Шаардлага хангахгүй химийн бодис хадгалж байжээ

Монгол Улсын нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодис ашиглаж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Гурван сарын турш үргэлжилсэн уг шалгалтад 21 аймаг, нийслэлийн 337 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан аж.

Улсын хэмжээнд ойролцоогоор 1890 нэр төрлийн химийн бодис бүртгэгдэж, 54287.5 тн үлдэгдэл нөөцтэй байгаагаас 362 нэрийн 316 тонн хэмжээтэй чанарын шаардлага хангахгүй химийн бодис хадгалагдаж байгаа нь тогтоогдсон байна. Энэхүү шалгалтын явцад нэлээдгүй зөрчил илэрчээ. Үүнээс цухаслан хүргэвэл, шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын 49 хувь нь химийн хорт болон аюултай бодис ашиглах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй байжээ.

Мөн “Мэргэн насан”, “Хангайн хүнс”, “Тулга-Алтай”, “Ентүм”, “Говьноос”, “Ундарга-Алтай ОНӨААТҮ, “Дархан-Ус суваг”, “Эмт наран” ОНӨҮГ, “Дулаан шарын гол” ТӨХК, “Дархан Нэхий” , “Дархан Минж” , УЦУОША, “Дарханы ДЦС”, “Эрэл цементийн үйлдвэр”, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд химийн бодисын хор, аюулын лавлах мэдээлэлгүй, химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийлгээгүй, химийн бодисын ашиглалт, зарцуулалтыг зааварын дагуу бүртгэж хөтөлдөггүй байсныг тогтоосон байна.

“Бласт-Сэлэнгэ”, “Би-Эйч Эм”, “Лидер кашмир”, “Хөвсгөл геологи”, “Дөрвөн булаг-Увс”, “Эрдэнэ өлзий” компаниуд химийн хорт болон аюултай бодис ашиглах өөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулж ажиллаагүй, ашиглаж буй химийн бодисын ашиглалт зарцуулалтын тайлан мэдээг холбогдох газарт хүргүүлдэггүй байсан аж.

Түүнчлэн “Алтай”, “Хөвсгөл геологи”, “Ентүм”, Майнинг Сервизес”, “Би Эйч- Эм”, “Дархан-Ус суваг”, “Лидер кашмир” компаниудын агуулах нь агааржуулалтын системгүй, хор аюулын шинж чанарыг бичээгүй, эмх замбараагүй хамт хадгалсан болохыг илрүүлжээ.

“Дашваанжил” компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэсэн боловч байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй байв. Мөн “Аватекс-Хайнар”, “Адуунчулуун”, Таван-Эрдэнэ хоршоо, Гавшгай ус, химийн хорт болон аюултай бодисын сав, баглаа боодол нь стандартын шаардлага хангасан хаяг, шошгогүй байсан аж.

Сайшаалтай талаас илүү саар дүгнэлт нь давамгайлсан эл шалгалтыг мэргэжлийнхэн дүгнэжээ. Тухайлбал, Химийн хорт болон аюултай бодисын тухай” хууль дундажаар 62.1 хувь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 28/40/29 тоот тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам” 54, “Химийн бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөх аргачилсан заавар” 55 хувийн хэрэгжилттэй гарчээ.

Химийн хорт болон аюултай бодисыг стандартын бус агуулахад хадгалж байгаа болон химийн бодисын ашиглалт зарцуулалтын бүртгэл хөтлөлт, мэдээ тайлан туйлын хангалтгүй, эрсдлийн үнэлгээ хийлгэдэггүй нь химийн бодисыг байгаль орчинд алдагдаж, эрсдэл үүсэх нөхцөл бүрдүүлсэн гэж дүгнэсэн байна.

Үүгээр ч зогсохгүй химийн бодисын хадгалалт, хамгаалалтын горим алдагдсан, сав, баглаа боодол дээр тухайн бодисын нэр, аюулын шинж чанарыг илтгэсэн шошго хангалтгүй, химийн бодисын хор аюулын лавлах материал хөтөлдөггүй, бодисын ашиглалт, зарцуулалтын тайлан гаргадаггүй, хугацаа дууссан болон нэр нь тодорхой бус химийн бодисын устгал хийгдээгүйг харуулжээ. Технологийн болон аюулгүй ажиллагааны заавар дүрэмгүй зэрэг зөрчил дутагдал нийтлэг ажиглагдсан байна.

Б.Чанцал

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих