Эндээс суллаад ав гэсэн үү, эрх мэдлээ тавиад туучих гэв үү

Н.Энхбаяр ууртай байна. Учир нь түүний “цэргүүд” дар­гынхаа даалгаврын ньюансыг ойлгохгүй “нис­дэггүй бор морийг нь идчихээд”  ирж л дээ. Уг нь тэрбээр Засгийн газар дахь намынхаа гишүүдэд эвсэлтэй хамтраад “Н.Энхбаярыг сул­лахгүй бол Засгийн газрыг чинь ганхуулна” гэж бойкот хийгээд намайг суллаж ав гэсэн аж. Гэтэл Засгийн газ­рыг байтугай эвслээ ч хөдөлгөж дийлсэнгүй.

 

Даргаа­саа айсан гишүүд нь үтэр түргэн хэвлэлийн бага хурал зарлаж “Засгийн газраас гарна” хэмээсэн нь ямар ч амжилтад хүрээгүй. Ардчил­сан намынхан айх бай­тугай сэм баярлаж, МҮАН-ынхан хүний урманд цочсон ч үгүй. Ингээд арайхийн олж авсан сонгуулийн бяцхан ялалт, УИХ, Засгийн газар дахь байр сууриа өөрсдийн гараар устгах шахаад өнөөдөр хэв­лэлийнхнээс зугтаж яваа гишүүддээ уурлахаас яалтай вэ.

Хэрэв МАХН-ын гишүүд үнэхээр Н.Энхбаяр даргадаа хайртай байгаад, тэр итгэл үнэмшлээрээ Засгийн газраас гарах хүсэлтээ албан тоотоор МҮАН-ынхан болон Засгийн газарт хүргүүлсэн бол юу болох вэ. МҮАН-ын дарга М.Энхсайхан бол ард түмний эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавина гэсэн тайлбартайгаар АН-ынхантай тэврэлдэнэ. Энэ бол шинэ зүйл биш.

 

Харин Засгийн газар тодорхой хэмжээний болгоомжлолтой байсан. Энэ нь мөнөөх бонд. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар улс төрийн тогтвортой байдлын талаар бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчдын талаар дахин лавлаж байсан аж. Эргэлзээг тайлахын тулд МАХН-ынхны мэдэгдлийн хажуугаар “сохор, дүлий” мэт өнгөрөх нь хамгийн зөв гарц байв.

 

Ингээд хөрөнгө оруулагчдад “Таны авсан мэдээлэл ташаа байна. Монголын улс төр тогтвортой, Засгийн газрын байр суурь баттай хэвээрээ” хэмээн илт­гээд 1,5 тэрбум ам.доллараа гартаа оруулж авав. Харин дараагийн удаад ийм тоглоомын хариу арай хүчтэй тусах байх. Учир нь УИХ-д хамгийн олон суудал авч, санаачилгыг гартаа авсан АН-ынхан даргаа шоронд хориулчихсан намаас айгаад байх явдалгүй.

 

Тэдэнд М.Энхсайхан болон түүний намын “Засгийн эрх барил­цах дур хүсэл” гэдэг хүчтэй зэвсэг байна. Нөгөөтэйгүүр МАХН-ын гишүүн О.Баасанхүү “МҮАН МАХН-ыг дагах ёстой” хэмээн М.Энхсайханыг дуэльд дуудаж байгаа нь эвслийн насыг богиносгох “ашигтай тэнэг­лэл” гэхэд хилсдэхгүй. Ямартай ч энэ хоёр нам гэрээнд заасанчлан есөн жил зууралдана л гэж байхгүй.

 

Тэгэхээр МАХН-гүй Засгийн газ­рын бүтцийг одооноос зураглаж төлөвлөөд сэйфиндээ хийчихэд гэмгүй. Дараагийн удаад “Уучлаарай. Засгийн газар МАХН-аас хоёр дахиа тоглуулж чадахгүй” гэх бүрэн эрх тэдэнд бий. Харин энэ удаад жиг­тэй­хэн нигүүлсэнгүй дүр эсгэж, “Урд минь уул шиг том зорилго бий. Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр шиг тэр уул руу хөтлөлцөөд гаръя” л гээд байгаа.

Гэвч чулуу ханцуйлсан гараараа толгойг нь илээд байгааг мэдэрсэн МАХН-ынханд ажлаа хийхэд хүнд байгаа нь илтэд мэдрэгдсээр байна. Эмнэлгээс хэзээ утасдах бол гэсэн айдас, Засгийн газрын хуралдаан дээр заналтайгаар өөдөөс нь ширтэх АН-ынхнаас ичих сэтгэл  тэдэнд төрж байгаа. Дээр нь хэвлэлийн бага хуралд анхаарлаа хандуулан гайхширсан олон нийтэд МАХН-ынхан ямар тайлбар хийхээ мэдэхгүй байгаа бололтой.

 

Ямар Д.Тэрбишдагва түр­гэдлээ гэлтэй биш. Ёстой л “Бурхан ингээд тоглоом даадаггүй шүү дээ” гэдэг шиг нокаутад орлоо. Н.Энхбаярын “хуучин цэрэг”-үүд байсан бол үүнийг ямар цэвэрхэн хийх байсан бол. Бойкот хийхэд арга техник чухал. Хэдэн нүүдлийн дараах алхмыг түрүүлж харах логик сэтгэлгээ бүр ч хэрэгтэй. Энэ бүхэн шинэ намын болхи бойкотчдод аргагүй дутлаа.

Магадгүй МАХН-ынхан “Бид бойкот хийж байж ялын хугацааг 2,3 жил болгосон. Хоёр ч хэргийг нь хэрэгсэхгүй болгууллаа” гэж тайлбарлах байх. Гэвч үнэн хэрэгтээ Н.Энхбаярт хорин жил, хоёр жилийн ялгаа үгүй. Хоригдох уу, цагаатгагдах уу гэдэг л чухал байсан. Жил хасуулах, хоригдох тав тухын тухай “хар” асуудлуудаа өөрөө зохицуулчихна. Тиймээс ч хуучин хуруу, гарынхаа хүмүүс шиг санаад “бойкот хий” гэх команд өгсөн.

 

Гэтэл “урагшгүй албатууд” нь даргаа суллуулсан ч юмгүй намынхаа нэр хүндийг унагаад, М.Энхсайханд нэмэх оноо бэлэглэчихээд ирэв. Хамгийн аймшигтай нь “асар их үнээр олдсон” эрх мэдлээ тавиад туучих шахлаа. Яг тэр мөчид Н.Энхбаяр дахин яаралтай даалгавар өгч “Улс төрийн тогтвортой байдал чухал болохыг сануулж байр сууриа илэрхийлж байж хөдлөх шахсан галт тэргийг хүчээр барьж тогтоов.

Ийнхүү Н.Энхбаяргүй МАХН толгой гудайлган төр барилцах аядаж байна. Шинэчлэлийн Засгийн газарт тэд тэмцэж олсон квотоо тэнсэнтэй мэт өнгөрүүлэх болсон нь дэндүү эмгэнэлтэй. Учир нь тэдэнд Засгийн газар, УИХ дахь гишүүдээс гадна “ордын гаднах” гишүүд, дэмжигчид нь дарамт үзүүлсээр байгаа хэрэг. Үүнийг Н.Энхбаяр дарга өөрөө ч төсөөлж байгаагүй биз ээ.

Төр түүнд ингэж хандах болсон нь нэг хэрэг. Гэтэл Н.Энхбаярыг намын дарга байхаас салж хагацахгүй нөхөрлөсөн, нам, шашин хоёрыг олон жил онь холбон тэргүүлсэн хам­ба лам Д.Чойжамц хуруугаа ч хөдөл­гөсөнгүй, хурал ч хурсангүй гээд л бодчих. Яагаад гэвэл тэр МАН-ын гишүүн. Шашны тэргүүн. Түүнд хүн чанарын хэлтэрхий ч алга гэж үү.

 

Ийм л хүмүүстэй нөхөрлөж ирж, Н.Энхбаяр. Эрхбиш намын нөхөд нь Ц.Ням­дор­жийн зөгнөснөөр “бөөр рүү нь хутга шаадаг”-гүй юм аа гэхэд У.Хүрэл­сүхийн дайтай хөрвөөж, хөдөлгөж чаддаггүй баг байжээ. Нэгэн цагт өөрийнх нь хэлсэнчлэн “Н.Энхбаяр хүнээ таньдаггүй” гэдэг үнэн аж.

Тоймч У.Оргилмаа

Эх сурвалж: “Улс Төрийн Тойм”


URL:

Сэтгэгдэл бичих