”Цэвэр агаар” төслөөс мөнгө завшигчид хоригдож эхлэв

-”Цэвэр агаар” төсөлд Баянзүрх дүүргийн долоон хорооны 13 мянган айл өрх хамрагдах ёстой байжээ -
Мянганы сорилтын сангаас манай улсад томоохон төсөл хэрэгжүүлдэг. Түүний нэг нь “Цэвэр агаар” төсөл юм. Гэтэл “Цэвэр агаар” төслөөс Баянзүрх дүүргийн засаг дарга Б.Батзориг болон нэр бүхий хороон дарга нар “Хас” банкны ажилчидтай нийлж мөнгө завшсан юм. Одоо энэ хэргийг Нийслэлийн прокурорын газар шалгаж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан зарим хүмүүсийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Хэргийг сануулбал, Баянзүрх дүүргийн хороон дарга нар “Хас” банкны ажилчидтай нийлж мөнгө завшсан. Өөрөөр хэлбэл хороон дарга нар оршин суугчдын иргэний үнэмлэхийг хураан авч хуулбарлажээ.

Тэрхүү хуурамч материалаа бүрдүүлэн “Сэлбэ дулаан” ХХК-д өгч тэд “Хас” банкны ажилчид¬тай хамтран мөнгө завших ажлаа гүйцэтгэжээ. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газраас мөрдөн шалгах ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Ингэхэд Баянзүрх дүүрэгт 120 гаруй иргэний бичиг баримтыг ашиглан “Цэвэр агаар” төслийн мөнгөнөөс 66 орчим сая төгрөгийг завшсан болох нь эхний ээлжинд тодорчээ. Түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан “Сэлбэ дулаан” ХХК-ийн захирал Г.Мөнхтогтох, тус дүүр¬гийн XXI хорооны дарга н.Атар нарыг шалгаж байцаалт авчээ.

Уг нь Баянзүрх дүүрэг дэх салбар хороо нь “Цэвэр агаар” төслийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулах зорилгоор Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах “Үндэсний хороо”-ноос гаргасан үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн ажиллах ёстой байжээ. Тодруулбал, Нийс¬лэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гарсан холбогдох дээд газрын тогтоол шийдвэрийг хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нараар дамжуулан ажиллах ёстой юм байна. Ингэхдээ Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй сайжруулсан бүрэн шаталттай зуух, гэрийн дулаалга, цонх зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хангах ажлыг тус дүүргийн хязгаарлалтын бүсэд орсон II, IV, V, XIX, XXI, XXII, XVII хороодод амьдардаг 13 мянга гаруй айл өрхүүдэд төслийн зуух болон дулаалгыг тараах ёстой байж. Тодруулбал, гэрийн дулаалгыг 2065 өрхөд, үүдний пин /гох/-ыг 768 өрхөд, эрчим хүчний хэмнэлттэй зуухыг 12873 өрхөд хөнгөлөлттэй үнээр өгөх ёстой байжээ.

Харин Нийслэлийн Агаарын чанарын албанаас “Хас” банкинд бүртгэгдсэн айл өр¬хөд эрчим хүчний хэм¬нэлттэй бүтээгдэхүүн авсан болон хэрэглэж байгаа эсэхэд тухай бүрт нь тулгалт шалгалтыг хийж байх ёстой аж. Гэвч тэд газар дээр нь очиж бодит байдалтай танилцаагүй хороон дарга нар болон “Хас” банкны хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримтыг үзээд итгээд л өнгөрсөн байна. Түүнчлэн хязгаарлалтын бүсийн хороодын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагаа маш тодорхой дэс дараалалтай явагддаг байна. Энэ нь төслийн мөнгөнөөс завших зорилготой этгээдүүдийн шуналыг хөдөлгөсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Хязгаарлалтын бүсэд орсон хороодын иргэдийн бүртгэл Монголын мянганы сорилтын санд ордог байна. Тус сан бүртгэгдсэн өрхийн мэдээллийг төлбөр тооны асуудал хариуцсан “Хас” банкинд хүргүүлнэ.

“Хас” банкнаас цааш нь хороо бүрт байрлах бүтээгдэхүүний захиалга авах Мянганы сорилтын сангийн “Гэр цэг”-т очно. Тус “Гэр цэг”-ээс иргэн өөрийн биеэр мэдээллээ шүүлгэн “Хас” банктай гэрээ байгуулж бүтээгдэхүүнээ захиалдаг байна. Түүнчлэн захиалсан бүтээгдэхүүнийг долоогоос 14 хоногийн дотор иргэдэд нийлүүлэгчээр сонгогдсон компаниуд хүргэж, угсарч өгөх ёстой юм байна.

Ингээд л хороон дарга нар “Сэлбэ дулаан” ХХК, “Хас” банкны ажилчидтай хамтран мөнгө завшжээ. “Цэвэр агаар” төслийн мөнгөнөөс 66 орчим сая төгрөгийг завшсан хэмээн үзэж буй дээрх нэр бүхий иргэдийг хорьж байцаалт авч эхэлсэн бөгөөд удахгүй Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэхэд ойрхон байгаа аж. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэргийн цаад эзэд нь удахгүй тодрох аж. Түүнчлэн “Цэвэр агаар” төслийн мөнгөнөөс мөнгө завшаагүй хэмээн гүрийгээд байгаа Баянзүрх дүүргийн засаг дарга Б.Батзориг болон “Хас” банкны нөлөө бүхий дарга нар энэ хэрэгт холбоотой тэднийг ч мөн шалгаж байгаа ажээ.

Л.Алтанхиишиг

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих