Дөчин нэгэн чулууны мэргэ

Далны мэргэ, есөн зоосны мэргэ эл хоёр мэргийн тухай та бүхэн товчхон ойлгож авсан байх аа. Монголчууд бусад ард түмнийг бодвол уул ус байгаль дэлхийтэйгээ харилцан шүтэлцэж амьдардаг ард түмэн. Тэнгэр газар, лус савдгийг холбосон дөчин нэгэн чулууны мэргэ нь нийт монголчуудын дунд өргөн дэлгэр тархаж, уламжлагдан ирсэн оюуны өв юмаа. Хорголын чинээ /цөмдөг самрын дайтай/ чулууг өндөр уул нурууны хяр, хээр тал, гол мөрний уснаас авсан 41 чулуугаар төлгө тавина. Мэргэлэх чулууг цэвэр газар, голоос түүж бэлтгэхийг эрхэмлэнэ. Түүсэн чулууг сүүнд эсвэл цэвэр усаар угааж арц буюу агь гангаар утаж хэрэглэнэ. Чулуу эзэмшигч нь чулуугаа цэвэр байлгаж зөөлөн даавуу чулууны ууттай болох нь зүйтэй.

Дөчин нэгэн чулуугаар мэргэлэх нь: Зөв гартаа 41 чулуугаа атгаад мэргэлэх зүйлээ шившиж (ингэхдээ ухаан бодлоо төвлөрүүлэх нь чухал) хавтгай ширээн дээр 41 чулуугаа нэг овоо мэт болгоод түүнийгээ 3 хэсэг болгон хуваана. 1- 2- 3
Хуваасан гурван хэсэгээ баруун гар талын /3/ хэсгээс дөрөв дөрвөөр тасдан авч үдсэн чулууг дээш өрнө. Дараа нь дунд талын /2/ хэсэг чулууг мөн адил дөрөв дөрвөөр тасдан авч үлдсэн чулууг дээш тавина, мөн зүүн гар талын /1/ хэсгийг мөн адил тасдан өрнө. Ингээд таны мэргийн толгой буюу 1-р эгнээ бий боллоо.                          Толгой эгнээ 1- 2- 3
Одоо та дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болгоод дахин гурван хэсэг болгон хуваана. / хувааж байхдаа тоолохгүй багцаагаар хуваана/ дээрхтэй адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд сав буюу 2-р эгнээ бий боллоо. Сав эгнээ 4- 5- 6
Мөн дахиж дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болоод дахин гурван хэсэг болгон хуваагаад дээрх хоёртой адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд хөл буюу 3-р эгнээ бий боллоо. Дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуу мэргэнд орохгүй. Хөл эгнээ 7- 8- 9
           Ингээд та 9 нүд бүхий 3 эгнээ чулуугаа байрлуулан дууслаа. 9 нүдэнд байгаа 3 болон 4-өөрөө байгаа чулуунаас 2-ыг хасна. Үүний дараа тайлж унших нь чухал.
Дөчин нэгэн чулууны үндсэн тайлбар: Эгнээгээр нь:
толгой 1-2- 3 босоо эгнээ 3,6,9 нь таны өөрийн тал
сав 4- 5- 6 2 нүд нь хэлтэй эсэх, 5 нүд нь
баяртай эсэх,
хөл 7- 8- 9 8 нүд нь саадтай эсэх,
босоо эгнээ 1,4,7 хүний тал гэж уншина.
Нүдний тайлбар…
· Өөрийн талын толгойд /3 нүдэнд/ нэг чулуу буувал таны толгой сэргэлэн ухаалаг байна, 2 чулуу буувал таны толгойд бодол байна гэж хэлнэ. / тасалсан нүд бүрт нэг юм уу, хоёр чулуу л байна./
· Өөрийн талын саванд /6 нүдэнд/ нэг чулуу буувал таны савнаас гарсан байна, хоёр чулуу буувал таны савнаас гараагүй байна. Мөн өөрийн талын баяртай эсэхийг заана.
· Өөрийн талын хөлд /9 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна гэж үзнэ.
· Хүний талын толгойд /1 нүдэнд/ нэг чулуу буувал айл бодолгүй байна, хоёр чулуу буувал бодол байна гэж хэлнэ.
· Хүний талын саванд /4 нүдэнд/ нэг чулуу буувал айлын саванд байна, хоёр чулуу буувал айл хоосон байна. Мөн айлын сав нэг чулуу буувал баяргүй, хоёр чулуу баяртай байгааг заана.
· Хүний талын хөлд /7 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна.
· Хэлтэй эсэх /2 нүдэнд/ нэг чулуу буувал хэл сураг ирэхгүй, хоёр чулуу буувал хэл ирнэ гэж хэлнэ.
· Баяртай эсэх /5 нүдэнд/ нэг чулуу буувал баяргүй байна, хоёр чулуу буувал баяртай байна гэж хэлнэ.
· Саадтай эсэх /8 нүдэнд/ нэг чулуу буувал саадгүй, хоёр чулуу буувал саадтай байна гэж хэлнэ. Үндсэн тайлбаруудыг сайтар уншиж ойлгож аваарай.

 


URL:

Сэтгэгдэл бичих