”Шударга” хүмүүс хэлсэн амандаа хүрсэнгүй

Ардчилсан нам цэнхэр “өнгөтэй”. МАХН-ын угшлыг нь харсан ч, үүсэл гарлыг нь хөөсөн ч “улаан” төрхтэй. Ногоон нам бол угаас ногоон. МҮАН ч ялгаагүй цэнхэр туяатай. Ийм эрээн Засгийн газар Монгол төрийн өнөө цагийн бодлогыг зангидаж буй.

    Гэтэл энэхүү “эрээн засаг” өнгөрсөн долоо хоногт эвдэрчих шахаад нэг юм тогтов бололтой. Учир нь тэд эх орны эрх ашгийн төлөө бус Н.Энхбаяр гэж хүнээс болж ийнхүү салж сарних дээрээ тулаад байгаа юм. За энэ ч яах вэ, хуучин мэдээ…
    Тэгвэл Засгаас гарах эсэхээ одоо хүртэл шийдээгүй байгаа МАХН хуучин цагийн амлалтаа бүр мартаж орхижээ. Тэд /Шударга ёс эвсэл/ өнгөрсөн УИХ-ын сонгуульд “Монголоо аврах таван хувьсгал” хэмээх хөтөлбөр дэвшүүлж өрсөлдсөн. Өөрөөр хэлбэл, энэ нь ард түмэнд өгсөн амлалт юм.
    Тус таван хувьсгалыг нь авч үзвэл монголчуудыг хамгийн түрүүнд олигархи дэглэмээс салгаж, шударга ёсыг тогтоох учиртай байв. Гэтэл өнөөдрийн байдлаар МАХН-ын хувьд лав юун олигархи дэглэмээс салгах манатай юм болж байна. Адаглаад л өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдлийнхээ үеэр уг намаас УИХ-д суудал авсан олон гишүүн “Хэлмэгдүүлэлтийг лав бид зогсоож чадахгүй юм байна” гэсэн утга бүхий үг унагасан.
    Тус эвслийн хамгийн сэтгэл хөдөлгөмөөр хийгээд хамгийн тэнэг амлалтуудын нэг хэрэгжсэн бол Тавантолгойн орд газар өдийд 100 хувь бидний мэдэлд шилжчихсэн байх ёстой байлаа. Тэдний “тэнэг” санаагаар бол өдийд монголчууд хүрз жоотуу бариад Тавантолгойн орд газрыг зорих байсан биз.
    Үнэндээ уг ордыг ард түмний мэдэлд 100 хувь шилжүүлнэ гэдэг тийм ч оновчтой шийдвэр биш. Энэ тухай ч уул уурхайн мэргэжилтнээс эхлээд улсдаа нэр нөлөөтэй эдийн засагчид өгүүлсэн нь бий. Хэрэв гай болж тэдний амлалт өнгөрсөн хугацаанд биелчихсэн бол гар хоосон ард түмэн шуудайлсан нүүрсээ Эрээн хотын наад талд аваачиж, өмд гутлаар солих гээд уртаас урт дараалал үүсгэчихсэн ч байх байсан юм билүү, хэн мэдлээ.
    Тэгэхээр энэхүү эвслийн амлалт биелээгүйд нэг талаараа талархаж болох мэт боловч улстөрийн нам, парламентад суудалтай хүчин, Засгийн газрын нэгээхэн хэсэг нь байж амлалтаа умартан амиа бодоцгоож байгааг харах нь бүр ч хэцүү юм. Ёстой л улстөрд хүнлэг чанар гэж байдаггүй гэдэг үгийн утгыг тэд жинхэнэ утгаараа тайлж байна.
    Ядахад өдийд амлалтаа хэрэгжүүлдэггүй юмаа гэхэд гэрээ хэлэлцээр хийх тухай ярьж, Тавантолгойн асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж гишүүдийг ганц нэг удаа “хэрэлдүүлчихсэн” байх ёстой байв. “Шударга” дүртнүүдийн амласан ёсоор бол шүү дээ.
    Яагаад гэвэл хэзээ ч худал хэлэхгүй “шударга” байна гэж амласан энэ хүмүүс дунд “Амлалт нэхэх ард түмний холбоо”- ны ерөнхий зохицуулагч хүртэл байгаа юм. Гэвч өнгөрсөн 100 гаруй хоногийн хугацаанд “Шударга ёс” эвслийн амлалтаас бараг л юу нь ч биелсэнгүй. Мөн юуг нь ч биелүүлье гэж тэд хөөцөлдсөнгүй. Харин ч бүр эсрэгээрээ амиа бодож, амлалтаа умартаад зугтах шийдвэрийг зарим хэсэг нь гаргачихаад байгааг юу ч гэж ойлгомоор юм, бүү мэд.
    Учир нь тэд өнгөрсөн хугацаанд эх орон биш Н.Энхбаяр даргадаа л “халамж” тавьж, яавал ямар аргаар ялгүй салгаж авах вэ гэсэн ганцхан бодол тээсээр иржээ. Энэ нь ч одооноос бүр илүүтэй илэрхий болж буйг учир мэдэх олон хүн анзаарч байгаа нь лавтай.
    Үүнээс цааш тэдний биелээгүй, биелүүлэх юмсан гэж бодоо ч үгүй олон амлалт бий. Хамгийн наад зах нь “шударга”- ууд Оюутолгойн гэрээг өөрчилж, 51 хувиас доошгүйг дотоодын талд эзэмшүүлнэ хэмээн цагаан дээр хараар бичсэн, чанга яригчаар чадал мэдэн хашгирсан удаатай.
    Гэтэл үнэн хэрэгтээ Оюутолгойн гэрээг сайн муу гээд ил цагаан зарлачих гишүүн тэдний дундаас гараагүй нь сонин. Нефть бүтээгдэхүүний огцом өсөлтөөс хамгаална гэсэн амлалт нь өнгөрсөн сард яав. Нийслэл даяар шатахуун түлшний хомсдолд орж, хөдөөгийн шатахуун түгээгүүрүүд хязгаарлалт хийж, иргэдийн уурыг бараад байхад өнөөх “шударга” сайхан хүмүүс дундаас хэн нь түлшний үнийг бууруулах тухай ярьсан юм бэ.
Д.БУЛГАН

URL:

Сэтгэгдэл бичих