Дэлхий сүйрсэнгүй. Худал цуурч, мөнгө олсон ”Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл хаачсан бэ?

Дэлхий сүйрсэнгүй. Монголчуудын зарим итгэмтгий хэсгийг хоол хүнс, лаа шүдэнз, газаа багажандаа хийгээд хотын зах рүү дүрвэхэд хүргэсэн дэлхий сүйрэх тухай цуу яриа худал байсан гэдгийг эх дэлхий өөрийн биеэр батлав. Эрдэмтэд, судлаачид ийм зүйл болохгүй, худал цуу яриа гэж хэчнээн тайлбарласан ч өчигдөр хотын замын хөдөлгөөн сийрэг байлаа. Харин дэлхийн сүйрнэ, Алтан бумбын шинэ эрин эхлэнэ гэж хүмүүсийг айлгаж байсан “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл, Чингис хааны удам гэх Нямдаваа нар таг чиг. Дэлхий сүйрнэ, ямар нэг муу зүйл болох нь тодорхой гэдэгт итгэсэн олон хүн өчигдөр ажил албаа хойшлуулж, цаг зав, мөнгөө барлаа. Г.Оюунгэрэл хатагтайн дэлхий сүйрэх тухай лекцэнд суусан хүмүүс ч багагүй мөнгөөр шатлаа. Өчигдөрбүр дэлхий сүйрнэ гэж сэтгэл санаагаар унасан хүмүүс эрүүлжүүлэх байрны “түгжрэл”-ийг нэмжээ. ЦЕГ-аас мэдээлснээр Улаанбаатарт өдөрт дунджаар 140 орчим хүн эрүүлжүүлэгддэг бол өчигдөр энэ тоо 200 болжээ. Тэдний ихэнхи нь дэлхий сүйрнэ гэж гунихарсандаа архи уусан гэнэ. Гэтэл “их зөнч” таг чиг. Монголчууд ер нь итгэмтгий ард түмэн. Шинжлэх ухаан хөгжиж, сансарт хүмүүс аяладаг цаг ирчихээд байхад хүртэл Г.Оюунгэрэл гэх мэт хуурамч зөнч нарт итгэсээр байгаан жишээ энэ. Харин одоо хүмүүсийн хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаарт тоглосон Г.Оюунгэрэл хатагтайд ямар хариуцлага оноох вэ гэдэг сонин. Цагдаагийн газраас дэлхий сүйрнэ хэмээн итгэлийн итгэлээр тоглосон хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Г.Оюунгэрэл энэ яриагаараа алдарт гарахаас гадна “Алтан бумбын эрин” нэртэй лекцээрээ багагүй ашиг олсон бололтой. Харин одоо түүнд ингэж амаа мэдэхгүй цуурсныхаа хариуцлагыг хүлээх ёстой.
Үүнээс гадна “зөнч” хатагтайн цуу яриаг дамжуулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч гэсэн ямар нэгэн хариуцлага хэрэгтэй. Анх Г.Оюунгэрэл “UBS” телевизийн “Цай юу, кофе юу?” нэвтрүүлэгт орж цаг гаруй амаа чилтэл ярьж сүүлдээ “Дэлхий сөнөх ү, үлдэх үү?” болж хувирсан. Тэрбээр энэ нэвтрүүлэгт орохдоо мөнгө төлсөн гэдгээ ч хэлсэн. Энэ мэт мөнгө төлсөн хэнийг ч болов нэвтрүүлэгтээ оруулж, иргэдийн тархийг угаах нь ч бас цаанаа хариуцлагатай байх ёстой. Хэрэв цусан төрлийн хүнийхэ цусаар тахилга үйлдэх ёстой гэх зэрэг ёс бус зүйлд итгэгч мөнгөө төлөөд телевизээр ярьвал ямар үр дүн гарахыг хэн ч таашгүй. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн редакцийн дотоод хяналттай байж, ямар мэдээллийг, хэрхэн дамжуулахаа бодолцох л хэрэгтэй байна.

Ингээд “дэлхий сүйрэх”-ээс өмнө Г.Оюунгэрэлийн ярьсан алдарт “зөгнөл”-ийг хүргэж байна.

-Цаг маш бага үлдсэн. Ердөө 83 хоног. Гэгээрсэн, хар муу санаагүй, сайхан хүмүүс л Алтан бумбын эринийг хамтдаа угтах болно.

-Далай тэнгисийн ус 90 хэм босч ирээд хуурай газар руу асгарна. Энэ Япон, Гонконг, Сингапур алга болно. Европт л гээд байгаа юм, их хүйтэн мөсөн тив үүснэ.

-80 цаг харанхуй нөмөрнө. Цахилгаан, холбоо, гар утас, тээвэр юу ч ажиллахгүй. Соронзон туйл өөрчлөгдөхөөр наадуул чинь ажиллахгүй. Бас од гарагийн парад болно.

-Дэлхийн соронзон туйл өөрчлөгдөж, асар их радиаци буюу цацраг идэвхт шуурга болно. Дэлхий зүүн тийшээ хазайгаад байгаа шдээ. Барилгын кранууд тэгэхээр баруун тийшээ ойчих юм. Энэ өндөр крануудаа миний үгэнд ороод хэд хоног буулгаач ээ.

-Би Н.Энхбаяр даргыг бясалгал хийдэг гэж сонсоод сонгуулийн өмнө МАХН дээр очсон юм…

-МАХН-ын бага хурал дээр очсон. Би ганц юм л хэлсэн. “Надад албан тушаал хэрэггүй ээ. Намаас надад болох гэж байгаа аюулын тухай ярих телевизийн цаг гаргаж өгөөч. Эсвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзуулж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Яахав дээ, өөр зорилготой хүмүүс цугласан байсан. Орон нутгийн сонгууль ярилцаж байсан. Сонгууль болохгүй ээ. Сонгуультай манатай л юм болно доо.

-Надад алдар нэр хэрэгггүй. Би дэлхийд дуурссан алдар нэртэй хүн. Олон мянган шавьтай. Надад эд мөнгө хэрэггүй. Би хангалттай мөнгө олсон. Нүцгэн ирээд, нүцгэн буцах хорвоогийн жамыг би ухаарч сэнхэрсэн хүн. Зургаан тивийн тавд нь очиж, нүд тайлсан хүн. Хэчнээн баян хүн ч хоёр давхар гутал өмсдөггүй юм. Сүүлийн 10 жил судалж, мэдэж, ойлгосон зүйлээ л монголчуудтайгаа хуваалцах гэж яваад байгаа юм.

-Тэнэгийн дотор уужуу гэж ямар үнэн үг юэ! Юу болохыг мэдэхгүй амгалан яваа хүмүүст атаархах ч шиг. Асар их юм судлаж мэдээд, сэхээрч гэгээрсэн хүний зовлон их байдаг юм байна. Хэлээд, анхааруулаад байхаар “Мэдрэл гацаа, галзуу солиотой” гэж дуудуулах юм.

-Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээдэг албан тушаал, эрх мэдэлтэй хүн нь “Оюунгэрэл ээ, би энэ улс, ард түмнийг 12 сарын 21-нд аваад орно, хариуцлагаа үүрнэ” гэвэл би болино. Гэхдээ тэр хүн өөрийнхөө эрдэмтдийн нотолгоо, няцаалтыг харуулах хэрэгтэй. Би ч өөрийнхийгөө үзүүлнэ.

-Манайхны цусанд маш их хүнд металл байгаа. Дэлхийн соронзон туйл хэлбэлзэхээр цусанд байгаа тэр металлууд нь дээш татагдаад даралт ихэсдэг байхгүй юу.

-Манай гэрийнхэн “Өөрөө ч зовоод, дэргэдэхээ ч зовоох юм. Нэр хүндээ бод” гэдэг юм. Сүүлийн хэдэн сар ийм л хэцүү шаналгаанд байна даа. Би хувиасаа мөнгө гаргаад л энэ бүх телевизээр чинь ороод сэрэмжлүүлээд яваад байна. Ер нь би л ингээд яваад байх албатай ч биш дээ. Яахав, дараа нь хүмүүс ойлгоно доо. Оюунгэрэл ээ, баярлалаа гэж хэлнэ. Хожим харамсахгүй, сэтгэл сэвгүй байхын тулд л би ингээд яваа юм шдээ.

-Дэлхийн шинэ эзэд нь монголчууд байх болно. Манайхаас гадна Өвөр Монгол, Буриад гээд монгол туургатны амьдардаг, өвөг дээдсийн маань үлдээсэн энэ газар нутаг тэр аймшигтай юмнаас үлдэх нь байна шүү дээ. Тийм их хувь заяа…

-Дэлхийн бүх хүмүүсийг монголчууд бид захирч, Тэнгэрийн эзэнт гүрнийг байгуулах сайхан цагийг хүлээсэн. Одоо тэр сайхан юмаа нүдээрээ харах цаг ирлээ.

-Би хувьдаа бэлтгэлээ базаачихсаан. Англи, Австралид байдаг ах дүүгээ дуудчихсан байгаа. Гэр мэрээ авчихсан.

-Миний ном “Интерном” дээр бестселлер болчихсон л байна лээ. Бас gogo, amazon сайтаар тавьж зарж байгаа. Үнэ 22 мянган төгрөг. Номоо уншаад, бас 10 сарын 7-нд болох миний хаалтын лекцэнд суугаарай. Билет захиалбал 1950 гэдэг лавлахаар хүргэж өгч байгаа.

-Шавь нар маань “Багш, үхэх гэж байгаа юм шиг хаалтын лекц гээд нэрлэчих юм” гээд л байгаа. 12 сарын 21-нээс хойш Алтан бумбын эринд шилжинэ шдээ. Тэр үед зөв сайн явах тухай ямар ч лекц шаардлагагүй болох учраас хаалтынх гэж байхгүй юу.

-Хүн төрөлхтний 26 мянган жил хүлээсэн мөч ирж байна. Коммунизм гэж нэрлэмээр эрин. Жишээ нь, би цай ууя гэж хүсэхэд л хүсэл өөрөө биелэх нь байна шүү дээ.

-Би нэг кино үзсэн. Гэхдээ тэр үнэн кино. Гадаадын бүх өндөр хөгжилтэй улсууд элитүүдээ аварч үлдэх бэлтгэлээ хийчихсэн байна. Газар доор 1,5 километрийн гүнд цаана чинь байр орон, ногооны талбай, шорон хүртэл бэлдчихсэн байна гээд бодчих. Манайд л таг чиг, нам жим.

-Тэнгэртээ залбираад, балга үнээний сүү өөд нь цацчихад та нараас юу уначих гээд байгаа юм?

-Бас хамаагүй ярих юм, ярихгүй ч юм байна. Лекцэн дээрээ би нарийвчлан дэлгэнэ. Билет захиалбал 1950 гэдэг лавлахаар хүргэж өгч байгаа.

-Номоо би Ч.Чойсамба гэдэг мундаг сэтгүүлчээр орос хэл рүү орчуулуулсан. Орос болон хуучин Зөвлөлтийн улсуудад байдаг найз нараа сэрэмжлүүлж байна л даа. Аmazon.com дээр зарагдана. Асар их мэдээлэл, судалгаа, оюуны чадавхи шаардсан бүтээл болохоор орчуулахад туйлын хүнд л дээ.

- Шинэ дэлхийд цор ганцаар үлдэх сайхан газар нутаг дээр олон ядуу монголчуудтай хамт амьдрахгүй гэсэн гадаадын баячууд надад хорсож байгаа биз. Учрыг нь мэдээд, сэрэмжлүүлээд байхаар тэгнэ шүү дээ. Яахав дээ, намайг чадвал ална л биз. Гэхдээ би айхгүй ээ.


URL:

Сэтгэгдэл бичих