ЗАРАГДСАН БАРААГ БУЦААХГҮЙ
Ийм бичиг олон дэлгүүрийн лангуун дээр наалттай байдаг. Хэрэв сонголтоо зөв хийхгүй бол үйлчлүүлэгч та хохирно гэсэн утгатай эл бичиг олон хууль зөрчиж байгааг Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга хэлж байна.
Манай улс 2003 онд Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан. Уг хуульд хэрэглэгч чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авч хохирсон бол асуудлаа Мэргэжлийн хяналтын газар болон шүүхийн байгууллагаар шийдүүлж болно гэж заасан байдаг.
Харамсалтай нь манай худалдааны төвүүд үйлчлүүлэгчиддээ худалдан авалтын баримт өгдөггүй тул үүнийг хуулийн байгууллагаар шийдвэрлэх боломжгүй болдог аж. Иймд “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн бичгийг лангуун дээрээ наачихаад хууль зөрчсөөр байна.
Нөгөөтэйгүүр иргэд сонголтоо зөв хийдэггүйтэй холбоотой юм. Орхон аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт өнгөрсөн онд 50 гаруй өргөдөл, гомдол ирсэний 70 орчим хувь нь худалдан авалттай холбоотой байсан гэнэ. Иймд хэрэглэгчдэд сануулахад худалдааны байгууллагаас тооцоо хийсэн төлбөрийн баримтыг заавал авах шаардлагатай юм. Тухайн баримтыг үндэслэж хэрэглэгчийн хохирлыг барагдуулдаг. Хэрэв худалдааны төвүүд хохирлыг барагдуулаагүй бол хуулийн дагуу аж ахуйн нэгжийг 100-250 мянга, иргэнийг 10-50 мянган торгодог аж. Гэвч энэ хууль мөрдөгддөггүй учир иргэд хохирсоор л байна.
Б.Оюун-Эрдэнэ
URL: