Архаг блогчин буюу эх хэл эвдэгч
Монгол хэлний эвдрэл, завхралын талаар эрдэмтэд үгээ хэлж эхэллээ. Эрдэмтэд гэлтгүй эх хэлнийхээ төлөө санаа зовдог, сэтгэл зүрхтэй бүх хүн үгээ хэлж, үзгээ шүүрч байна. Гадаад үг хэллэгийн нөлөө хэрээс хэтэрсэн, нэг үгийг олон янзаар бичдэг, дуртай болгон нь өөрийнхөө дүрмийг зохиодог байдал газар авлаа. Тэд зөвхөн өөрсдийн гэсэн дүрэм зохиогоод зогсохгүй толь бичиг, сэтгүүл гаргаж бизнес хийж эхэллээ. Энэ бүхнийг журманд нь оруулж, цэгцэлж байгаа төр засаг ч гэж алга. Төрийн хэлний зөвлөл гэж байх ч тэнд нь өнөөх л хоорондоо маргалдаж, өөрийнхөө дүрмийг тулгах гэдэг эрдэмтэд нь ажиллаж байх жишээтэй. Ийм байхад яаж цэгцэнд нь оруулах билээ дээ, хөөрхий. Хэдэн эрдэмтэн цол зүүсэн хүмүүсээс давж шийдвэр гаргаж чадахгүй төртэй байна гэвэл нэг их буруудахгүй биз. Биднийг энэ мэтээр мунгинаж, эх хэлээ өөрсдөө “эвдэж” байх зуур цахим ертөнцөд шинэ “дайсан” гарч ирэв. Юун үг үсэг гээх, гээхгүй, тэр үгийг ингэж бичнэ, тэгж бичнэ гэж маргалдах. Тийм тулга тойрсон маргаан ул болж, блогч буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нөхдүүд үг үсгийг ч чөлөөтэй өөрчилж эхэллээ. Тэдэнд үг үсгийн дүрэм, Ц.Дамдинсүрэнгийн толь ямар ч хамаагүй. “Явж байгаа юм” гэдэг өгүүлбэрийг “Явжийгаан” гэж ирээд л бичиж эхлэв. Энэ мэт эх хэл эвдэх “урлаг” цахим ертөнцөд 4-5 жилийн өмнө дэлгэрч, “Гамп” гэдэг нөхөр жинхэнэ моданд оруулсан санагдана. Түүнээс хойш чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх гэсэн залуус эх хэлээ харин ч нэг чөлөөтэй “эдлэх” болов. Өнөөдөр энэ гаж үзэгдэл зүгээр нэг хэвийн зүйл болон хувирч, өвгөн эрдэмтэд “хүүхдүүд хөөрхөн тоглож л байг” гэж хэлэх нь холгүй өхөөрдөөд л. Гоё байгаа биз дээ. Тэгсэн хэр нь эх хэлний доройтол гэж олон долоон зүйл ярьсаар л. Түүнийхээ хажуугаар хамгийн гол буруутан нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гэж өндөр дуугаар зарлахыг яана. Гэтэл цаана нь “Гамп” тэргүүтэй дураараа дурлагчид шинэ урсгал нээсэн мэт бардам, тэргүүн өндөр явна. Яг үнэн хэрэг дээрээ блогчид гэж өөрсдийгөө нэрлээд, дураараа дургиж, эх хэлээрээ “наадаж” байгаа нөхдүүдийн бичсэн бичвэрийг олон залуус, хүүхдүүд уншиж байна. Тэр утгаараа эх хэлнийхээ яруу сайхныг мэдэрч, дүрмийг нь цээжлэхээсээ илүүтэй эрхэм нөхдүүдийн “чалчвар”-ыг уншиж, зөвөөсөө илүү буруу бичихэд суралцаж байгаа нь харамсалтай. Цаашид энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй бол хэдэн эрдэмтэн нь бизнес хөөж, бие биетэйгээ уралцаж явах зуур бүх залуус, хүүхдүүд чинь “Юу хийжийгаан, орой уулзийл даа” гэж бичээд, багшдаа хураалгаж байх вий дээ, та минь.
Тэр дундаа өөртөө “Гамп” нэр өгчихөөд, залууст буруу үлгэр дуурайлал үзүүлж суугаа архаг блогч буюу эх хэлийг санаатайгаар “эвдэгч” эрхэм ч гэсэн энэ талаар бодолцож үзээсэй билээ. Улс гүрнийг мөхөөе гэвэл эх хэл, түүхийг нь устгадаг тухай эрдэмтэн мэргэд, өвгөд дээдэс бичсэн байдаг. Ухваас эрт дээр цагаас манай улс руу халдан довтолж, эзлэн түрэмгийлэх гэж оролдож байсан улс тийм бодлого барьдаг байсан хэрэг. Тэгвэл эдүгээ цагийн энх тунх үед эрдэмтэн мэргэдээсээ эхлээд үзэл бодлоо илэрхийлэгч нь өөрсдөө эх хэлээ эвдэж байгаа нь гайхмаар хэрэг биш гэж үү. Бид эх хэлээ алдахгүй, мессэжний бичигтэй улс болохгүйн тулд архаг блогчдын амыг жаахан татах нь зүйтэй байх аа.
URL: