Манай дэлхий сөнөхгүй
“Дэлхийд сансрын биет, сүүлт од унана. Нибиру хэмээх гариг дэлхийг мөргөнө, гурав хоног харанхуй болж, байгалийн гамшигт үзэгдэл болно” гэх цуу яриа сүүлийн үед нийтийн дунд тархсан билээ.
Үүнд итгэгчид “Энэ аюулаас эсгий гэртэй хүн л амьд үлдэнэ. Тиймээс гэр, лаа, шүдэнзээ бэлтгэх хэрэгтэй” хэмээсэн цуу яриаг тарааж олныг тавгүйтүүлсэн. Тэр ч бүү хэл дээрх бараа бүтээгдэхүүний үнэд ч нөлөөлөөд авсан.
Харин шинжлэх ухааны үндэслэлгүй эдгээр цуу ярианд хариулт өгөхөөр цугларсан эрдэмтэд “Сансрын биет солир, сүүлт од дэлхий дээр унах юмуу наран дээр хүчтэй дэлбэрэлт болбол дэлхий сөнөж магадгүй. Гэхдээ тийм зүйл болохгүй гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Дэлхий нарнаас ирж байгаа тэсрэлтэд сөнөх боломжгүй юм. Мөн дэлхий өөрийгөө маш сайн хамгаалах агаар, цэнэг, соронзон мандлын давхаргатай байдаг” хэмээн нотолжээ.
Түүнчлэн газар хөдлөлт мэт байгалийн үзэгдэл болох ч дэлхийг сөнөөх хэмжээнд хүргэхгүй. Дэлхий өөрийгөө хэзээ ч үгүй хийхгүй. Ертөнц сөнөх тухай яриа дэлхий дахинд тархсан нь хүмүүс шинжлэх ухааны мэдлэгээр хомс байдагтай холбоотой гэжээ.
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: