С.Чинзориг өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшсэн хүмүүсийн маргаан өнөө хэр нь олны анхаарлын төвд байна. Учир нь СЕХ-оос МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын түр үнэмлэхийг хүчингүй болгож, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарт түр үнэмлэх олгон, УИХ-ын гишүүний тангаргийг өргүүлэх нөхцөл байдлыг хангаад байгаа билээ.

 

Уг нь МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар АН-аас нэр дэвшигчдийг олон саналаар хол хаяж, үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Энэ ч утгаараа өвөрхангайчууд өөрсдийн саналаа луйвардуулсан хэмээн жагсч байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл эл асуудал шийдэгдээгүй л байна. Өдрийн сонинд МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг ярилцлага өгөхдөө “Өрсөлдөгчөөсөө 3500-6700 хүний саналаар илүү явсан намайг хүчээр унагаж байгаа нь шударга биш.

 

Хэрэв Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөвөл ард түмэн хүссэн хүсээгүй босох байх. Надаар хэлүүлсэн, хэлүүлээгүй, манай намын дуугарсан дуугараагүй ард түмэн босно. Би ч гэсэн өөрийнхөө зүгээс шалтгаалах бүх арга хэмжээг авна. Г.Батхүү, Д.Зоригт хоёр шуналтай байж болно. Шүүхийг мөнгөөр хөдөлгөж байж магадгүй. Харин надад мөнгөөр бүхнийг хөдөлгөх чадал алга.

 

Олон түмний эрх ашгийг хамгаалъя гэсэн сэтгэл байна. Аав, ээжээс заяасан бие байна. Г.Батхүү, Д.Зоригт нар асуудлыг хүчээр шийдвэл тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлах болно. Тэд ичихгүй бол би ичихгүй. Ардчиллынхан гэж өөрсдийгөө тунхагладаг тэдний эсрэг өөрсдийнх нь аргыг хэрэглэнэ” хэмээн хэлжээ.

Ямартай ч тэрбээр өвөрхангайнхныхаа сонголтыг хамгаалахын тулд ийнхүү тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна. Харин сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар өвөрхангайчууд АН-д бус МАН-д итгэл үзүүлж, үнэмлэхүй ялалт өгч, сонголтоо баталгаажуулсан байна.

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих