Эзэн хааны балраагүй түүх
Бөртэ чино, Гоо маралын удам хэмээгдэх Монголчууд бид хэдэн зуун дамжин эл үүслээ ярьсаар өдийг хүрчээ. Харин өнөөдөр бидний тэмдэглэж буй “Төрсөн өдөр”-ийн баярын эзэн Их эзэн Чингис хааны язгуур Бөртэ чино, Гоо марал.
Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ.
Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал болно.
Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ.
Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байжээ.
Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ.
Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоо түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн.
Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ. Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Тэмүжинд Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
Чингис хаан 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.
Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.
Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.
URL: