Ж.Мөнхбат: ”Тусгаар тогтнол” шүлгийг хөшөөнд мөнхөлнө

МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Тусгаар тогтнолыг хамгаалах зөвлөл байгуулж байгаагаа өчигдөр албан ёсоор зарлалаа. Түүнээс шинэ байгууллагынх нь талаар тодруулсан юм.

-Танай намын залуус нэгдэж Тусгаар тогтнолоо хамгаалах зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлийнхөө талаар мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглан, ардын эрхийг дээдэлсэн энэ өдөр бид зөвлөл байгуулж буйгаа албан ёсоор зарлаж байгаа юм. Ер нь өвөг дээдсийн минь халуун амь, бүлээн цусаараа олж авсан тусгаар тогтнол гэдэг Ардчилсан Монгол Улсын хөрс суурь болж өгсөн шүү дээ. Гэтэл энэ агуу түүхийг улс төрийн зарим хүчнүүд түүхчдэд захиалга өгч гуйвуулж эхэллээ. Намууд хоорондоо өрсөлдөлгүй яах вэ. Гэхдээ түүхээр, тусгаар тогтнолоороо тоглодог, оролддог улс орон дэлхийн хаана ч байхгүй. Тиймээс бид энэ их үнэтэй тусгаар тогтнолын баярын өдөр “Би тусгаар тогтнолд хайртай” гэдэг хөдөлгөөн өрнүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

-Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол” шүлгийг хөшөөн дээр мөнхөлнө гэсэн. Санхүүжилтийг нь танай нам гаргаж байгаа юу?
-Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Пүрэвдорж агсны иргэн бүрийн зүрх сэтгэлд байдаг “Тусгаар тогтнол” гэдэг шүлгийг хөшөөнд мөнхлөх шийдвэр гаргасан. Бид хөшөөгөө намын байрныхаа өмнө ард түмнийхээ хандиваар босгоно. Тусгаар тогтнолдоо хайртай хүн бүр хувь нэмрээ оруулах боломжтой.

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих