МАН орших уу, эс орших уу
Хувь заяанд итгэх, байгалийн хуулинд найдах нь мухар сүсэгт автагдсаны шинж. Яагаад хувь заяа яриад байна гэвэл улс орны амьдралыг авч явах хариуцлагатай улстөрчид хувь заяандаа найдан гар хумхин зүгээр сууж байгаагаас. Бас ард түмнийг хувь заяанд нь даатган орхисон нь даан ч эмгэнэлтэй.
Хувь заяанд найдагчдын сонгодог жишээ бол МАН. Нэгэн зууны түүхийг бүтээж, Монгол орныг хөгжил дэвшил рүү хөтөлсөөр ирсэн түүхэн, туршлагатай улстөрийн хүчин өнөөдөр “хувь заяанд”-аа найдан, “сүр сүлд”, “хийморь” нь доройтон шалдаа буужээ. Яагаад ялагдав, юунаас болов гэдгээ шүүн тунгаахын оронд “Манай нам угаасаа УИХ-ын сонгуульд ялагдах байсан юм” хэмээн хээв нэг ярьж байна.
Орон нутгийн сонгуульд ялагдсаныхаа маргааш нь л “Манай нам сайн оролцлоо” хэмээн ичихгүй зарлаж байсныг хүмүүс санаж байгаа. Эрх барьж байсан намын эрхэм гишүүд эдгээр үгээрээ ёстой нэг “ялагдлаа ялалт” болгосон мэт. Тэд “санасныг бодоход гайгүй ялагдлаа” хэмээж өөрсдийгөө тайвшруулж байгаа ч дотроо ялагдлаа хүлээн зөвшөөрч, итгэж чадахгүй зөрчилдөж байгаа.
Гэвч бодит амьдрал дээр “ялагдаж”, “шившиг болсон”. Энэ бол үнэн. Улстөрч хүн бодит байдлыг зөв дүгнэж, хурдан шуурхай шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Гэвч МАН-ын удирдлагуудад энэ чадвар алга. Социализмын үед Монгол Улсыг удирдан чиглүүлж, аж үйлдвэржилт, хотжилт, иргэншилт гэх мэт бүтээн босголт, хөгжлийг авчирсан тэр улстөрийн хүчин зорилготой, хариуцлагатай байсан.
Тэдэнд онол, үзэл баримтлал байсан. Тэдэнд улс орныг хөгжүүлэх хөтөлбөр байсан. Мөн тэдэнд онолыг бичих, үзэл баримтлалыг нь гаргах, бодлогыг нь боловсруулах сэхээтнүүд байсан. Тэд хоосон амбицдаа хөтлөгдсөн, худал бялдуучлал, долигонуур хүмүүсээр намаа дүүргэлгүй харин улс орныхоо төлөө юм хийж чадах мэдлэг чадвартай боловсон хүчнүүдээр эгнээгээ бэхжүүлдэг байсан.
Тийм л учраас Монгол орон 1990 он гэхэд тухайн үеийн Скандиновын орнуудтай хөгжлөөрөө ижил түвшинд хүрсэн. Энэ бол үнэн түүх. Түүх нь дэндүү сайхан энэ нам сүүлийн жилүүдэд ард түмнээ ихээхэн доромжилж, итгэлийг нь алдлаа. Үүнийхээ ч горыг амсаж УИХ, орон нутгийн сонгуульд дараалан ялагдчихаад өнөөдөр яах учраа олохгүй бужигналдаж байна.
Хоёр дараалан ялагдсан ч алдаагаа “ухаарах” болоогүй нь илт. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, элгээрээ хэвтсэний дараа л бүхнийг ойлгож, ухаарах юм шиг байна. Ажил, амьдралын хат суугаагүй, маруухан боловсролтой, хүн чанарын хэлтэрхий ч байхгүй нөхдөөр өөрсдийгөө тойруулчихаад бялдуучлал, магтаал дунд мансууран суугаа нь МАН-ын удирдлагуудын хамгийн том алдаа.
Сүүлийн жилүүдэд хамгийн их шинэчлэл ярьсан нь МАН байсан. Гэхдээ л бодит шинэчлэлийг хийж чадалгүй намын нэр болон дарга нараа л сольсноос хэтэрсэнгүй. Одоо ч шинэчлэл хүлээгдсээр л. Английн Ерөнхий сайд асан Маргарет Тетчерийг намын хамтран зүтгэгчид нь Консерватив намын дарга болгох санал тавихад тэрээр эрс татгалзсан гэдэг.
Тэгэхэд намынхан нь “Та Англи орныг авармаар байгаа бол эхлээд намаа авар” хэмээн тулгажээ. Ингэж л тэрээр нийгэмд нэр хүнд нь навс унчихаад байсан Консерватив намын дарга болж, улс орноо хөл дээр нь босгосон түүхтэй. Хуучин уламжлалаа баримталдаг Английн Консерватив нам тухайн үедээ эмэгтэй хүнийг даргаараа сонгосон нь дэндүү зоригтой, шийдэмгий алхам байсан.
Шинэчлэл гэдэг дэндүү их зориг шаарддаг нь эндээс харагдана. Магадгүй, тухайн үеийн Консерватив намын удирдлагууд нь сандал ширээтэйгээ зууралдаад хоосон амбицлаад байсан бол намаа ч, улс орноо ч сүйрүүлж мэдэх байв. Харин тэдэнд улс орноо, бас намаа гэсэн сэтгэл зүрх, эр зориг байсан юм. Яг л үүнтэй адил Монгол орныг цаашид удирдан авч явъя гэсэн алсын том хүсэл байгаа бол МАН дотроо том өөрчлөлтийг зоригтой хийх шаардлагатай байна.
МАН бол Монголын түүхээс гарч ирсэн ард түмний нам. Түүхийн алдаа, оноо энэ намтай салшгүй холбоотой. Тиймээс МАН ард түмнийхээ өмнө хариуцлагатай байж өөрсдийн түүхэн үүргээ ухамсарлах учиртай. МАН-ыг одоо юу аврах вэ гэвэл мөнгө биш, харин үзэл баримтлал, сайтар боловсруулсан мөрийн хөтөлбөр. МАН-ыг ард түмэндээ ойртуулж, олон түмний дэмжлэгийг авсан хүчирхэг нам болгоё гэвэл зөв онол, үзэл баримтлал, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй.
Харамсалтай нь, МАН-д энэ бүхнийг хэлж өгөх сэхээтэн алга. Хийгээд өгөх мэдлэг чадвартай хүн ч алга. Зөвхөн МАН ч биш, эрх барьж байгаа АН ч бас мэдлэг чадвартай боловсон хүчин дээрээ тулгуурлаж улс орныг хөгжүүлэхээс биш зөвхөн мөнгөөр улс орныг хөгжүүлж чадахгүй. Мөнгөөр овоохой босгож болох байх, харин мэдлэггүйгээр хэзээ ч хот байгуулж чадахгүй.
Ер нь, улс орны амьдралыг авч явж буй улстөрчид заавал онолын мэдлэгтэй байх хэрэгтэй, бас зайлшгүй шаардлагатай. Үнэхээр онолын мэдлэггүй бол ядаж онол мэддэг чадварлаг хүмүүсийн заавар зөвлөгөөг хүлээн авч, алдаа, оноогоо зөв дүгнэж чаддаг эрдэмтэй байх ёстой. Ингэж байж л улс орон хөгждөг болохоос биш мөнгө зээлээд хөгждөггүй.
Харин ч дааж давшгүй өрөнд орж, улсаараа “гараа өргөж” ч мэднэ шүү. Эцсийн эцэст энэ хоёр нам хоёулаа мэдлэг чадвартай, хүчтэй байснаар л улс орон хөгжинө. Өнөөдөр МАН-д шинэчлэгдэх хүсэл зориг байна уу. Шинэчлэлд бэлэн үү. Шинэчлэлийг хийж чадвал өөдөлж дэвшинэ, харин хийж чадахгүй бол уруудна, устаж алга болж ч мэднэ. МАН уруудах уу, өөдлөх үү.
Салаа замын эхэнд иржээ. МАН орших уу, эс орших уу.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: