Шинэчлэлийг хийж амжих уу
Басаж байгаа ч юм биш. Хорсож байгаа ч юм биш. Зүгээр л үнэнийг л хэлж байна. Тэр үнэн юу вэ гэхээр энэ манай мангарууд монголыг хөгжүүлнэ гэвэл ёстой хол очиж хэвтэнэ. Хорин жил төрд наалдахдаа юу хийсэн бэ? Одоо л гэнэт ухаарч гэнэ.
Өөрсдийгөө шинэчлэлийн гэнэ үү, сайжруулалтын гэнэ үү. Юу гэж ч нэрлэсэн болно. Гэхдээ бодит үр дүнг гаргасан ажлуудыг хийх хэрэгтэй. Том, дэндүү том албан тушаалд оччихоод жижигхэн юм яриад байж болохгүй.
Даана ч манай эрх барьж байгаа нөхдүүдэд ичих булчирхай алга. Ичнэ гэдэг ер нь сайн зүйл. Гэвч ичиж сураагүй ширэн нүүртнүүд төрд гарахаараа төмөр нүүр гаргах юм. Эрх баригчид нь ч сөрөг хүчин ч, мах нь ч өөх нь ч, улаан нь ч ногоон нь ч, зоригтой нь ч, зориггүй нь ч ялгаагүй “яг” адилхан. Яг л нэг хэвэнд цутгачихсан мэт. Ялгаа байна уу гээд хайгаад ч юу ч олдохгүй. Шинэчлэл хийе гэж байгаа бол хуйвалдахаа боль, хуурахаа боль, хулгай хийхээ болих хэрэгтэй.
Бас дээр нь эрхийн чинээ жаахан юм хийчихээд түүнийгээ уулын чинээ болгож ярьдаг энэ хэлбэрээсээ салах хэрэгтэй. Ингэж байж л шинэчлэлийг хийхээс биш твиттер, фэйсбүүк, сайтуудаар шинэчлэхгүй. Ард түмнийг хуураад тав арван жил тогтож болно. Гэвч цаг хугацаа, үнэн хоёрт гарцаагүй гүйцэгдэнэ дээ. Тэр цагт амьд байвал хохь нь болно, үхсэн байвал аз болно. Манай эрх баригчид хөөрхий өөрсдийнхөө ажлыг өөрсдөө дүгнэдэг болжээ. Хууль дүрэм батлах нь өөрсдийнх нь үүрэг л баймаар юм. Гэвч хүний өмнөөс юм хийчихсэн аятай бид энэ хугацаанд ийм их юм хийлээ гээд л хэдэн сэтгүүлчдэд тайлагнах юм. Үнэндээ тэр нь ард түмэнд падгүй. Ард түмэнд үр дүн л чухал. Бодит ажил хөдөлмөр л амьдралыг тэтгэхээс биш хоосон уриа лоозон харин ч хортой. Бид ийм ч юм хийлээ, тийм ч юм хийлээ хэмээн хоосон зарлах нь моод болжээ. Гэвч бодит үр дүн, үр өгөөж нь даана ч харагдахгүй. Бас дээр нь цаашдаа ийм ч ажил хийнэ, тийм ч ажил хийнэ хэмээн амлах болж. Энэ хэдэн халтар улс төрчидтэй байхад Монгол улс хөгжихгүй ээ. Энэ бол ёстой туйлын үнэн.
Ерөөсөө хуучин хүмүүс яаж ч улс орныг хөгжүүлж, шинэчлэлтийг хийх вэ дээ. Яагаад гэвэл энэ нөхдүүд чинь өөрсдөө, өөрсдийнхөө гараар энэ улсыг муухай болгочихсон шүү дээ. Одоо тэгээд шинэчилнэ ч гэх шиг. Гэнэт нойрноосоо сэрж дээ. Үнэхээр шинэчлэвэл сайн л байна. Даана ч чадахгүй л дээ.
Телевизээр уйлж, твиттерээр инээдэг /ккк/ жаахан хүүхдүүд яаж ч шинэчлэлийг хийх вэ дээ. Тэр шинэчлэх гээд байсан нөхдүүд чинь өмнө тэр л зөөлөн сайдын суудал дээрээ сууж л байсан. Ард түмэн мэдэж байгаа. Даана ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмний тархийг сайн угааж байна. Эрх баригчид маань намхан, жижигхэн биетэй байж болно. Гэхдээ хүсэл нь жижигхэн байж болохгүй. Шинэчлэлийг хийе гэж байгаа бол авлигалаа устга, авлигачидтайгаа хариуцлага тооц. Нам хамаарахгүй хариуцлага тооц. Манай талын хулгайч, танай талын хулгайч гээд ялгаад байх хэрэггүй. Ард түмний хувьд хулгайч бол хулгайч.
Эрх баригчид шинэчлэлийг эхлүүлж, ард түмний шинэчлэлийг хийдэг гэдэг энэ бодит үнэнийг даана ч ойлгосонгүй. Муйхраар өөрсдөө зүтгээд л бас өөрсдөө баатар болж магтуулах гээд л. Яг л жаахан хүүхэд шиг. Шинэчлэлийг саарал ордонд сууцгааж байгаа толгой нь жижигдсэн нөхдүүд чадахгүй. Тиймээс шинэчлэл, сайжрал, хөгжил ирнэ гэж найдаад ч хэрэггүй. Бухын доодохыг харж үнэн турж үхнэ гэдэг үгийг санаж байгаа биз дээ.
/Цагтөр.мн/
URL: