Ургасан модныхоо тоог мэдээлдэг болъё

Манай нийт газар нутгийн 10 хүрэхгүй хувь нь ойтой. Энэ үзүүлэлтээрээ ой модоор хомс орны тоонд манай улс ордог. Дэлхийн дулаарал, бидний зүй бус үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр гол горхи, нуур цөөрөм олноор ширгэж, хуурайшилт цөлжилт жилээс жилд нэмэгдэж, газар нутгийн 70 орчим хувь нь цөлжилтийн байдалд ороод байна.

 

Судалгаанаас харахад газрын гадаргын чийг хомсдож манай орны 14430 гол горхиос хуурайшилт, хүний зүй бус үйлдлээс болж 3129 нь тасарч газар доогуур шурган, 3747 нуур цөөрмийн 1182 нь ширгэсэн гэх дүн мэдээ бий. Хуурайшилтаас болж сул шороон шуурга ихэсч, өөрийн орноос халин зэргэлдээх Азийн улс орнуудад хүрсэн тухай яригдах болов.

 

Хятад, Солонгос, Япон зэрэг оронд тохиолдож буй шороон шуурганы 9.8 хувь нь эх газрын Монголоос гаралтай гэж хэвлэл мэдээллээр яригдсан удаатай. Мод ургамал тарьж хөрсний гадаргын болон гүний усаа зүй зохистой зөв ашиглаж байж хуурайшилт цөлжилтийг багасгана. Мал сүргийн тоо толгой өсөхийн зэрэгцээ бэлчээрийн даац хэтэрч хүрэлцээ нь багаслаа.

 

Дээр нь газрын доорхи эрдэс баялгаа ашиглахдаа эхнээс нь нөхөн сэргээлтийг орхигдуулснаас малын бэлчээр, ундны усны хүрэлцээ муудав. Хүн ам, мал сүргийнхээ тоотой харьцуулахад манай улс харьцангуй их газар нутагтай, хэзээ ч нутаг бэлчээрийн хомсдол тохиолдохгүй мэтээр ярьж сэтгэсээр ирсэн. Гэтэл байдал эсрэгээр ажиглагдах болов.

 

Цөлжилтөөс сэргийлж Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүр хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнөж чамлахааргүй тооны мод тарьсан. Үүний чухам хэд нь ургаж ойн нөхөн сэргэлтэд хэрхэн ахиц гарч буй нь тодорхой бус байна. Харин өчнөөн төчнөөн мод суулгац тарилаа гэсэн тоо олон удаа сонсогдовч ургасан нь хэд вэ гэх мэдээлэл бага байна.

 

Зөвхөн Богд хан ууланд л гэхэд одоогоос хэдэн жилийн өмнө албан байгууллага, сургуулиуд хамт олноороо сая мод тарьсан тухай хэвлэл мэдээллээр мөн ч сүртэй сурталчилж байсан. Тэгээд таг чиг болов. Тарьсан модноос ургасан нь хэд вэ гэдэг нь чухал. Тарьсныгаа мэдээлэлгүй яахав. Ургасныг нь орхиж болохгүй. Ойн сан маань хэдий хэр нэмэгдэж байна вэ.

 

Хотын төвд мод тарьж суулгаад дийлэнхийг нь хатаачихдаг шигээ энэ тухай мэдээлэхээс эмээгээд байна уу. Ийм асуултууд зүй ёсоор гарч байна. Ой модны аж үйлдвэрийн салбар бие даасан салбар байхад ойн сэргэлтэд туслах зорилгоор хүлэмжинд үрслүүлж ургуулаад ойд шилжүүлэн суулгадаг, ургасныг нь ойн санд бүртгэж шилжүүлдэг байв.
Ер нь нийслэлчүүдэд ой мод, цэвэр байгаль орчин юу юунаас чухал. Утаа, шороо тоосоор амьсгалдаг, дийлэнх нь амьсгалын замын өвчлөлттэй нийслэлчүүдэд 530 мянган га-гаар тогтоон хамгаалж байдаг /үүнээс 266.9 мянган га-г ой эзэлдэг/ хот орчмын ногоон бүсийн ой мод, байгаль орчин цэвэр ариун байх нь бидний эрүүл мэндэд ашигтай.

 

Гэтэл нийслэлийн ногоон бүсийн горим журмыг зөрчиж нийслэлийн эргэн тойронд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй ихээхэн талбайг хамран ой мод, булаг шанд, гол горхины эхэнд тулгаж хашаа байшин барьж байгаагаас горхи булаг бохирдон ширгэж, ой мод нь барилгын хаягдал хог цаасаар дүүрч, ан амьтан, жигүүртэн хүртэл дайжих болов.

 

Байгалийн цэвэр ариунаас хүртэж тохь тухтай амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ. Харин хэт амиа бодож ойн захаас 200 метрээс дотогш барилга байшин барихыг хориглосон Ойн тухай хуулийг зөрчиж, бүр модон дотор зуслангийн байшин барьдаг болжээ. Энэ нь ой захаасаа байгалийн аясаар нөхөн тэлж ургахад саад болж байна.

 

Үүнийг хүмүүсийн ухамсаргүй үйл ажиллагаа, байгальтай харьцах соёл дутагдаж байгаатай холбож тайлбарлахаас өөр аргагүй. Байгаль орчноо ариун тансаг байлгаж хайрлан хамгаалж байх аваас байгаль дэлхий бидэнд үргэлж өгөөж хишгээ хүртээж байдаг билээ. Байгаль газар нутагтаа хайхрамжгүй хандсанаа наминчилж, мод тарин ургуулж хуурайшилт цөлжилтийг хязгаарлая.
С.Агваанжамба
/Байгаль орчны тэргүүний ажилтан/


URL:

Сэтгэгдэл бичих