Алтны ордыг ашиглахын тулд “Баян айраг”-ийнхан Завхан голоор “тахил өргөнө”

Малайзын хөрөнгө оруулалттай «Баян айраг эксплорейшн» ХХК Монголын алтны хамгийн том ордыг ашиглаж, алтыг нь авахын тулд алдарт Завхан голоор «тахил өргөх» бололтой.

Уул уурхайн олборлолтын үед хамгийн их хэрэгцээтэй зүйл нь ус. Тэгвэл Зөвхөн аймгийн Дөрвөлжин суманд олборлолт явуулахаар зэхэж буй «Баян айраг эксплорейшн» ХХК усаа шийдэж чадаагүй байна. Ингэхээр Баян айргийн ордод олборлолт эхлүүлж, хүдэр баяжуулаад эхэлбэл яах бол гэдэг асуулт гарч ирнэ. Харин энэ компанийг Дөрвөлжин сумын нутгаар амь голтой урсаж буй Завхан голоос ус татахаар төлөвлөсөн талаар нутгийн малчид ярьж байсан. Энэ ч үнэний ортой.

«Баян айраг эксплорейшн» ХХК-ийн зүгээс Эрдэнэхайрхан сумаас 30 жил ус зөөнө гэж байгаа ч энэ үнэндээ боломжгүй зүйл. Уурхайдаа хоногт 20 м.куб ус хэрэглэнэ гэж тооцоолсон байгаа. Гэтэл говийн бүсэд харьяалагддаг Эрдэнэхайрхан сумын нутагт 30 жил уул уурхайд ашиглахаар их ус байхгүй гэдгийг нутгийн малчид хэлж байна лээ. Тиймээс Баян айргийн ордоос 20 гаруйхан км-ийн зайтай урсаж буй Завхан голоос ус татах нь тодорхой болоод байгаа юм. Мэдээж, гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдэг утгаараа, зардал чирэгдлээ бодсон ч тэр, ойроос ус татаж таарна. Харин энэ бол Завхан голоороо овоглосон завханчуудын хувьд маш том заналхийлэл.

Отгонтэнгэр хайрханаас эх авч, 808 км урсдаг байсан Завхан гол Тайширын цахилгаан станц баригдсанаас хойш 500 гаруй км урсдаг болсон. Цахилгаан станц барихын тулд урсацыг нь боосноос 300 орчим км газар ширгээд байгаа. Хэзээ мөдгүй амь нь тасарчих гээд байгаа ийм голоос дахин уул уурхайд зориулж ус татаж эхэлбэл 10-аадхан жилийн дотор бүрмөсөн ширгэх биз.

2008 оноос хойш буюу өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 300 км урсац ширгэчихсэн гээд бод л доо. Тэгэхээр үндсэндээ Завхан голын хувь заяа Малайзын «Керри холдинг» группийн охин компани болох «Баян айраг эксплорейшн» ХХК- ийн гарт оржээ. Хамгийн гол нь «Керри холдинг» группийн мэдэлд Баян айргийн ордоос гадна Дундговь аймаг дахь Цагаан толгойн орд, Баруун наран- гийн коксжих нүүрсний ордууд байдаг гэх мэдээлэл . -
групп манай улсын уул уурхайн салбарт хэр гүн хумсаа шигтгэснийг илтгэж байна.

Алт, зэс, цайр, мөнгөний маш өндөр агууламжтай Баян айргийн ордод анх 1923 онд Монгол, Оросын геологичид геологийн зураглал хийж байсан гэнэ. Улмаар алтны нөөцийг 50 тонн буюу Монгол Улсын хэмжээнд хамгийн их алтны нөөцтэй орд хэмээн тодорхойлсон байдаг. Харин 2010 онд Австралийн «Хеллман ба Счофийлд» ХХК жорк гэх стандартаар нөөцийг нь баталгаажуулсан байна. Энэ тооцоогоор Баян айргийн ордын алтны хэмжээг 482 мянга, мөнгө 2.6 сая унци бол зэсийн гарц нь 151 мянган тонн хэмээн тогтоожээ.

Өчигдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг унци алт 1736 ам.доллар, мөнгө 33,3 ам.доллартай байсан. Үүнийг дундажлан тооцвол одоогийн байдлаар Малайзуудын атгачхаад байгаа Баян айргийн ордод бараг 900 сая ам.долларын үнэ бүхий алт, 90 сая ам.долларын үнэ бүхий мөнгө байна. Гэхдээ энэ бол бүдүүн тойм тооцоо гэдгийг онцлох хэрэгтэй. Хамгийн гол нь, Баян айргийн ордыг 30 жилийн хугацаатай ашиглана гэж бодохоор энэ хугацаанд алтны ханш өснө үү гэхээс буурахгүй.

Баян айргийн ордыг ашиглах бэлтгэл ажлаа хангаж байгаа «Баян айраг эксплорейшн» ХХК 70 метрийн гүнээс хүдэр олборлож, алт, зэсийг нь баяжуулах аж. Үүний дараа хоёр ил уурхай нээж, жилд 2.5 сая шоо метр хөрс хуулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ жилд нэг сая тонн хүдэр баяжуулж уусмалын аргаар алт ялган авч, 60 мянган унци алт олборлосонтой тэнцэхүйц мөнгөний хүдэр боловсруулах ажээ.

«Баян айраг эксплорейшн» ХХК-ийг ашигт малтмалын хайгуул хийх зорилгоор 2002 оны тавдугаар сарын 15-нд үүсгэн байгуулж байжээ. Улмаар 2006 онд бүртгэлийнхээ гэрчилгээг сунгуулж, 2008 онд гүйцэтгэх захирлаар нь Yew Wah Lip гэгчийг томилж байсан аж.

Манай сурвалжлах хэсэг «Баян айраг эксплорейшн» ХХК-ийн хариуцсан мэргэжилтнүүдээс хагас, хугас мэдээлэл авсан болоод гарсан юм. Уурхайгаас урагш 10 орчим км давхиад компанийн ус татдаг гүний худаг дээр ирэхэд нутгийн малчид малаа услах гээд ид бужигнаж байв.

Малчдын зүгээс «Баян айраг эксплорейшн» ХХК- ийн талаар бөөн гомдол ярьж байсан. Хаа газрын малчид, нутгийн иргэд газар нутгийг нь сэндийчээд эхлэхээр дургүйлэхдэг л дээ. Гэхдээ энэ нутгийн малчдын гомдол арай өөр, арай бодитой байна лээ.

Үргэлжлэл бий

Б.Даваахүү

ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих