Автобус нэг компаний ажилчид ажил хаялтаа зогсоолоо
Автобус нэг компаний ажилчид 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өглөө үйлчилгээнд гарсангүй. Компаний ажилчид удирдлагуудтай үл ойлголцох байдал үүссэн тул Нийслэлийн нийтийн тээврийн газар, Монголын тээвэр холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон том оврын автобус компанийн ажилтны төлөөллүүд асуудлыг шийдвэрлэхээр хуралдаж зөвшилцөлд хүрчээ.
Энэ тухай бид Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Ч.Наранцэцэгээс тодруулахад, Өнөөдөр өглөө 06:00 цагт тус компаний ажилчид нэгдсэн зохион байгуулалтанд орж бүх нийтээрээ ажил хаяжээ. Тэд, нэг цагийн орлогын даалгавар /төлөвлөгөө/ өндөр байна, ажлын ачаалал ихтэй ч цалин нэмэгдэхгүй байна, хөдөлгөөний сахилга батын хариуцлага тооцохдоо давхардуулж арга хэмжээ авч байна, жолоочийн гэнэтийн ослын даатгалд хамрагддаг ч үр дүн муу байна гэсэн үндсэн дөрвөн шаардлагыг тавьж байна.
Тэгээд энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд Автобус нэг компаний захирал Г.Төмөрбаатарыг ажлаас нь огцоруулахыг шаардаж байна гэлээ. Мөн ийм нөхцөл байдал үүссэн нь цэвэр тухайн компаний дотоод зохион байгуулалт, удирдлага ажилчдын үл ойлголцлоос үүдэлтэй гэж бид дүгнэж байна. Тэдний хүсэлтээр асуудлыг тэр дор нь шийдвэрлэж болохгүй.
Яагаад гэвэл, Автобус нэг компани нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас эдгээр асуудлыг цогцоор нь үе шаттайгаар шийдвэрлэх ёстой юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Барилга, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, энэ уулзалтаар тэдний шаардлагыг хүлээн авч, зохих арга хэмжээг авах болно гээд, Автобус нэг компаний захирал Г.Төмөрбаатарт хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдсэн гэв. Одоо тус компаний ажилчид цагийн хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлсэн гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: