Гар цайлгах нь буруу гэж үү?
Гэмтэл согог сэргээн засах төв. Үүд хаалга, өнцөг булан, шат гудам нь хүмүүсийн хөлд дарагджээ. Байнга ийм байдгийг, сүүлийн үед байдал улам хүндэрсээр байгааг олон нийт андахгүй. Царайд нь гайхаш алдарч, горьдлого дагуулсан өнгө аяс илэрч, дүнсийсэн хүмүүс, хэсэг бусгаараа аминчирхан шивэр авир ярилцана.
-Мэс засал… Түрүүч нь дөнгөж дуусахад дараачийнх нь залгаад л… Мөн ч айхавтар хүнд хэцүү ажил юм даа.
Манай хүүгийнх амжилттай болсон гэнээ. Алтан гартай, атгаснаа алдаж, тавьдагтүй эмч, сувилагч энэ хүмүүсийн халуун сэтгэлийн илч, хичээнгүй нямбай нарийн ажлын үр шим аврал хайрлахын эх нь тэр буй заа. Ер нь ч хайрласаар л байдаг шүү дээ. Сайн сайханд эргэлзэх явдал үгүй итгэж байна даа гэх өвөгжөөр хүний үг өөрийн эрхгүй анхаарал татав.
Том хүү нь, гучин хэдэн насны залуу, ослын улмаас гэмтжээ. Тэр нь асар хүнд мэс засал хийлгэсэн нь амжилттай болсонд тэр буурлын дотор онгойж, санаа уужраад байгаа аж. Гурван эмч, гурван сувилагч хэдэн цагийн турш нүд цавчих ч чөлөөгүй хичээж, чухам л улайж, зүтгэж байж, үхэл гэх аюулаас хүүг минь булааж авлаа. Одоо дараагийнхаа хүнийг аврахаар үхлийн элчтэй хүч үзэж, өрсөлдөж тэмцэж, булаалдаж байгаа даа зайлуул.
Үхэл амьдралын заагт өвчилж, шаналж байгаа нэгнийг аврахаар эрдэм мэдлэг ухаан бодлоо дайчлахын зэрэгцээ, эргэн тойрныг нь нөмөрч, аврал эрэн бүлтэлзэж, аргаа барж, учраа олж ядан байгаа ар гэрийнхэн, төрөл төрөгсдийн сэтгэлд хуралдсан айдас хүйдсийг мэдэрч, хуваалцан буй эмч, сувилагч нарын санаа сэтгэл ямар хүчир дарамтад байгааг зүйрлэж хэлэх үг олдохгүй юм. Бас өөрийн нь эрүүл мэнд, ар гэрийн нь амьдрап ахуй, авдаг цалин нь хэд билээ гэхчилэн бодмоор, тунгаамаар юм нэн олон.
-Эмч хүн өөрөө үхлийн өмнө очсон ч эмчлүүлж байгаа хүнийхээ амийг аврахын төлөө чаддаг бүхнээ хийх ёстой гэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн соёрхолт Ж.Хайруула докторын хэлсэн үг энэ эгзэгтэй агшинд өөрийн эрхгүй санаанд орж байлаа. Баярласан сэтгэлийн илэрхийлэл болгож, эмч нарт нь тус бүр 100 мянга, сувилагчдад нь 20 мянгаар гар цайлгав.
Ахиухан өгөхийг бодсон ч тийм жишиг тогтчихсон юм шиг санагдахаар нь “авлига” гэж сүйд болох болов уу гэж, цэрвэхдээ чадсангүй. Алтан амины төлөөсөнд хэдэн төгрөг юу юм бэ. Гэхдээ гар цайлгаж чадахгүй хэчнээн байгаа бол гэхээс сэтгэл өвдөх юм. Түүний энэ үг хүмүүст олон зүйлийг бодуулав бололтой. Өөр өөрийнхөө ухааныг уралдуулж, дотор хүнтэйгээ шивнэлдэн байх шиг.
-Гар хараад хөдөлж өгдөггүй гэсэн үг хааяа чих цохих нь буй. Олны дунд өдрийн од мэт ховор боловч тийм явдал байхыг үгүйсгэх аргагүй. Энэ тухай яриад эхэлмэгц, хүн гэх оюун ухаант амьд эрдэнэ, үнэлж гүйцэшгүй эрхэм баялгийг хамгаалагч эмнэлгийн ажилтны халуун сэтгэл, чин зүтгэл, уйгагүй бүтээлч хөдөлмөрийн ур чадвар, үр өгөөжийг бодьтойгоор үнэлэх арга ухаан дутаж байгаа юм биш биз гэсэн бодол санаанд бууна. Мэдээж гap цайлгах, улмаар авлигадахыг дэвргэн өөгшүүлэх бодлын илэрхийлэл огтхон ч биш юм.
Харин зөвхөн гар цайлгапт төдий биш, энэ салбарынханд сэтгэл хөдөлгөж, идэвх оргилуулж, урам хөгжөөм сонирхол татаж, үйл хэрэгт нөлөөлөхүйц урамшууллын хөшүүрэг хэрэгтэй юм биш биз. Үүний тулд хориод жилийн түүхтэй ч үр дүн, ач тус нь төдийлөн эс мэдрэгдэж, үл харагдан буй “Эрүүл мэндийн даатгал”-ын тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгоё.
Түүндээ суурилан Төрийн захиргааны төв байгууллага /ЭМЯ/-аас, Үйлдвэрчний Эвлэл зэрэг ажил хэргийн уялдаатай төрийн бус байгууллагын идэвхтэй бүтээлч оролцоотойгоор хамтран боловсруулж, сэтгэл зүй сонирхол таашаалд нь нийцсэн дүрэм, журам, жишиг тогтоон баталгаажуулсан урамшууллын өвөрмөц арга, хэлбэр хэрэгтэй болжээ.
Бурууд нүд хурц гэсэн үг буй. “Эрүүл мэндийн үйлчилгээнд ээлж өнгөрөөж, оромдох хандлага газар авч, ажил хэргийн нь үр дүн, гал унтраах хүрээнд эргэлдэх боллоо” гэсэн үг “тийм ч биз, үгүй ч биз” гэгчээр сонсдох болов. Учир шалтгааны нь зангилаа эмнэлгийн байгууллагын хүчин чадал, боломж, нөөцөөс үүдэлтэйг хүмүүс тэр болгон эс ойлгож, тунгаадаггүйтэй холбоотой ч эмч, эмнэлгийн ажилтан нарын сэтгэл дутдаг тал ч бий.
Өмнө өгүүлсэн гар цайлгапт ч ийм байдлаас эх ундаргатай байж болохыг үгүйсгэх аргагүй. Үйлчлүүлж, баярлаж, талархсан хэн ч бай, өөрийн сонгосон янз бүрийн арга хэлбэрээр бодол сэтгэлээ илэрхийлэх нь буй. Тийм явдалд хорио цээр, хязгаар хэмжээ тогтоох хэрэггүй биз.
Харин тэрхүү баярлап, талархлыг, эрхтэн, дархтны хэтэвч зузаалах хэрэглүүр болгочихгүйн тулд бүртгэл, хяналттай ил тод болгож, олон нийтийн, ялангуяа, тухайн байгууллагын хамт олны идэвхтэй, бүтээлч оролцоотойгоор даган мөрдөж, хэрэгжүүлэх урамшууллын хөшүүрэг, арга хэлбэрийг ажил дүгнэх үндсэн үзүүлэлтийн нэг болгох нь зүй гэлтэй.
Ахмад настан , сэтгүүлч С.Ерөөлсүрэн
URL: