С.Батболд: Одоо МАН, МАХН дахиад АН-ыг дундуураа гүйлгээд алдах юм бол АН-ынхны дарангуйлал төгс утгаараа тогтоно
Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн С.Батболд Мягмар гарагт Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзжээ.
Энэ үеэрээ тэрээр 2012 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна. Түүний үзэж буйгаар МАН-ын ялагдлын учир шалтгаан намынхаа нэрийг өөрчилж, МАН хэмээх уугуул нэрээ сэргээлгэсний дараа Дээд шүүх МАХН нэрийг Н.Энхбаяр тэргүүтэнд өгсөнөөс үүдэж, намынх нь гишүүд, дэмжигчдийн санал хуваагдсантай холбоотой ажээ. МАН-ын удирдлага УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа мэргэжлийн тандалт судалгаа хийлгэсэн байна. Судалгааны дүнд МАН хуваагдаж, МАХН буй болсон нь бодитой болох нь нотлогджээ. Жишээлбэл : Зарим аймаг, дүүрэгт нийт сонгогчдын санал МАН-МАХН 60:40 байхад заримд нь 70:30-ын харьцаатай байсан гэнэ.
Ерөнхий сайд асан С.Батболд энэ тухай : “Одоо энэ МАХН-ынхан АН-тай хамтраад л явж байна. Үнэндээ тэд Ардчилсан намын бодлогод баригдаад энэ намыг бүр мөсөн тарааж бутаргах зорилгод нь автаад л явж байна. Тэдний тооцоо энэ хоёр намыг талцуулж саналыг нь хуваагаад дундуур нь өөрсдөө гарч ирэх тооцоотой байгаа нь тодорхой. УИХ-ын сонгуулиар энэ арга барил нь нотлогдсон учраас түүнийгээ дахин давтагдах сонирхол их байх шиг байна. Одоо бид дахиад АН-ыг дундуураа гүйлгээд алдах юм бол АН-ынхны дарангуйлал төгс утгаараа тогтоно. Тиймээс энэ удаа саналаа аль болох хуваахгүйгээр МАН-ыг олонхи болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол МАН МАХН-ын аль нь ч байхгүй болж, АН-ынхан гарч ирж бүрэн засаглах болно. Доош нь хийж байгаа юм биш. Гэхдээ МАХН-аас Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид эрдэм боловсролоор дэндүү муу юм билээ. УИХ-д сууж байгаа хүмүүсийг нь ч харахад туршлагаас эхлүүлээд учир дутагдалтай зүйл их байна. Тэгэхээр энэ удаа дундуураа муур гүйлгэчихгүй шиг байя. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН- ын гишүүд, дэмжигч нэг бүрийн санал чухал байгаа шүү” хэмээн өгүүлжээ.
МАН-ын удирдлага цаашид хоёр хуваагдан, саналаа хуваах байдлаар ямарваа сонгуульд оролцохын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах байр суурьтай байгаа гэнэ.
Э.Мягмардорж
URL: