Гурван өдрийн дараа юу болох вэ

-5125 жил үргэлжилсэн он тоолол төгсөж, 26 мянган жилд нэг тохиох ховорхон Үзэгдэл болно -

Дэлхийн хүн амын 10 орчим хувь нь ертөнцийн сүйрэлд үнэн голоосоо итгэж байгаа гэсэн сонирхолтой судалгаа гарчээ. Үүнд итгэхэд бэрх хэдий ч сүйрлийн талаар сонсоогүй хүн дэлхий дээр нэгээхэн ч үгүй гэхээр энэ оны, тэр дундаа энэ сарын хамгийн халуухан сэдэв яах аргагүй гурван өдрийн дараа юу болох вэ гэсэн хүмүүсийн хүлээлт болж байна. Шинжлэх ухаан, шашин шүтлэг, мухар сүсэг гээд ертөнц дээр итгэж, шүтэж болох юу л байна тэр бүгдийг даван гарч олны анхаарлыг татаж байгаа сүйрлийн талаар “айдасгүй ч аягүй” байгаа ч танд хүргэж байна.


ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛИЙН ТАЛААРХ ЯРИА ЮУНААС ҮҮДЭЛТЭЙ ВЭ

Одоогоос зургаан жилийн өмнө ертөнцийн төгсгөлийн талаар дэлхий нийт санаа зовинох болов. Харин үүний уг үндсийг эртний Майя нарын цаг тооны бичигтэй шууд холбож болно. 2006 оны тавдугаар сард “2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” хэмээх ном хэвлэгдэн шуугиан дэгдсэнээр, мөн оны эцсээр алдарт Мэл Гибсон эртний майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн “Апокалипсис” хэмээх кино бүтээснээр олны анхаарлыг зургаан жилийн дараах ертөнцийн төгсгөлд хандуулж чадсан байдаг.

Харин эртний Майя нар бол манай эриний өмнөх (МЭӨ) 2000-аас манай эриний (МЭ) 1500 онуудад оршин тогтнож байсан хорьтын тооллын систем ашигладаг, одон орон, газар тариалангийн нарийн мэдлэгтэй ард түмэн юм. Тэдний сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд 13 бактуны тоолол МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун гэдэг нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун 5125 жилтэй дүйдэг аж. Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай прецесс буюу аливаа эргэлдэгч зүйлийн тэнхлэг нь өөрчлөгдөх үзэгдлийн тавны нэг юм. Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэвэл энэ сарын 21-нд уг прецесс өндөрлөх аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 гэж бичигдэнэ. Тэднийхаар бол он тоолол тэглэх өдөр дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэс эхлэх аж.

Харин эрин солигдох бүрд ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж индианууд үздэг байна. Харин тэд уг өдөр нэг эрин төгсөнө гэснээс ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн үзээгүй байна. Одон орны гайхамшигтай мэдлэгтэй байсан энэ ард түмэн шинэ эрин эхлэхийг Сүүн зам буюу Тэнгэрийн заадастай хэрхэн холбон тайлбарласан талар хүргэвэл, сүүн зам, галактикийн диаметр нь 7000 гэрлийн жилтэй тэнцэх бөгөөд түүний төв хэсэгт нь 400 орчим тэрбум од бөөгнөрсөн байдаг. Энэ бөөгнөрөл энгийн нүдэнд харанхуй тэнгэрийн дундуур зүссэн зураас мэт үзэгддэгээс сүүн зам гэгддэг. Гэтэл энэ их бөөгнөрөл дунд, галактикийн яг төв дунд нь том хэмжээний хар нүх байдгийг эрдэмтэд орчин үеийн дуран авай ашиглан нээгээд алмайран гайхжээ. Яагаад гэвэл тэдний харсан зүйл эртний майячуудын домогт өгүүлдэгтэй тун төстэй байжээ.

Эртний майячууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүсгэгч сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог, хүлээж авдаг байж. Төв хэсгийн гүдгэрийг Сансрын умдаг гэж тэд үздэг. Түүний төв хэсэгт хар хонгил мэт үзэгдэгч хэсгийг майячууд янз янзаар нэрлэдэг ч хамгийн түгээмэл нэр нь “birthing pace” буюу “төрөхөөр дүлэх хөдөлгөөн” гэсэн утгатай байж. Дөрөвдүгээр эриний төгсгөл буюу энэ 21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл, тухайн оны хамгийн богинохон өдөр нар сансрын агуу ижийгийн умайнаас шинээр “мэндэлнэ” гэх ойлголт юм. Энэ бол 26 мянган жилд нэг удаа давтагддаг ховорхон үзэгдэл юм. Уг үзэгдлийг шинжлэх ухаан сансрын гариг эрхсийн жагсаал гэж нэрлэсэн бөгөөд Санчир, Ангараг, Дэлхий, Бархасбадь гаригууд нэг шугаман дээр жагсаж, нар сүүн замын төвд очих юм. Түүнчлэн эрдэмтэд уг жагсаал болох үед хүн болоод дэлхийд ямар ч өөрчлөлт орохгүй гэж үзсэн бөгөөд гариг эрхсийн сүүлчийн ийм жагсаалын үеэр амьтан ургамлын хэдэн зуун төрөл зүйл устаж үгүй болсон гэж мэдэгдсэн юм.

Харин уг мэдэгдлийг баталгаажуулах мэт энэ онд амьтадтай холбоотой хачирхалтай зүйлс маш олон гарсныг тоймлон хүргэж байна. Энэ оны нэгдүгээр сард Шинэ Зеландад, өнгөрөгч хоёрдугаар сард Вержина мужийн Норфолк хотод олон төрлийн амьтад тоо толгойгоороо мөхжээ. Мөн Арканзас мужид нэгдүгээр сард олон мянгаараа нисч яваа шувууд үхэж, тэнгэрээс бороо шиг асгарсан хачирхалтай явдал болсон байдаг. Харин эл явдал яг нэг жилийн өмнө тус газарт болж байжээ. Мөн Перу улсад 200 мянга гаруй дельфин далайдаа ямар нэг шалтгаангүйгээр үхсэн бол Флорида мужид далайн яст мэлхий үл мэдэгдэх шалтгаанаар олон зуун мянгаараа юу ч үгүй болсон байна. Амьтдын гэнэтийн шалтгаангүй үхэл бүгд нэгээс гуравдугаар сарын хооронд үргэлжилсэн бөгөөд Норвеги улсад мөн 20 тонн загас далайдаа үхсэн байжээ. Харин Китаки болон Австралийн далайд амьтдын араншин ширүүссэн бөгөөд хар шувууны сүргийн гэнэтийн халдлага болж халим загаснууд улангасч галзуу мэт хөдөлгөөнд оржээ. Харин энэ үеэр Калифорни мужийн дельфинүүд далайгаас сүрэг сүргээрээ дүрвэн гарсан байна.

Б.Ширнэн

 

Niigmiin toli


URL:

Сэтгэгдэл бичих