж. Үүндээ УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа, Л.Цогийг ашиглахаар цохон заажээ. Учир нь УИХ-ын дэд даргын хувиар Л.Цог Цагаатгалын комиссийг удирддаг. Одоо та бүхэнд Л.Цогийг яагаад УИХ-ын дэд дарга болгосны учир ойлгогдож байгаа биз. Н.Энхбаярын төлөвлөгөөгөөр ойрын өдрүүдэд Цагаатгалын комиссийн дарга Л.Цог гучаад оны хэлмэгдүүлэлтээс цагаатгагдалгүй үлдсэн зарим хүмүүсийн материалыг ил тод болгон үе шаттайгаар сүржин зарлах гэнэ. Мэдээж хэрэг үүний дараагаар шинэ үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн Н.Энхбаярыг цагаатгах бололтой. Н.Энхбаяр “Логийн Хог надад өрөө төлөх ёстой” гэж агсамнажээ.
ХОЁР. Хүний эрхийн үндэсний комиссоос эрх нь зөрчигдсөн хэмээн дүгнэлт гаргуулах. Хүний эрхийн үндэсний комиссийнхнийг айлгаж, сүрдүүлсэн юм байх. Хоригдол Н.Энхбаяр энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хүнийг нэр цохон заажээ. Хүний эрх зөрчсөн талаар 28 зүйлээр дүгнэлт гаргуулахаар Солонго гэдэг хуульчид аманд багтамгүй их мөнгө амлан ажиллууж байгаа аж.
ГУРАВ. Шар Баярхүүгээр гудамжны хөдөлгөөнүүдийг базуулах. (Ам цаасан дээр ингэж бичжээ) Албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг явуулдаггүй бүхий л иргэний нийгмийн байгууллагуудыг дээрх Баярхүү гэгч нөхөр явж уулзан тохирох ёстой аж. Багагүй хэмжээний шан харамж өгсөнөөр иргэний хөдөлгөөнүүд дуу хоолойгоо нэгтгэн түүнийг суллахыг шаардах ёстой гэнэ. Дээрх цаасан дээр “мөнгө хайрлахгүй байх” хэмээн тэмдэглэснийг бодоход багагүй хөрөнгө хаях бололтой.
ДӨРӨВ. Гадаад орны төрийн тэргүүнүүдэд захидал илгээх. Өмнө нь энэ ажил хийгдэж байсан. Эхнэр О.Цолмон нь Их Британийн Бүх намуудын асуудал хариуцсан даргад монгол төрийг гүтгэсэн захидал, Н.Удвал АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад ил захидал явуулахын тулд Нью-Йорк таймс сонинд 150 мянган ам.доллар төлж байлаа. Үүний хоёрдугаар ангийг хийхийн тулд Барак Обама тэргүүтэй дэлхийн 100 гаруй улсын төрийн тэргүүнд Н.Энхбаярыг өрөвдүүлсэн ард түмний захидал гээчийг илгээх гэнэ. Муугүй санаа байгаа биз.
ТАВ. МАН, АН болон бусад намуудын эгэл жирийн гишүүд болон гомдогсдод зориулан хар ПИАР цацах. Үүний тулд намуудынх нь дарга нар бүгд новш гэдгийг ойлгуулах хэмээн цохон тэмдэглэсэн байх юм. Тиймээс намуудын гишүүдэд өөрийгөө өрөвдүүлж, удирдлагуудыг нь жигшээх аргыг баруун солгойгүй хийх бололтой. Ер нь ч энэ ажилагаа сүүлийн хоёр жил шахам хийгдсээр ирсэн.
ЗУРГАА. Өвчний улмаас ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргуулах. Н.Энхбаяр хариу нэхэхдээ гаргууд нэгэн. Ямар сайндаа л өөрийнх нь төлөө нэр нүүрээ баран зүтгэсэн Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг өөрөө болон эхнэрээрээ дайрч доромжлуулан сэтгэл санааны цочирдолд оруулж байхав. Тэрбээр хөөрхий Н.Удвал сайдыг дарамталсаар дүгнэлт гаргуулж байгаа бололтой. Үнэндээ Н.Удвал ажлаа хийхээсээ илүүтэйгээр О.Цолмон, Н.Энхбаяр нарын утсаар заналхийлэх дарамтанд орон сэтгэл санаа нь хүндхэн байгаа гэсэн шүү.
ДОЛОО. Шар Уянга, амлалт Батцогт нарыг шахах хэмээн ам цаасан дээр бичжээ. Бодвол энэ хоёроор нийгмийн сэтгэл зүйг угаалгахыг зорьж байгаа бололтой. Нууцыг шивнэсэн нөхрийн хэлж байгаагаар манай дарга тэр хоёрыг ч ёстой алж өгч байгаа гэнэ. Ер нь Г.Уянга, Д.Батцогт нарыг Н.Энхбаяр ихэд занах болсон гэдэг.
НАЙМ. Эхчүүдийн өлсгөлөнг улам эрчимжүүлэх. Энэ үнэхээр эмгэнэлтэй хэрэг. Н.Энхбаярын өгсөн үүрэг даалгавараас үзэхэд аль болох олон хүүхэдтэй, олон ах дүүтэй, архаг хууч өвчтэй, настай эмэгтэйчүүдийг өлсгөлөнд нэмж суулгахыг шаардсан байна. Мөн ар гэрийг нь харж үзэн цалин мөнгийг нь гар таталгүй өгөхийг ч үүрэгдэн нүнжигтэй загнаж байгаа бололтой. Мөн олон хүүхэдтэй аавуудыг нэмж өлсгөлөнд суулгахыг үүрэгджээ. Тэгэхээр суурь өвчтэй, ядарсан амьдралтай, улаан цурав олон хүүхэдтэй аав ээжүүд өлсгөлөнд сууж, түүний аз жаргалын төлөө тэмцэх учиртай аж. Дэндүү үнэтэй эрх чөлөө гэж энэ л байх даа.
ЕС. Хүзүүгүй хүнийг арчих (Яг ингэж тэмдэглэж авчээ). Н.Энхбаярын хувьд өш хонзонгийн хар илдээ Элбэгээрүү чиглүүлжээ. Мөн “Ямар ч үнээр хамаагүй Ц.Э-г унагах” гэж дармалдсан байх юм. Үүний тулд өнөө маргаашнаас эхлээд Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан “Элбэгдорж л биш бол хэн ч байсан хамаагүй” гэсэн мэссэжийг орон даяар цаг цэггүй цацахыг зарлигдсан байна. Манай Энхбаяр дарга ч хонзонгоо заавал авч байж салдаг хүн дээ хэмээн сайхь эр бүлтэгнэн шивэгнэснийг бодоход юм юм ч болох нь дээ.
АРАВ. “Жоом” Баасанхүүгээр хурал үймүүлүүлэх. Өөрийнх нь төлөө босон суун чөлөө завгүй тэмцэж байгаа Ц.Баасанхүү гишүүнийг эзэн нь ийн хочилдог бололтой. Баасанхүүг цаг ямагт завгүй байлгах гэж тэмдэглэсэн байна. Учир нь Ц.Баасанхүү УИХ-ын чуулган болон ямар нэгэн хурал зөвлөгөөн бүр дээр орж үймүүлж, хүмүүсийн анхаарлыг Н.Энхбаярын зүг татах ёстой гэнэ. Үнэхээр ч мань эр сүүлийн үед хаа хамаагүй байнгын хорооны хурал дээр урилгагүй зочлон хэлэлцэх гол асуудлыг бус эзнийхээ зовж шаналж буйг сурталдах болсон.
Буддын шашинд арван хар нүгэл гэж буй. Мань эр эрх чөлөөгөө олохын тулд арван хар хорыг ашиглаж, арван хар нүгэл үйлдэх гэж нэгэнт төлөвлөжээ. Дагалдагсдынх нь ярьж байгаагаар дарга нь өш хонзонгоо авахын тулд хэнтэй ч нөхцөж, юу ч хийхээсээ буцдаггүй гэнэ. Ер нь ингэхэд Н.Энхбаярын бие ямар байгаа юм бол? УИх-ын гишүүн асан З.Алтай зурагтаар “Намйаг 2 дугаар эмнэлэгт хэвтэхэд Энхбаяр хүн амьтантай уулзаад гарч ороод зүгээр л гүйж байна лээ шдээ” гэж хэлсэн. З.Алтай аль аль талаа бодсон ч худал хэлэх нь бүү хэл хэн нэгэнд тал засаж, хэн нэгэн эрх мэдэлтнээс айх хүн биш. Ер нь Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаж байхдаа хуурай өлсөөгүй гэдгийг судлаач гэгдээд байгаа П.Дүгэр гэгч барин тавин нотлосон нийтлэлүүд гаргаж байсныг санаж байна. Үнэхээр ч ямар ч ган шиг биетэй хүн тэр олон хоног хуурай өлсгөлөн зарлана гэж байхгүйг эмч нар ч сэм шивнэх юм билээ. Наяад оны сүүлээр нэрт сэтгүүлч Ж.Барамсай агсан “Шорон дотор өшөө авагчид байдаг юм биш биз” гэсэн нийтлэл бичиж, нийгмийг хөдөлгөөнд оруулж байлаа. Шоронд байсан нэг нөхөр суллагдахын тулд олон хүнийг гүтгэж хар хор найруулсан тухай юмдаг. Тэгвэл өнөө цагт шорон дотор өшөө авагч байна. Тэр нь улсаасаа баян гэмт хэрэгтэн, хоригдол Н.Энхбаяр.
Г.Алтанцэцэг
24tsag.mn
URL: