МАН-ын адис, МАХН-ын айдас
Ардын намынхан МАХН-тай нэгдэх тухай яриа газар авч эхэллээ. Энэ талаар хоёрхон мэдэгдлийг харьцуулж үзье.
Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Батболд Тусгаар тогтнолын ордонд Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчидтой уулзалт хийх үеэрээ “Одоо бид дахиад АН-ыг дундуураа гүйлгэж алдах юм бол АН-ынхны дарангуйлал төгс утгаараа тогтоно. Тиймээс МАН-ыг олонх болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол МАН, МАХН аль нь ч байхгүй болж АН-ынхан бүрэн засаглах болно. Доош нь хийж байгаа ч юм биш. Гэхдээ МАХН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид эрдэм боловсролоор дэндүү муу юм билээ. УИХ-д сууж байгаа хүмүүсийг нь харахад ч туршлагаас эхлээд учир дутагдалтай зүйл байна. Тэгэхээр энэ удаа дундуураа муур гүйлгэчихгүй шиг байя” гэжээ. Тэрбээр орон нутгийн сонгуулийн өмнө ингэж ярьсан нь 2012 оны арваннэгдүгээр сарын 14-ний хэвлэлд нийтлэгдсэн байгаа.
Үүний дараа орон нутгийн сонгуулийн санал хураалт дуусаж дүнгээ гаргахад МАН дахиад л олонх болж чадсангүй. Тэгэхээр хүссэн шигээ “муур гүйлгэхгүй” байж чадаагүй гэсэн үг. Харин өчигдөр УИХ дахь МАН-ын гишүүд ээлжит бусаар хуралдсаны дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хэрэв МАХН-ын бүлэг албан ёсоор хамтарч ажиллах хүсэлт гаргавал бид хамтарч ажиллах болно. Яагаад болохгүй гэж” хэмээсэн байх юм.
Ямартай ч өчигдрийн байдлаар “МАН-ынхан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй нэгдэж бүлэг байгуулахаар болжээ” гэсэн мэдээлэл хөвөрч, энэ нийлэмжийн талаар улс төрийн хүрээнийхэн маргаж мэтгэлцэж өнжлөө. МАН-ынхны хувьд бүлэг байгуулж өгөхийг гуйж бүтэн таван сар АН-ынхныг царайчилсан. “МАН-ын бүлэг байгуулах асуудлыг маргааш хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл удаа дараа гарч, “горьдоон” шившиг болгож дуусав. Эцэст нь Засгийн газраас гарах мэдэгдэл хийчихээд түүндээ эзэн болж чадахгүй олон нийтийн нүүрийг харж чадахгүй бүлтэгнэж буй байдлыг нь ашиглан МАХН-ынханд “азаргалах”-аар шийдсэн бололтой. Хамгийн инээдтэй нь санаачилга хэний гарт байгаа гээч. УИХ-д эвслийн ч болтугай бүлэгтэй учраас МАХН-ын гарт бий. Тийм ч учраас Ж.Энхбаяр “Хэрэв МАХН хүсвэл…” гээд санаагаа хавчуулчихав. МАН-ын хувьд Н.Энхбаярыг намаасаа хөөчихөөд, өөрийг нь шоронд хийчихээд, байгуулсан намд нь эвсэх санал тавина гэдэг гутамшиг. Иймд эвсэлтэй нэгдэж бүлэг байгуулах санаачилгад Ц.Нямдорж тэргүүтэн ихэд бухимдаж байгаа аж. Арга ч үгүй юм. Ц.Нямдорж болон түүний нөхдөд ичих шалтгаан хангалттай бий. Гэхдээ энэ бүхэн зөвхөн МАН, МАХН-ын удирдлагуудын хүрээний л асуудал.
Ер нь МАН, МАХН яагаад нэгдэж болохгүй гэж. Үүнд муу зүйл байхгүй. Тэр тусмаа дээрх хоёр намын гишүүд дэмжигчдийн хувьд ичиж эмээх шалтгаан огт үгүй. Нарийндаа МАН-ын удирдлагууд хоорондын зөрчил дээд цэгтээ хүрч Н.Энхбаярыг намаасаа хөөсөн. Н.Энхбаяр намынхаа хуучин нэрийг авч нам байгуулахад түүнийг дагах хүн хангалттай олон байсан. Хэдийгээр МАН-ынхан намынхаа хуучин нэрийг түүнд өгөхгүй гэж “шогтсон” ч хуулийн дагуу болон “бичигдээгүй хуулиуд”-ыг ашиглан Н.Энхбаяр ноёрхлоо тогтоогоод зогсохгүй УИХ-ын сонгуульд санаанд оромгүй ялалт байгуулсан. МАН, МАХН-ыг өнөөдрийг хүртэл цул хэвээрээ гэж ойлгох хүн олон бий. Тиймээс ч хоёр намын дарга нарын хоорондын зөрчил гэж харахаас бус түүнээс доош түвшнийхэнтэй тэгтлээ дайтаад байдаггүй. Хэрэв МАН, МАХН-ын ял, гавьяаг хэлэлцэх гэж байгаа бол хамтдаа л үүрэлцэнэ. Өнөөдрийг хүртэлх авлигын хана хэрэм, 20 гаруй жил төрөөс тэрбумтан төрүүлж тоглосон, улс төр, бизнесийн бүлэглэлийн “аалзны тор”, өөр юу юу ч билээ энэ бүхний эзэд нь “хаа ч цуг”.
Энэхүү нөхцөл байдал Ардчилсан намд юу авчрах бол. МАН, МАХН нэгдсэн тохиолдолд АН-д ажлаа явуулахад бүр ч амар. Сөрөг хүчин тодорхой. Засгийн газраа байгуулахын тулд “набор” хийлээ гэхэд олон нийтэд таалагдахуйц бүтэц бий болно. Тиймээс ч тэд улс төрийн тэсвэр тэвчээрийн илэрхийлэл болгож МАХН-ын “тэнэг” мэдэгдлийн талаар ганц үг ганхийгээгүй. Засгийн газраас гарах хүсэлтийг нь албан бичгээр нэхэж давчдуулаагүй. Энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Ардчилсан намынхан Засгийн газарт МАХН-МҮАН-ын эвслийг урихдаа ард түмний нийтлэг эрх ашгийн өмнөөс урьсан. Энэ бол Ардчилсан намын сонголт. Бид сонголтдоо тууштай байна” гэсэн товч хариулт өгсөн. Харин хоёр дахь удаагаа ингэж тэснэ гэвэл санасны гарз. МҮАН-ын тухайд Засгийн газраас гарах тухай МАХН-ын мэдэгдэлд цочирдсон. Тэр даруй “Энэ бол эвслийн байр суурь биш. МҮАН-ын хувьд хэзээ нэгэн цагт Засгийн газраас гардаг юмаа гэхэд шалтгаан нь нэг хүний бус нийт ард түмний эрх ашгийн асуудал л байх болно” хэмээн мэдэгдээд Засгийн газраас “зуураад” авсан.
Үнэн хэрэгтээ МҮАН-ын оршин тогтнох үндэс нь эвслийн гэрээн дэх “Эвсэл дотор МҮАН цөөнх учраас улс төрийн эрх ашиг нь хангагдаагүй тохиолдолд зөвшилцөж шийднэ” гэх заалт, Н.Алтанхуяг, М.Энхсайхан нарын нууц тохироонд л оршино. Тэгэхээр аль ч утгаараа МАХН гол асуудлыг шийдэх болж байна. Тэд шүүхээр хэрэг нь эцэслэн шийдэгдсэн намын даргынхаа эрх ашигт нийцэж ажиллана гэвэл намын нэр хүнд, УИХ, Засгийн газар дахь гишүүдээ эргэж босохооргүй эргүүлэгт унагана. Харин нөхцөл байдалд дасан зохицож МАН-тай нэгдвэл хуучин, шинэ МАХН-ынхны дунд үүссэн жавар арилж, сэтгэлийн өвчин нь илаарших юм. Ингэснээр хүчтэй сөрөг хүчин байж, УИХ-ын 2016 оны сонгуульд ялах таатай хөрс суурь буй болно.
Энэ тохиолдолд МАН-ын залуучууд Н.Энхбаярт хадгалсан өс хонзонгоор асуудалд хандаж, намаа буртаглаж буй “өвгөн партизанууд”-аасаа салах хэрэгтэй. Үеээ өнгөрөөсөн, үсээ хараар будсан тэр өвгөчүүлээс намын удирдлагын эрх мэдлийг булаахгүйгээр ялалтад хүрэх боломжгүй. Хаа сайгүй хариуцлага, хяналт, шударга ёсыг хүсэж буй энэ цаг үед МАН, МАХН-ын нэгдэл сөрөг хүчний үүргээ ч биелүүлж, улс төрийн тогтвортой байдал, намын бус ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих эрүүл эв нэгдлийн ч жишиг болж чадна. Өөрөөр хэлбэл МАН-ынхан намаасаа нэг гишүүнээ хөөж, ийм том намыг талцуулсан нүглээ наминчилж МАХН-ыг адислах цаг иржээ. МАХН-ын хувьд өнөөдөр Засгийн газраас гарах тухай яаран хийсэн мэдэгдлийнхээ төлөө олон нийтээс, сонгогчдоос “айж” байгаа. Дээр нь ялаас мулталж чадаагүйнхээ төлөө намын дарга, түүний гэр бүлийнхэн, намын гишүүд дэмжигчдээсээ эмээж буй. Үнэн хэрэгтээ МАХН аргагүйн эрхэнд МҮАН-тай эвсэж сонгуульд орсон. Эвсэл түүхэн үүргээ биелүүлж сонгуульд ялж зорилгодоо хүрсэн. Тэр ч байтугай Засгийн газарт эрх мэдэлтэй болсон нь яах аргагүй том “гавьяа”. Энэ бүхнээ зөв үнэлж дүгнээд гар барин салах цаг болсон ч байж магадгүй. Үүнээс цааш АН-МҮАН-ын нэгдэл ИЗНН-ын төлөөлөл, бие даагчид, парламентын гаднах улстөрчдөөс Засгийн газраа бүрдүүлж, МАН-МАХН нэгдэл хүчтэй сөрөг хүчин болж явахад болохгүй гэх газаргүй. Харин ч цагаа олсон нүүдэл байж дараагийн сонгуулийг дуустал улс төрийн тогтвортой нөхцөл байдал үүсэх сайн талтай юм.
У.Оргилмаа
URL: