Х.Баттулга сайд аа, Г.Батхүү ороод ирлээ, хуулиа батлуулаач ээ

 Өнгөрөгч пүрэв гаригт “АПУ”-ийн Г.Батхүү тэргүүтэй гурван гишүүн тангараг өргөсний дараа ҮХАА-н сайд Х.Баттулга твиттертээ ингэж жиргэжээ. “Манай ангид хөдөөнөөс нэг том биетэй хүүхэд улирч орсон, бас хоёр охин шилжиж ирсэн. Өвөрхангайгаас шилжиж ирсэн тэр том биетэй хүүхэдтэй хичээлийн дараа барилдаж үзнээ” гэж…

    Түүний хэлснээр тэрхүү том биетэй хүүхэд нь мэдээж Г.Батхүү. Г.Батхүүг АН-ын дарга нар зүтгүүлсээр байгаад УИХ-ын гишүүн болгосон нь Х.Баттулгад таатай санагдаагүй нь илт. Намынхаа “Алтан гадас”- ынхантай, тэр тусмаа энэ фракцын Г.Батхүүтэй яс үздэг Х.Баттулга одоогоос хэдэн сарын өмнө буюу өмнөх парламентад архи, тамхи үйлдвэрлэгчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх тухай хуулийн төсөл санаачилж, байнгын хороогоор дэмжүүлсэн нь хэсэгтээ л Г.Батхүүг буланд шахсан юм.
    УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр энэхүү хуулийн төслийг унагасан нь Г.Батхүүгийн нөлөө Х.Баттулгаас арай илүү жин дарж байгааг илтгэнэ. Архи, тамхитай их, бага хэмжээгээр холбогдож, түүгээрээ мөнгө олж амьдардаг гишүүд цөөнгүй учраас хуулийн төсөлд тээг болсон хэрэг.
    Мэдээж “женко”- гийн санаачилсан хуулийн төсөл байгаа ч бас онож, Г.Батхүүгийн хувьд багагүй шарх авсан нь үнэн. Тэдний дунд эхэлсэн далд тулаан өнөөдөр ч өрнөж байгааг твиттерт бичсэн ёжтой үгнээс нь илэрхий харагдана.
    Архи, тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэрлэдэг, борлуулдаг, зуучилдаг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах тухай хуулийн төсөл нэрнээсээ эхлээд аюултай сонсогдож байгаа биз. Х.Баттулга ийм хууль санаачилснаараа зөвхөн Г.Батхүүг ч “нухах” гэсэн хэрэг биш.
    Намынхаа дарга Н.Алтанхуягт ч давхар хаягласан нь лавтай. “Алтан гадас” фракцын тэргүүн Н.Алтанхуягийг “Алтан гадас” хэмээх архи үйлдвэрлэдгийг тэр ямар мэдэхгүй байв гэж. Түүнийг хуулийн төсөл санаачлах үед Ардчилсан нам засгаас гарчихсан, хэзээ мөдгүй ҮЗХ хуралдаж, дарга цэргээ солих эсэхээ ярилцаж байлаа.
    Өөрийгөө намын дарга, Ерөнхий сайдын суудалд сууна гэсэн мөнхийн бодол өвөртөлж явдаг Х.Баттулгын хувьд энэхүү хуулиараа намын даргаа зайлуулах, улмаар АН-д байнга л эзэн ноён сууж ирсэн “Алтан гадас”-т дохио өгөх улстөрийн зорилго агуулсан, цаг үеэ мэдэрсэн боломжийн төсөл байв.
    Архин далайд нийтээрээ живсэн улс орны эрх ашигт ч чухал л төсөл байсан. Үндэстнээ хордуулж, ирээдүй хойчийн удмын санд хүртэл хохирол учруулах аюулт идээг өдөр тутам үйлдвэрлэж байгаа нөхрийг УИХ-д суулгахгүй гэх нь түмэн зөв.
    Нэг хүн тутамд оногдох спиртийн хэмжээ хэрээс хэтрэхэд улс орон бүр сандарч, удмын сангаа хамгаалахын тулд төрийн бодлогоо боловсруулдаг. Гэтэл манай улсад үйлдвэрлэх спиртэд хэмжээ, хязгаар гэж байхгүй. Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч компаниудын эзэд улстөрд хутгалдчихвал бүр ч хяналтгүй болно доо.
…Х.Баттулга сайд твиттертээ “Өвөрхангай гаас шилжиж ирсэн том биетэй хүүхэдтэй хичээл тараад барилдаж үзнэ” гэж бичсэн нь өнөөх хуулийн төслөө эргэн нягтлан дахин өргөн барихаар бэлтгэлээ базааж буйн илэрхийлэл байхыг үгүйсгэхгүй…
    2004 оны УИХ-ын сонгуулиар “АПУ” компанийн үйлдвэрлэсэн “Ерөөл” архийг Өвөрхангай аймагт чиргүүлтэй “Зил-130″ машинаар тараасан гэх баримт ч хэвлэлийн архивт бий. Тэгэхээр Г.Батхүү үйлдвэрлэсэн архиа тойргийнхоо иргэдэд үнэгүй тарааж, тэр үнэлэмжээрээ УИХ-д ард түмнээ төлөөлж байна гэсэн үг.
    Ийнхүү үйлдвэрлэсэн архиа тарааж, УИХд орж ирсэн нөхөр мөн адил архи үйлдвэрлэгчидтэйгээ нийлээд архи, тамхи үйлдвэрлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр ажиллана л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, архи, тамхиа үйлдвэрлэхэд таатай хууль батална.
    Жишээ нь архи, тамхины эсрэг хууль гаргаж, зарим архины үйлдвэрт хязгаар тогтоох, үйлдвэрлэлийн хэмжээнд нь хязгаар тавих тухай хууль оруулж ирлээ гэж үзэхэд “АПУ”- гийн Г.Батхүү дэмжихгүй нь ойлгомжтой. Юу л гэж өөрийнхөө бизнест хязгаар тогтооно гээд гар өргөөд сууж байх билээ.
    Ер нь үндэстнээ хордуулж, удмын санд заналхийлж амьдарч байгаа нөхдийг хууль тогтоох дээд байгууллагын танхимд оруулахгүй байх нь хамгийн зөв шийдэл. Тиймээс Х.Баттулга сайд аа, хуулийн төслөө дахиад өргөн баривал яасан юм.
    Одоогийн нөхцөлд энэ хуулийн төсөл дэмжигдэх магадлал өндөр. Парламентад эмэгтэй гишүүдийн бүлэг хүртэл байгуулагдсан. Архи, тамхины хэрэглээ хэтэрсэн ийм үед нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг эмэгтэй гишүүд ногоон гэрлээр дэмжинэ. Дээрээс нь өөрийнх нь фракцын Ш.Түвдэндоржоос эхлээд УИХ дахь сөрөг хүчнийхэн хүртэл дэмжиж таарна.
    Ийм таатай нөхцөл бүрдчихээд байхад хуулийн төслөө хэлэлцүүлбэл нийгэм ч хүлээн авах нь тодорхой. Х.Баттулга сайд твиттертээ “Өвөрхангайгаас шилжиж ирсэн том биетэй хүүхэдтэй хичээл тараад барилдаж үзнэ” гэж бичсэн нь өнөөх хуулийн төслөө эргэн нягтлан дахин өргөн барихаар бэлтгэлээ базааж буйн илэрхийлэл байхыг үгүйсгэхгүй.
    Хичээлийн дараа Х.Баттулга Г.Батхүүтэй барилдахдаа “Архи, тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэрлэдэг, борлуулдаг, зуучилдаг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах” тухай үндсэн мэхээ хийхэд Г.Батхүүг өвдөг шороодуулах боломж бий.
    Тэгээд ч сайд өнөөдөр хүнсний үйлдвэрийн бодлогыг тодорхойлж байгаа. Салбар толгойлж буйн хувьд улсын аюулгүй байдал, үндэстний удмын санг бодолцсон ч архины үйлдвэрлэлд зааг хязгаар тогтоох бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх л хэрэгтэй шүү.
С.УУГАНБАЯР

URL:

Сэтгэгдэл бичих