Их мөнгөнд хоргодсон дипломатууд эх орноосоо зугатааж байна

Монгол улс хэмээх тусгаар тогносон бүрэн эрхт улсыг харийн газар төлөөлж суугаа Элчин, консулууд эх орондоо ирэхгүй хэмээн  зугатааж байгаа тухай хачирхалтай мэдээлэл чих дэлсэх болсоор удав. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэсэн үг бий. Гэвч албан тушаал, эрх мэдлийг авсан шигээ өгч сураагүй элчин сайдууд, консулуудаас болоод өнөөдөр Монгол төрийн нэр хүнд, гадаад харилцаа газарт уначихаад байгааг өнөөдөр сануулах хэрэгтэй болох нь.
Улс орныхоо төлөө ажиллахаар томилолт авсан эрхэм элчин сайд, консулууд гадаадад биеэ эмчлүүлэхээр явсан гэж өөрсдийгөө ойлгодог бололтой. БНСУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд гэхэд өвчин тусчихаад өндийж ч чадахгүй байгаа бололтой. Солонгос Монгол хоёрын хооронд ердөө л хоср цаг ниснэ. Гэвч тус улсад байгаа Монголын Элчин сайдын яамны ажилтан  Ж.Шишмишиг, Д.Жаргалсайхан гэгч нөхдүүд өвчтэй гэдэг шалтгаанаар өдий хүртэл эргэж ирэхээс татгалзаж байна. Худалдаа эдийн засгийн  зөвлөх  Ж.Шишмишиг, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Жаргалсайхан нарын хугацаа  2012 оны дөрөвдүгээр  сард дууссан боловч одоо хүртэл өвчтэй,биеэ эмчлүүлж байна гээд ирдэггүй аж. Москвад суугаа дэд консул Л.Бямбацогт бас л янз бүрийн шалтаг тоочин хугацаагаа сунгуулжээ.Тэдний оронд  томилогдсон хүмүүс  баахан хүлээж, явж чадалгүй аргаа бараад өөр орон руу явах томилолт авсан сурагтай.
Иркутск хотод суугаа Ерөнхий консул А.Баатарцогтыг дуудсан боловч  тэрбээр бас л эх орондоо ирэхээс татгалзаж, баахан хэл ам хийж, хугацаагаа зургаан  сараар сунгуулсан гэнэ. Тэгвэл Улаан-Үүд хотод Ерөнхий консулаар сууж байгаа  Л.Жавзмаа бас л эх орондоо ирэхээс татгалзаж, “ Би өвчтэй байна. Биеээ эмчилүүлж  байгаа” гэдэг шалтаг тоочжээ. Ер гадаад яаманд хариуцлагагүйн зуд гаарч дипломатууд дуртай цагтаа ирж очдог болсон юм байх.  Нэгэнт элчин сайд, консулын албыг авсан хүн хүн нь өгдөггүй, буцаагаад авч чаддаггүй юм бол хуулиндаа өөрчлөлт оруулаад “Дипломат ажилтанг хугацаагүй томилоно” гэдэг заалт оруулах хэрэгтэй болох нь.
Эх орноосоо зугатааж байгаа дипломат ажилчид их мөнгөндөө хоргодоод байна
Ийм хардлага газар сайгүй бий болчихоод байна. Буцаж ирэхээс татгалзаж, өвчтэй гэдэг нэр зүүж байгаа манай дипломатуудын цаана визтэй, мөнгөтэй холбоотой асуудал ч байгаа гэнэ. Тиймээс үүнийг хуулийн дагуу шалгуулах цаг нь ч болсон бололтой. Элчин сайд, консул, дипломат ажилтнууд тухайн орны иргэд, тэнд суугаа монгол иргэдтэй хамтран виз,урилгын ченж хийгээд сууж байдаг нь нууц биш болсон тухай тухайн оронд суугаа монгол иргэд,зарим шудрага дипломатууд нь ярьж толгой сэгсэрч суух юм.
БНСУ-д  дахь Монголын ЭСЯ-ны консулын хэлтсийн дарга асан Лхагваагийн хүүхэд Л.Тулга гэгч залуу Солонгост компани байгуулж, байр сууцтай болчихсон,визний асуудал зохицуулан, их хэмжээний мөнгө олдог гэсэн мэдээлэл ирээд байна.  Лхагваа дарга ч мөн өөрөө Монголд Солонгосын виз гаргадаг компани байгуулчихсан ажиллаж байгаа гэнэ.  Үүнээс гадна Бээжин,Хөх хот,Эрээнд  байрлах Монголын ЭСЯ,консулын газруудын дипломат ажилтанууд мөн л  1-2 өвөр монгол хүнийг дороо ажиллуулан хятад иргэдийн визний материалыг бөөнөөр нь  авч, тэдэнд өндөр үнээр яаралтай виз гаргаж өгөх нэрээр  мөнгө олж суудаг болж. Монголын дипломатууд бизний наймаа хамтран хийдэг Өвөр монголчуудыгаа “морь” гээд нэрлэчихсэн. Гадуур явахдаа  өнөөх “морьд”-оороо орчуулга хийлгэдэг. Монголоос ирсэн хүмүүст үйлчлүүлэх,орчуулга хийлгэх зэргээр визнээс гадна давхар мөнгө олцгоодог, ашгаа хуваадаг юм байх.
Улаан-Үд хотод дахь Монголын Ерөнхий консул  н.Заяат гэдэг тэнд хараар ажиллаж байсан залууг туслахаараа ажилд авчээ. Улаан-Үдэд арваад жил ажиллаж байгаа  энэ залуу үндсэндээ консулын визний асуудлыг зохицуулдаг,жуулчны компаниутай хамтарч виз дамлан зарж,  хөрөнгөжиж байгаа, монгол иргэдээ муулж, матаж дипломат ажилтанууддаа нэр хүнд олдог.

Өөрөөр нь визээ дамжуулж аваагүй гадаадын дарамтлаж виз  олгохгүй байх зэрэг хүндрэл учруулдаг.  Архи ууж, консул дотор халамцуу явдаг, консулийн  хоёр өрөө байранд хөнгөлтэй үнээр амьдардаг тухай мэдээлэл мөн ирээд байна. Түүний талаар байнга гомдол гардаг ч Улаан-Үдийн Ерөнхий консул Л.Жавзмаа энэ нөхрийг  цээжээрээ хамгаалж суудаг гэнэ. Тэр ч бүү хэл саяхан виз хууль бусаар олгож мөнгө авсан сөхөгдөж, ажлаас нь халах гэсэн ч хамгаалаад өнгөрчээ. Ер нь Улаан-Үдэд визийн туслах гэж  байх ямар ч шаардлагагүй байхад энэ нөхрийг  ажилтай байлгахын тулд энэ орон тоог гаргаж  ирж ажиллуулж байгаа гэнэ.  Үүнээс гадна Ерөнхий консул Л.Жавзмаа Булганы гаралтай нэгэн хүүхнийг  тогоочоор ажилд авчээ. Гэвч тэрбээр нөхрийнхөө хамт консулийн газар дээр байнга архи ууж согтуу явж байдаг тухай хэл ам гараад байна.
Өнөөдөр Монгол төрийн ууган яамдын нэг Гадаад харилцааны яам үндсэндээ уналтанд ороод байна. ГХЯ-ны  төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Цогтсайхан гэгч нөхөр юу хийхээ мэдэхгүй сул доройгоороо дуудуулсан хүн сууж байна.  Шинэхэн сайд Лу. Болд  өдөр өнжилгүй шахам гадаадад аялж, зугаалж, байнга л томилолт нэрээр нисдэг, хэсдэг л ажил хийх болов. Лу.Болд сайд Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газрууддынхаа шинэчлэл,бүтэц зохион байгуулалтаа  хийх ч завгүй зугаалж байна. Ер нь Гадаад яаманд Хууль зүйн сайд Х. Тэмүүжин,ЦЕГ-ын дарга Д.Билигт нар шиг зоригтой өөрчлөлт,шинэчлэлт үгүйлэгдээд байгааг анхаарах цаг болжээ.

Эх сурвалж: Шударга.мн


URL:

Сэтгэгдэл бичих