Хол байгаа хайртдаа өгөх шинэ жилийн бэлэг

Хилийн цаана байгаа хайрттайгаа шинэ жилийг хамтдаа өнгөрүүлж чадахгүй ч, ядаж бэлэг солилцож болох нь аз шүү. Эрэгтэй хүнд ихэвчлэн хэрэгтэй зүйлийг нь өгөхөд баярладаг. Гэхдээ алсын зайны дурлалын үеэр, түүнтэй байнга хамт байж чадахгүй учраас юу хэрэгтэй байгааг нь тааварлах хэцүү. Ийм үед чамайг санах үедээ гаргаж харахаар дурсгалтай зүйлийг бэлэглэх нь л хамгийн тохиромжтой.

1. Захидал
Чиний уруулын үнсэлт, алганы чинь үнэр шингэсэн захидлыг гаргаж уншихад чамтай ойрхон сууж байгаа юм шиг л мэдрэмж төрөхгүй гэж үү? Та хоёр хичнээн их Skype-ддаг, утсаар ярьдаг байж болно. Гэхдээ гараар бичсэн захидлаас өөр юу ч түүнд уулзсан юм шиг сэтгэгдлийг тийм их төрүүлж чадахгүй гэдэгт итгээрэй. Түүнд мессенжер, видео чатаар хэлж зориглодоггүй үгсээ бичээд, захидлынхаа цаасыг үл ялиг биеийн тос түрхсэн гараар нилэнхүйд нь барьж, үнэртэй усаа цацчих. Доод буланд нь хангалттай олон үнсэлтийн хээгээ үлдээхээ мартав аа. Гараар бичсэн захидал ганцхан хувь байдаг учраас илүү үнэ цэнэтэй байдаг юм.

2. Хос эдлэлийн өрөөснийг нь явуулах
Хол байгаа хайртыгаа өөртэйгөө холбох хос зүүлт, дэр, цамц, үзэг, тоглоомны нэг өрөөснийг нь илгээмжээр явуулаарай. Байнга биед нь явах боломжтой зүйлийг бэлэглэвэл хаана ч байсан таныг дурсан санаж, дэргэдээ байгаа мэтээр бодож бага ч гэсэн сэтгэл өег байх болно.

3. Гэрэл зургийн цомог
Энд байхдаа хамтдаа авахуулсан зурагнуудаараа фото цомог хийж явуулж болно. Зураг болгоны дэргэд жижигхэн тайлбар биччихвэл бүр сонирхолтой. “Энэ үед чи минь жинхэнэ жентельмэн харагдаж байсан шүү”, “Чи их зальтай, мэдэгдэхгүйгээр хүний мөрөөр тэвэрчихсэн байгаа юм даа” гээд зургийг хармагц төрсөн хөгжилтэй, дурсамжтай бодлоо буулгаарай.

4. Холын зайны болзоо тогтоох
Тэндхийн болон, Монголын цагийг тооцоолж байгаад 12 дугаар сар дуусахаас өмнө түүнтэй онлайн болзоо тогтоогоорой. Та хоёр бие биенийгээ камераар харангаа хамтдаа шинэ жилийн дуунууд сонсож, дурсамжаа хуваалцаж, магадгүй бие биерүүгээ илгээмжээр явуулсан бэлгээ зэрэг задалж болно.

5. Өөрөөрөө бэлэг барих
Хэрэв боломж нөхцөл нь таарвал, түүнд мэдэгдэхгүйгээр байгаа газар нь очих билет захиалчих. Түүнд чамаас илүү гайхалтай бэлэг юу байх билээ? Эсвэл түүн рүү наашаа ирэх тасалбар явуулсан ч болно.

6. Мэндчилгээтэй видео
Гар утас юм уу, компьютерийн камераар өөрийнхөө мэндчилгээ дэвшүүлж байгаа бичлэгийг хийгээд и-мейлээр явуулаарай. Агаарын үнсэлт илгээхээ мартуузай.

7. Хоног тоолон хүлээе
Өдөр өдрөөр нь будаж болохоор хуанли худалдаж аваад, уулзах өдөр дээрээ гоё үг биччих. Эсвэл та хоёрын уулзах өдөр хүртэл хэд хоног байгааг тоолдог тусгай хуанли хийж явуулж болно. Зарим дурын хуудсан дээр нь сонирхолтой үгс бичиж болно. Жишээ нь: “25 хоногийн дараа чи миний өвөрт сэрнэ гэж мэд!”.


URL:

Сэтгэгдэл бичих