Хүүхэд залуучуудад зориулагдсан байгууламжуудыг зориулалтаар нь ашиглая.

Ахмадууд “Паркаа аваръя” хөдөлгөөнийг дэмжиж, хэвлэлийн бага хурал хийлээ. Сүүлийн өдрүүдэд манай улсад хүүхэд залуучуудад зориулагдсан байгууламж байхгүй байна, хүүхэд залуучуудад чөлөөт цагаа өнгөрөөх газар олдохоо болилоо гэж яригдах болсон. Гэвч бид байгаа юмаа бас мэддэггүй бололтой.

Өмнөх нийгмийн үед залуучууд сайн дураараа, өөрсдийн хүч хөдөлмөрөөр, хөрөнгө хуримтлуулах замаар босгож бүтээсэн хүүхэд залуучуудын байгууллага олон байдаг хэдий ч харин өнөөдөр эдгээр байгууламжийг хүүхдийн төлөө ашиглахгүй байгааг энэ өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тухайн үеийн Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн ахмад гишүүд санаа зовнин хэлж байсан юм.

Тэд мөн паркийн асуудлыг ч хурцаар хөндөж, Монголын Залуучуудын Холбооноос хүүхэд, залуучуудын соёл, спортын байгууламжуудыг эргүүлэн зориулалтаар нь ашиглуулах талаар явуулж буй бодлогыг дэмжин “Паркаа аваръя” хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлсэн юм. 20-иод жил хүүхдийн паркийн даргаар ажилласан Т.Бавуудорж гуай хэлэхдээ “Хүүхдийн парк 13 000 мянга гаруй мод буттай, 16 га газарт үндсэндээ ногоон байгууламжтай, хүүхэд залуучуудын чөлөөт цагт зориулагдсан 46 объект үйл ажиллагаа явуулдаг ийм байсан. 2005 оноос өөрчлөлт оруулсан хэдий ч гол нь энэ газрыг хүүхдийн төлөө ашиглахгүй байгаад ахмадууд бид санаа зовниж байна” гэдгээ хэлж байлаа. Ийнхүү ахмадууд маань паркийн газрыг хүүхэд залуучуудад эзэмшүүлэх зорилготой “Паркаа аваръя” хөдөлгөөнд нэгдлээ. Тэд энэ асуудлыг яриад орхихгүй цаашдаа ч өөрсдийн гар бие, хүч хөдөлмөрөөрөө бүтээсэн барилга байгууламжууддаа хүүхэд залуучууд бужигнаж байхыг харахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юмаа.


URL:

Сэтгэгдэл бичих