“Шинэчлэлийн” гэх том малгайтай Засгийн газрын хийсэн ажлыг хар -Ардчилсан намын сонгуулиас хойш хийсэн 10 том шинэчлэл-
УИХ-ын сонгууль өнгөрснөөс хойш багагүй хугацаа өнгөрч,өдгөө орон нутгийн сонгууль хаалга тогшиж байхад бид ер нь юу хийж бүтээв гэсэн бодол хэний ч санаанд бууж байгаа биз. Сонгуулиас хойшхи хэдэн сард бидний амьдралд чухам юу өөрчлөгдөв гэдэгт хариулт өгөхөд тун бэрх. Юуны өмнө бид сонгуулиас хойш нэг сарын хугацаа өнгөрч байж долдугаар сарын 24-ний өдөр Ардын намын 25 гишүүнгүйгээр хууль бусаар УИХ-ын анхдугаар чуулган хуралдуулж, хууль бус УИХ-ын даргатай болсон нь сонгууль дууссаны дараах Ардчилсан намын хамгийн эхний ажил байлаа. Дараа нь буюу наймдугаар сарын 8-нд УИХ дахь байнгын хороодыг олон зуун мянган иргэдийн итгэл сэтгэлийг өвөртөлж УИХ-д сонгогдсон 25 гишүүнгүйгээр, тэдэнд ямар ч хамааралгүйгээр байгуулав. Байнгын хороодыг өөрсдийн талд байгуулснаар аль ч байнгын хорооны хуралдаанаар орж байгаа асуудлыг олонхийн хүчээр шийддэг болсон нь Ардчилсан намын хоёр дахь том ажил. Нэгэнтээ УИХ-ын байнгын хороодыг мэдэлдээ оруулсан нөхдүүдийн гурав дахь том ажил нь Засгийн газраа бүрдүүлэх байв. Засгийн газраа бүрдүүлэх ажил хамтарч байгаа “Шударга ёс” эвсэлтэйгээ гэхээсээ илүү Ардчилсан намын фракцуудын үл ойлголцлоор нэг хэсэг өрнөсөн. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас эхлээд бусдынхаа картыг сугалан зугтааж, сайд болох хүсэлтээ өвөрмөцөөр илэрхийлэгчид ч олширсон юм. “Шударга ёс” эвслээс Сангийн сайдад горилогчийг хүлээж авахгүй гэх мэтээр бөөн хөл хөдөлгөөн болж байж Засгийн газар “Шинэчлэлийн” хэмээх малгайн дор наймдугаар сарын 17-ны өдөр байгуулагдлаа. Энэ хугацаанд Н.Алтанхуягийн үүдэнд цүнх дүүрэн мөнгө барьсан, бариагүй сайдад горилогчдын урт дараалал үүсч юун засгийн ажилтай манатай болов. Албан тушаалын амтат бялууг аль фракцад яаж хуваарилахыг л ярьж суусаар төрийн ажлаа орхигдуулах нь тэр. Тэр ч бүү хэл УИХ-ын сонгуульд илт давуу ялагдал хүлээсэн “архи үйлдвэрлэгч” Г.Батхүү хүртэл Засгийн газарт орохоор дайрч, бүтэл муутай болохоор нь хөрөнгө оруулдаг телевизээрээ Н.Алтанхуяг болон намынхаа нөхдийг баахан муулж бухимдлаа тайлав. Энэ мэт ажил олныг хийсэн санагдаж байна. Юутай ч тэд Засгийн газрын гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь УИХ-ын гаднаас байна гэсэн Ерөнхийлөгчийнхөө айлдварыг үл ойшоов, Ерөнхийлөгч нь ч үл тоов. Арга ч үгүй шүүх засаглалыг гартаа хийсэн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч маань Монгол Улсын гэхээсээ илүүтэй Ардчилсан намын Ерөнхийлөгч гэмээр ажиллаж байгааг ард түмэн бэлхнээ харж буй.
Ингээд малгай нь томдсон хүн шиг Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан даруй төрийн үйл ажиллагааг ард түмэнд нээлттэй болгоно хэмээн хэвлэл мэдээллээр рекламдахаас эхлээд багагүй ажил өрнөснийг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Тодруулбал, “Энэ Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүст хагас бүтэн сайн, ээлжийн амралт гэж байхгүй” хэмээн хэвлэл мэдээллээр бишгүйдээ л нэг ярьсан нь дөрөв дэх том ажил. Тэдний хувьд шүү дээ. Гэтэл энэ нь зүгээр л хэлбэр төдий л ажил байлаа.
Ийнхүү фракцуудын тулаан, ил далд тохироон дунд Засгийн газар бүрдэж байхад ард олон “Засгийн газар бүрдэж байна. Одоо л нэг ажил хийх нь дээ” гэтэл дараагийн төлөвлөгөөт ажил эхэлсэн. Яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох гэж Ерөнхий сайдын үүдэнд мөн л урт дараалал үүсгэсэн нь түүнд шинэчлэл хийх цаг зав огт өгсөнгүй. УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлээс эхлээд яаж хоосон хоцрох вэ гээд дайрсан хүмүүсийн шахалт шантааж Н.Алтанхуягийн ажлыг хийлгээгүй нь үнэн ч цаагуураа улс орны ажлыг чөдөрлөсөн юм. Бас л уйтай дуутай төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо ил далд тулаанаар үргэлжилж байж есдүгээр сарын 5-ны өдөр үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон нь тэдний тав дахь том ажил. Үүнтэй дөрөө харшуулан УИХ дахь дэд хороодын дарга нарыг наймдугаар сарын 30-ны өдөр томилсон бол УИХ-ын дэд даргыг наймдугаар сарын 17-ны өдөр томилсон нь тэдний зургаа, долдугаар ажлууд.
Ийнхүү өмнөх Засгийн газрыг задалж, бялуу хуваах маягаар 16 яам болгож, фракцуудын дайнаас арай гэж мултартал дэд сайдуудын томилгоо нэг сар орчим үргэлжилсэн. Тэдний найм дахь томоохон ажил нь аанай л фракцуудын тулаанаар ид өрнөж, дэд сайд болох хүсэлтэй хүмүүсийн урт дараалал Н.Алтанхуяг сайдын үүдийг нэг сар орчим дарсан учраас тэр бас л шинэчлэлээ хийж чадаагүй. Нулимс, баяр хөөртэй дэд сайдын томилгоо есдүгээр сарын 7-ны өдөр өндөрлөж, хөөр баяраа багтааж ядсан хэсэг нөхөд ширээ сандлаа олоогүй шахам явж байхад залгуулаад агентлаг газрын дарга нарын томилгоо эхлэв. Энэ бол тэдний ес дэх ажил. Сайдууд, дэд сайдууд, төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо хийх гэж үндсэндээ хоёр сарын хугацааг зарцуулсан. Харин өнгөрөгч есдүгээр сарын 23-наас агентлаг газрын дарга нарын эхний ээлжийн томилгоо буюу тэдний 10 дахь ажил явагдаж эхлээд буй. Харин аравдугаар сар гарсаар хоёрдугаар ээлжийн томилгоо буюу 11 дэх ажил эхэлнэ. Тиймээс аанай л агентлаг газрын дарга болох хүсэлтэй хүмүүсийн урт дараалал Ерөнхий сайдын үүдэнд үүсээд байгааг эх сурвалж хэлж байгаа. Энэ бол өнгөрсөн хугацаанд болон одоо бидний хийж байгаа ажил. Эцэс төгсгөлгүй халаа сэлгээ, томилгооны ажилтайгаа Н.Алтанхуяг өнөөдрийг хүртэл зууралдсаар байна. Юуны шинэчлэл, өөрчлөлт, ажилтай, орлоготой иргэд вэ. Н.Алтанхуягийн томилгооны ажил ч дуусаагүй байхад түүний томилсон яам агентлагийн сайд дарга нар бүтцийн өөрчлөлт хийж, мөн л халаа сэлгээний ажил өрнүүлж байна. Тухайлбал, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн шинэхэн дарга, Ерөнхий сайдын унаган найз Г.Энхтайван ажлаа авснаас хойш 15 хүн халж гудамжинд гаргасан. Халаа сэлгээ, томилгооны ажилтай зууралдаж байтал орон нутгийн сонгууль өвөл цагтай хатуухан ирэх нь. Тиймээс орон нутгийн сонгуульд шүүх эрх мэдлээр далайлган оролцох гэж байгаа Ардчилсан намынхан орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан тойрогтоо мөн л ийм халаа сэлгээ, томилгооны ажил хийнэ. Энэ ажил ирэх оныг дуустал лавтай үргэлжилнэ. Бидний өнгөрөгч хэдэн сард хийсэн ажил гэвэл ердөө л энэ. Цаашид хийх ажил ч тодорхой байна. Хамгийн гол нь эдгээр халаа сэлгээ, томилгооны ар талд жирийн иргэд буюу төрийн жинхэнэ албан хаагчдын эрх ашиг хөндөгдөж, тэдний ар гэр гэр хохирч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн амын талаас илүү хувь нь Ардчилсан намын хууль бус үйл ажиллагааны горыг амсаад байна.
С.Өлзийт
URL: