“Барилга байшингийн зохион байгуулалт нь хүртэл хүнд суртал, төөрөгдөл чирэгдэл ханхлуулсан хэвээр байж болохгүй”

Засгийн газраас иргэдэд түгээмэл үйлчилгээ үзүүлдэг салбаруудын үйл ажиллагааг илүү нээлттэй, үр өгөөжтэй болгохоор тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Уг ажлын хүрээнд яамдын ажил байдалтай биечлэн танилцаж байгааЕрөнхий сайд Н.Алтанхуягбарилга, хот байгуулалтын салбарт тулгамдсан асуудалд шийдэл гаргаж, богино хугацаанд үр дүнд хүрэх арга хэмжээ авахаар Барилга, хот байгуулалтын яаманд ажиллалаа.

 

Тус салбарт шийдлээ хүлээж буй олон асуудал бий. Тэдгээрээс иргэдийн амьжиргааны нөхцөлд тохируулан орон сууцны барилгын нэр төрлийг нэмэх, барилгыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулдаг дэвшилтэт технологиудыг өргөн нэвтрүүлэх, дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, орон сууцны урт хугацаатай зээлийн тогтолцоог шинэчлэх, бүх аймгийг орон сууцжуулах, хот болгон хөгжүүлэх, сумын төвүүдийг шинэчлэх гэсэн үндсэн зорилтуудыг Засгийн газраас тавин ажиллаж байгааг Н.Алтанхуяг сайд уулзалтын эхэнд онцолсон юм. Эдгээр ажил эцсийн дүндээ иргэдэд л өгөөжөө өгөх ёстойг чухалчилсан Засгийн газрын тэргүүн шинэчлэх бодлого төлөвлөлтийг БХБЯ боломжийн хэмжээнд хийж буйг хэлээд, иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх хэд хэдэн алхам байгааг тодорхойллоо.

Нэгдүгээрт, “Барилгын салбарт хийхээр төлөвлөөд байгаа шинэчлэл, бүтээн байгуулалтыг хийхэд зөв төлөвлөлт, чанартай суурь тавьж өгөх хэрэгтэй. Гэтэл манайд сайн төлөвлөлт хийдэг хэчнээн мэргэжилтэн, байгууллага байгаа, тэдний хийсэн ажлын хэд нь шаардлага хангаж байгаа нь тодорхой бус байна. Хамгийн ойрын жишээ хэлэхэд л Улаанбаатар хотын төлөвлөлт хийх дотоодын компани байхгүйгээс Японы мэргэжилтнүүд бүтэн хоёр жил ажиллаж байж нийслэлийн төлөвлөлтийг УИХ-д танилцуулж байна. Дотоодын мэргэжилтнүүдийн ажилласан Алтанбулагийн чөлөөт бүсийн төлөвлөлт шаардлага хангахгүй байгаа. Ийм жишээнээс харахад энэ салбарын боловсон хүчний байдалд санаа зовохоос аргагүй байна” гэдгийг Ерөнхий сайд нэн тэргүүнд чухалчиллаа.

 

Хоёрдугаарт, яаралтай шийдвэрлэх ёстой асуудал бол барилгын зургийн чанар. Дотоодын хамгийн сайн мэргэжилтнүүдийн гараар хийсэн Замын-Үүд, Гашуунсухайтын хилийн боомтуудын барилгын зураг бүтээн байгуулалтын шатандаа бөөн асуудал гацаа үүсгэсээр байгаагаас харахад энэ салбарын хүчин чадал бас л чамлахаар байгаа юм. Барилгын зургийг сайн гаргахгүй бол аймгийн төвүүдийг хот болгох бүтээн байгуулалтын ажил шууд унана. 21 аймгийн барилгын зургийг 21 компаниар хийлгэвэл ямар үр дүн гарах бол гэдэгт санаа зовж байгаагаа ч Засгийн газрын тэргүүн хэллээ. Түүнчлэн, “Төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсаар буй өнөөгийн байдлыг өөрчлөх ажлыг зураг төслийн шатнаас эхлэх ёстой. Манайд тогтсон муу жишээнээс дахиад хэлэхэд, 960 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг нэг газарт 2 тэрбумаар, нөгөөд нь 4 тэрбумаар барьж байна. Зураг төслийн ажилд тогтсон норм стандарт байхгүй учраас ингэж хариуцлагагүй ханддаг гэж би дүгнэсэн. Тиймээс нэн даруй жишиг стандарт тогтоомоор байна. Мөн төөрдөг байшингийн зураг гаргадаг хуучин сэтгэлгээг өөрчилмөөр байна. Ардчилсан нийгмийн үед иргэнд хүргэх үйлчилгээний стандарт огт өөр түвшинд оччихоод байхад үйлчилгээний байгууллагуудын барилга байшингийн зохион байгуулалт нь хүртэл хүнд суртал, төөрөгдөл чирэгдэл ханхлуулсан хэвээр байж таарахгүй” гэлээ.

 

 

Гуравдугаарт, Улаанбаатар хот болон 21 аймагт өрнөх бүтээн байгуулалтын суурь зохицуулалт болох дэд бүтцийн төлөвлөлтийг анхаарлын гадуур орхиж болохгүй байгааг Ерөнхий сайд салбарынханд анхаарууллаа. Өнөөгийн жишиг мөн л өөрчлөлт шаардаж байгааг зүүн аймгуудад ажиллах үеэрээ олон жишээнээс харснаа онцолсон. Дорнод аймагт залууст зориулсан гэх хотхон нь өндөр орлоготой өрхүүдэд зориулсан хаус маягтай, тэгээд дээр нь дэд бүтцээ шийдэхэд төсвөөс 4 тэрбум төгрөг хүссэн. Мөн Хэнтий аймагт иргэдийг орон сууцжуулахаар барилгууд барьж байгаа ч дэд бүтцээ орхигдуулсан байсан зэргээс харахад манайд энэ салбарын ажил мөн л гацаа түгжээ үүсгэх тогтолцоотой явааг харуулж байна гэдгийг салбарын хүмүүст сануулсан юм. Саарын хажуугаар сайн жишээ байгаа нь Сүхбаатар аймагт эхлээд буй бүтээн байгуулалтын ажил гэдгийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн тодотгоод, нэгдсэн журмаар дэд бүтцийг нь шийдэж, 15 сая орчим төгрөгөөр иргэдээ орон сууцтай болгохоор ажиллаж буй энэ туршлагыг бусад аймагт нэвтрүүлэх бодлого чиглэлийг санал болгосон.

 

Дөрөвдүгээрт, иргэдийн амьжиргаанд тохирсон хямд орон сууцны нэр төрлийг олшруулах, иргэдийн нэхэж буй 6 хувийн хүүтэй зээл олголтын ажлыг гацаанаас гаргах бодлогоо маш яаралтай хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд салбарын яаманд даалгалаа. Санхүүгийн схем гаргаагүй, сайн бодлого төлөвлөлт хийгээгүйгээс одоо зогсоод байгаа бага хүүтэй зээл олголтыг оновчтой шийдэх нь маш чухал байгаа юм. Нийт 131 мянган айлын орон сууц барихаар төлөвлөлт хийсэн ч 60 мянга нь огт эхлээгүй, ирэх онд 19,3 мянган айлын орон сууц ашиглалтад орох тооцоотой байгаагийн 8400 нь л урт хугацаатай зээлд хамрагдах боломжтой байгаа аж. Энэ асуудлыг богино хугацаанд иргэдэд ашигтайгаар шийдэхийг БХБЯ-ныханд үүрэг болголоо.

 

БХБЯ-ны хариуцан ажиллах нэг чухал шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь орон сууцны үнийг тогтвортой байлгах бодлого, үйл ажиллагаа юм. Орон сууцны үнэд гол нөлөөтэй барилгын материалын үнийг өсгөхгүй байхын тулд дотоодын үйлдвэрүүд шинээр байгуулах шаардлагатай байна. Манайд түүхий эдийн нөөц нь байгаа цемент, арматур, шил, дулаалгын материал гэх мэтийн үйлдвэрийг аль аймагт ямар хүчин чадалтайгаар шинээр барих, барилга барих хугацааг богиносгох ямар дэвшилтэт материал, түүхий эдийг гаднаас хэр хэмжээгээр оруулж ирэх гэх мэт тодорхой судалгаа мэдээлэл яаралтай гаргаж өгөхийг салбарынханд мөн үүрэг болголоо. Хугацаа шаарддаг, улирлын чанартай хийгддэг шавар цемент гэх мэт уламжлалт технологиудаас гадна орчин үеийн дэвшилтэт технологи, материалыг барилгын салбарт өргөн нэвтрүүлж, ингэснээр барилга барих хугацааг богиносгох, бүх улиралд бүтээн босголт үргэлжилдэг байлгах зохицуулалтуудыг ч нэн даруй нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа салбарынханд дуулгасан. Аймгуудад барих битүү зах, спортын цогцолбор гэх мэтийн барилгуудыг богино хугацаанд босгох шаардлагатай учир орчин үеийн дэвшилтэт материалын үйлдвэрлэлийг ч Засгийн газраас дэмжихээ илэрхийллээ.

 

 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайдын онцолсон бас нэг асуудал бол орон сууцны талаар баримталж буй бодлогын шинэчлэлээ сайн боловсруулан ойлгомжтой томъёолж иргэдэд хүргэх тухай байв. Төр, хувийн хэвшил, иргэний тус тусын хариуцах ажил, үүрэг чиглэлийг тодорхой хэлж, эдийн засгийн болон эрүүгийн хариуцлагыг хяналтын шатныхан хамт хүлээдэг байх гэх мэт норм стандарт, дүрэм журмын зохицуулалт шаардсан ажлуудаа багцаар нь шинэчлэхдээ иргэний үзэл бодлыг сайн сонсч тусгахыг зөвлөлөө. Мөн иргэдийн амь амьжиргаа, аюулгүй байдлыг сахин хамгаалах ёстой яамд хүртэл үндсэн ажлаасаа илүү барилга байшингийн асуудал ярьдаг болсныг Ерөнхий сайд шүүмжилж, бүх салбарын барилгын ажлыг БХБЯ хариуцаж авах ёстойг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих