Эрх чөлөөгүй ч эрх чөлөөтэй гэж эндүүрэн омгорхох энэ цагийн Монголчууд…
Эрх чөлөө… Энэ үгтэй зэрэгцэн энхийн замаар эх орондоо ардчиллыг авчирсан алтан хараацайнууд гэх үгс хөвөрнө. Дээхнэ цагт хүүхдүүд капитализмыг алгассан айхтар мундаг улсын иргэн гэх итгэл үнэмшилтэйгээр аж төрдөг байсан бол 90-ээд онд нусаа татсан жаалууд байсан өнөөгийн 30-аад насныхан ардчиллын амьд гэрч ухааны юм бодож хөөрцгөөдөг байх. Мэдээж бүгдээрээ тэгж боддоггүй байж болох ч олонх нь тэгж боддог, хэрэндээ омгорхдог гэдэгт 100 хувь итгэж болно.
За тэгээд Чингисийн удам гэж сайрхагчдын дийлэнх нь чухам л тэр үеийнхэн байх шиг санагдаад байдаг юм. Яс юман дээр Монголын нууц товчоог уншсан нь цөөхөн байхаа ч ядахгүй. Энэ бүхнийг улиглахын учир эрх чөлөөний амтыг эгэл монголчуудад авчирч амсуулсан ардчиллын 23 жилд бид юу хийчих вэ гэх асуулт төрөөд байгаад л байгаа юм.
Хүн хэдийгээр хөрстөд аж төрөх амьд бодгаль дотроо хамгийн оюунлаг нь ч хүссэн хүсээгүй цусанд дурладаг. Маргашгүй үнэн энэ асуудалтай олон хүн санал нийлдэггүй ч осол гарахад олноороо цугларсан байхаас нь шууд ажиглагддаг. Өөрөөр хэлбэл оюун ухаанаараа даран байж аж төрдөг ухамсрын мухарт угаас заяагдмал араатанлаг шинж чанар нь нуугдаж байдаг гэсэн үг л дээ. Сүүлийн үед монголчуудын энэхүү нуугдмал атлаа заяагдмал шинж чанар илүү хурцаар ажиглагдах болсон.
Арван cap тээж төрүүлсэн үрээ хогийн бункерт хийгээд одож буй эхийн сэтгэлд хүч чадалтай нь жигүүрээ дэлгэж, чадал буурайг нь хадан халилаас түлхэж орхидог шувуудын аргачлал илрээгүй гэж үү. Эс бөгөөс бяд муутайгаа бүлэглэн дээрэлхэж, тасар татан идчихэж чаддаг өчүүхэн гэх тодотголтой царцааны аяглал өнөөгийн нийгэмд үзэгдээгүй үзэгдэл гэж үү. Нэгэнтээ бурхан багш үргэлж өлсгөлөн явдаг чононд хандан, хоттой хоньтой тааралдваас хоол болох нэгийг л ид гэж хэлснийг нь мөчид сонсоод бүгдэд ам хүрдэг болсон гэдгэрхүү авирыг анзаарахгүй байна гэвэл алдас болох байлгүй.
Ядаж байхад даяаршсан ертөнцөд аж төрж буйг ч хэлэх үү. Олон улсын гэх тодотголтой байгууллагууд нь өөд уруугүй судалгаа хийж тэрэндээ манийг оролцуулчихаад жагсаалтынхаа адагт бичээд байдаг нь бас л араатанлаг шинж чинь арай л хэтрээд байна шүү, монголчуудаа гэх дохиог хангинуулаад байх шиг санагдана.
Саяхан Азийн хамгийн аюултай нийслэлээр тодорсон байна лээ, миний нийслэл. /бас л баахан араатанлаг эсвэл адгууслаг авир гэж хэлж ч болно, өмчирхөх сэтгэлийг…/ Дэлхийн дээвэр дор аж төрж буй хотууд дундаас 10-т гэж байгаа. Учир нь хүн амын тоог нь гэнэтийн золгүй байдлаар нас барсан тохиолдолтой нь харьцуулаад хэр аюултай болохыг нь тодруулдаг юм байна лээ. Иран, Ирактай мөр зэрэгцэн тууж яваа Монгол, Афганситаныг түрүүлчихсэн гээд л бодчих.
Үндсэн хуулиндаа Монгол хүн амьд явах эрхтэй гэж тунхаглачихаад эцэг хуулийнхаа заалтыг байж болох бүх хэм хэмжээг зөрчин тууж яваа гэсэн үг. Хичээлдээ яваад автын ослоор амь насаа алдаагүй, ядаж л өртөөгүй хамаатантай хүн нийслэлд байхгүй дээ байхгүй. Бас халдлага дээрэмд өртөлгүй хариад очих итгэлтэй иргэн ч цөөн. Суурин иргэншлийн бүр тодруулбал хэт төвлөрлийн буруу хэмээн гэмийг өөрийн биеэс алслуулж болох ч би ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэн хэмээн омгорхож, сэтгэл төвшин аж төрж буй нь хэд бол…
Саяхан нэг гэнэт тодорсон улстөрч мэдээж төрийн албан хаагч эрхэм ярьж байна аа, олон нийтийн телевизээр. Мань эр, манайхан өөрсдийнхөө эрх ашгийн төлөө эвсэн нэгдэж эсэргүүцэн жагсаж чаддаггүй. Тиймдээ ч төр засгийн толгойд суусан түшмэд даварч байгаа юм гэж ирээд л…
Миний санаж буйгаар тэр хэдхэн сарын өмнө төрийн өмчит үйлдвэрийн газар менежерээр ажилладаг, цайны цагаар ч гараад тухтай хооллочих эрхгүй чичирч захирлынхаа өмнө чухам л “гөлөг” царайлдаг. Цалин нь боломжийн ч эрх нь хязгаарлагдмал, илүү цаг, эрх ашиг энэ тэр гээд байвал зайлаарай гэх дагуултай ажилд орсон гэдгээ ч нуудаггүй байсан юм. Хаа нэг тааралдахаараа та нар бичээч гэх. Өөрөө хэлээч гэхээр өө тэгвэл ажилгүй болчихно гэж учирлах. Цаашлуулж ард түмэн жагсана гэнэ, нэгдэх үү гэхээр захирал мэдвэл би шууд л цагийн дотор жинхэнэ утгаараа гудамжинд гарна ш дээ гэж тайлбарладаг байсан юм. Өдгөө тэрбээр ардчиллын буянаар төрийн албанд төлгөн даргын алба хашдаг болсон.
Дарамт шахалт багассан болоод ч тэр үү, цаг үргэлж тэвдэж явдгаа больж тайван суугаад амгалан гээч хууч дэлгэдэг болсон байна лээ, ажлынхаа өрөөнд. Миний сайн мэдэх, монголчуудын олонхын хувьд шинэхэн танил тэрбээр уулзахаар очиход үүдэнд нь хүлээж суусан иргэдийг их л удаан хүлээлгээд байх шиг санагдаад, дараа ирэх үү гэж лавлатал өөдөөс, яах юм бэ сууж л байг гэж байна. Яаж байгаа нь тэр вэ, ямар амархан “феодал” зан суугаав.
Зовлонг нь мэддэг байж гэтэл ард иргэдийг амьдралаар нь барьцаалж байж л би энд удна шүү дээ. Ажлаа хаяад гарвал маргааш нь ажилгүй, Нэг өдөр талбайд нийт олонтой нэгдээд гудамжинд жагсвал орой нь хүүхэд нь хоосон уйлагнах байдлаар л жорыг нь тааруулахгүй л бол манайхан бэрх, дийлдэхгүй гэдэг байгаа. Үнэн үг. Өмнөх амьдралаа хэрхэн залгуулах вэ гэж мэгдэж яваа хүн өрөөл бусдын эрх ашиг хэзээ хаана хэрхэн зөрчигдөж буйг анзаарах сөхөөгүй байдаг юм. Зүгээр л урдах замаа ширтэн, орчин тойрноо умартан аж төрдөг. Урагшаа үхтэлээ тэмүүлдэг, мэдээж зүтгэдэг. Гэхдээ үр дүн нь даанч харамсмаар, дэндүү чамламаар бага байдаг. Ардчилсан Монголын эрх чөлөөт иргэн хэмээн хөөрөлхөх монголчуудын яг хэдэн хувь нь ийм замналаар аж төрж, шар нар бор хоногийг өнгөрөөж байгаа бол…
Аль ч өнцгөөс нь харсан олонх нь байгаа биз. Тэгэхээр бид чинь хий л хөөрч дэндүү эндүүрч бодчихоод эрх чөлөөгүй эмгэнэлтэй амьдралаа эрх чөлөөт хэмээн магтан дуулсаар яваа юм биш үү.
З.Урансүх
УЛААНБААТАР ТАЙМС
URL: