С.Ахигуун: Зөвхөн хотын төвд бус гэр хороололд ч давс цацна
Автозамын болон явган хүний замуудын хальтиргаа гулгаа жилийн жилд нийслэлчүүдийн толгойны өвчин болдог. Сүүлийн хэдэн өдөр цас ихээр унаж, хальтиргаа гулгаа эрс нэмэгдсэн. Үүний улмаас мөргөлдөж, шүргэлцсэн автомашинууд ихсэх боллоо. Учир нь цас их унасан нь хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа дан ганц автомашин ч биш явган зорчигчид хальтиргаа гулгаанд нэрвэгдэж байна. Үйлчилгээний газрууд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Монголын цаг агаартай тохироогүй гулгамтгай хавтан шат тавьж, ойр орчмынхоо цасыг цэвэрлэдэггүйгээс үүдэн хөлдөж мөстөн хүмүүс хальтирч унаж бэртэх нь их боллоо. Нийслэлд одоогоор замын хөдөлгөөнд зориулан өдөрт 30 орчим тонн давс, бодис цацаж байгааг албаны хүмүүс цохон хэлж байлаа. Хальтиргаа гулгааны талаар иргэдийн хувьд “Хальтиргаа их байна. Унаж бэртэхээс эхлээд гэмтэх магадлал тун өндөр байна. Мөн том барилгуудын өмнүүр явахад хүндрэлтэй байна” гээд бухимдалтай байгаагаа илэрхийлж байсан юм. Тэгэхээр иргэдийн эрүүл энх, эсэн мэнд амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд хальтиргаа гулгаатай хэрхэн тэмцэж байгаа талаар албаны хүмүүсээс асууж тодруулсан юм.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуунаас автозамын хальтиргаа гулгааг хэрхэн багасгаж байгаа болон давсны нөөц хэр байгаа талаар асуулаа.
-Сүүлийн хэдэн өдөр цас ихээр унаж нийслэлийн автозамууд хальтиргаа гулгаа ихтэй байна. Үүнийг саармагжуулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ. Мөн давсны нөөцийн талаар мэдээлэл өгөөч?
-Манай ажлын хэсэг цас ихээр орсонтой холбогдуулан давс тусгай бодисуудыг дүүргүүдийн ажлын хэсгүүдэд тарааж байна. Мөн нийслэлийн Хот тохьжилтын газар хамтран хальтиргаа гулгаа арилгахаар бидэнтэй хамтран ажиллаж байна. Одоогоор 184 тонн давсны болон, 289 тонн бодисны үлдэгдэлтэй байгаа гэсэн тооцоо гаргаад байна.
-Дан ганц давс, бодис цацаад хальтиргаа гулгааг багасгахад боломж тун бага байдаг. Давс цацахаас өөр ямар, ямар арга хэмжээг авч байна вэ?
-Мэдээж давс, бодис цацахаас өөрөөр бидэнд хийж байгаа ажил одоогоор алга байна. Харин бидэнд өөр дэвшилттэй талууд гарч ирсэн. Давсыг хүрзээр цацдаг байсан бол одоо зориулалтын машин техникүүд орж ирж байна. Бид үүнийгээ ашиглаж давсыг арай илүү өргөн цар хүрээтэй, хүртээмжтэй байдлаар цацаж байна. Энэ нь автозам дээр цацагдах бодисын тархалтыг сайжруулж байгаа юм. Мөн бид дан ганц автозам гэхгүйгээр явган хүний зам руу үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Залуу зохион бүтээгч уралдаанаар шалгарсан явган хүний замын цас цэвэрлэгч түрдэг тэргийг бид ажил болгон аваад байгаа. Бид үүнийг дэмжиж цэвэрлэгээ хийдэг бүх үйлчилгээний байгууллагуудад холбож өгсөн. Энэ нь нэлээд үр дүнгээ өгч байгаа албан байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд тараан өгч тэд бидний үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна. Хуучны хүрз, цавчуур гэх мэт хөдөлмөрийн бүтээмж багатай багажуудыг бараг бүрэн мөсөн халж байна гэж ойлгож болно.
-Зөвхөн нийслэлд гэхгүйгээр хөдөө орон нутгаас орж ирж байгаа замууд болон гэр хорооллоор давс, бодис цацаж байгаа юу?
-Ерөнхийдөө хотоос гарсан тойргийн замуудыг болон 1-2, 2-3 “километрийн зайтай замуудыг Улаанбаатар зам завсар арчлалт” компани хариуцаж ажиллаж байгаа юм. Бид зөвхөн нийслэлийн автозам болон явган хүний замыг л хариуцан ажиллаж байгаа.
-Тэгэхээр гэр хорооллуудын дундах замуудад давс болон бодис цацаж байгаа юу. Эсвэл дан ганц нийслэлийн төв замуудаар цацаж байна уу?
-Урьд өмнө нь бидэнд энэ талаарх гомдол их ирдэг байсан. Харин энэ жилийн хувьд манай ажлын хэсэг гэр хорооллын замууд руу давс, бодисыг түлхүү цацаж байна. Төв замууд бол ойлгомжтой хийгдэх ёстой ажлын дагуу хийгдэж байгаа. Бидний зүгээс алслагдсан гэр хороолол, тэр дундаа гэр хорооллын шинэ замууд давс, бодисын цацалтыг хийж байна.
-Нэг удаадаа хэчнээн хэмжээний давс, бодис зарцуулдаг вэ?
-Нэг удаагийн цацалтаар нэг дүүрэг дээр 10-20 тонн давс, бодис цацаж байна. Харин их хэмжээний цас унасан тохиолдолд 30-40 тонн цацалт хийх тохиолдолд ч бий. Бага орсон тохиолдол 4-5 тонн давс, бодис цацдаг юм.
-Ер нь одоогоор давс, бодисны нөөц хэр хүрэлцээтэй гэж үзэж байгаа вэ?
-Ерөнхийдөө бид энэ сарын төгсгөл нэгдүгээр сарын дунд үе хүртэл хүрэлцээтэй гэж үзэж байгаа. Ирэх 2013 онд төсвөөр шийдүүлж нэмэгдүүлж авах төлөвлөгөөтэй байна. Цас орсон байдлаас харгалзан үзэж дүүргүүдэд тараалтыг хийдэг юм. Тухайн жилд давс, бодисын нөөцийг нөхцөл байдал, уур амьсгалдаа тохируулан нөөцөлдөг юм. Нэг дор нөөцөлчихөөд энэ жил тийм хэмжээний давс, бодис хэрэглэнэ гэсэн зүйл байхгүй тухай бүрт нь тааруулж хэсэг, хэсэг хугацаанд нь нөөцлөөд явдаг гэж ойлгож болно.
Э.Баясгалан
URL: