Завгүй хөдөлмөрлөж, сэтгэлээр өөдрөг гэгээлэг явбал хөгшрөхгүй

Одоогоос таван жилийн өмнө “Баргажин 2007” наадам зохиогдсоныг хүмүүс санаж байгаа. Энэхүү арга хэмжээнд оролцогсдоос хамгийн өндөр настай нь С.Лхамжав гэдэг эмээ байлаа. Үүх түүх, угсаа гарал нь чамгүй сонирхол татсан учир зориуд цаг гаргаж хөөцөлдлөө. Сургийг нь төвөггүй гаргаж холбоо бариад ярилцлага авах зорилгоо хэлбэл дуртайяа зөвшөөрсөн юм. Хэдийнэ 90 насны босгыг давсан гэхэд яриа хөөрөө, алхаа гишгээндээ түүртсэн шинж ер алга. Байнга л инээмсэглэх нь хөнгөн шингэнийг нь илтгэнэ. Магадгүй урт наслаж, удаан жаргаж буйн нууц нь энэ инээмсэглэлд ч байж болох.

-Сайхан хаваржиж байна уу, Лхамжав гуай. Бие тэнхээ сайн уу?

-Сайн сайн. Эмээ нь дажгүй сайхан байна. Сая цагаан сараар зөндөө олон хүн ирж золголоо. Санасныг бодвол нэг их ядарсангүй.

 -Таныг барга хүн гэж сонссон. Энэ түүх намтраасаа ярьж болох уу?

-Угсаа гарлын хувьд гэвэл би барга ястан. Миний аав, ээж хувьсгалаас өмнө Манлайбаатар Дамдинсүрэнг даган Монгол нутагт орж ирсэн юм. Би Олноо өргөгдсөний наймдугаар оны хаврын эхэн сард Сэцэн хан аймгийн Таван харуулын нутаг, одоогийн энэ Дорнод аймгийн Гурванзагал сумын Шажинхурах гэдэг газар төрсөн хүн шүүдээ. Аав маань Гурванзагал сумын анхны дарга байсан. Даанч намайг 20 нас ч хүрээгүй байхад хилс хэргээр цаазалчихсан.

С.Лхамжав гуай ингэж хэлээд “Дорнодын барга ястан” хэмээх номонд буй аавынхаа зураг бүхий товч намтрыг үзүүлэв. Ширвээ сахалтай, шийдэмгий эрэмгий дүр төрхтэй Харангууд Л.Сэнгээ нь сайн бариач, эрдэм номтой, авхаалжтай, хэлэмгий, заргач нэгэн байж. 1907 онд Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэрэгт татагдаж отгийн эмч, бариачаар ажиллаж байжээ. Улмаар 1911 онд өрнөсөн Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Манлайбаатар Дамдинсүрэнг даган Монгол нутагт ирсэн байна.

-Аавыг тань чухам юуны учир хэлмэгдүүлсэн юм бол. Учиг нь яаж тайлагдсан бэ?

-Хэлэмгий, заргач, хувьсгалын эсэргүү гэж гүтгээд л баривчилсан гэдэг. Гэхдээ миний өвөг эцэг Ламжаа занги гэж байсан. Феодалын хүүхэд гэдэг шалтгаанаар л аавыг минь хилс хэрэгт түлхсэн болов уу гэж би боддог.

-Барга хэмээх ястныг монголчууд мэддэг. Гэхдээ үүсэл гарлынх нь талаар тодорхой мэддэг нь ховор?

-Барга бол Хори буриадтай угсаа гарал ойр аймаг шүү дээ. С.Лхамжав гуай хүүгийнхээ эрхлэн гаргадаг “Барга судлал” сэтгүүлийн нэгэн дугаарыг үзүүлэв. “…13-15 дугаар зууны эцэст Барга, Хори, Агын буриад нар Байгаль нуур орчмын нутгаасаа гарч одоогийн Өвөр Монгол, Хянганы нуруу орчмын халх, ойрадын зэрэг өргөн уудам газар нүүдэллэн тархай бутархай аж төржээ.

Тэд хэдийгээр тийнхүү сарниу салгуу байсан боловч бүхэлд нь авч үзвэл цөм монголчуудын дунд, тэдний хэл соёлын хүрээнд байжээ” гэсэн мөрийг хүнд харагдахаар зориуд тодруулан тэмдэглэжээ. Би хоёрын яриа цааш үргэлжлэв.

-Эсэргүүний хүүхэд гээд хэр зэрэг хавчигдаж байсан бэ. Сургууль, соёл, ажил төрөл олдоход хэцүү байсан уу?

-Би уг нь эмч болох байсан хүн. 1937 оны өвөл аймгийн төв рүү эмчийн курст явуулсан. Тэндээ суралцаж сувилагчийн үнэмлэх өвөртлөөд 10-аад хайрцаг эм тариа чирээд Гурванзагал сумандаа иртэл аавыг маань бариад явчихсан байсан. Нэгэнт ном үзээд ирчихсэн болоод ч тэрүү надад хэдэн гэр барьж өглөө. Эмчилгээгээ эхлэ гэж тэр шүү дээ. Ингэж би сумынхаа эмнэлэгийн анхны шавыг тавьж билээ.

 

Даанч нэг өдөр Улаанбаатар руу сургуульд явуулна гэж хэлээд ажлаас минь гаргачихав. Гэхдээ аав баривчлагдаад явсан болоод ч тэрүү сургууль соёл бүр өнгөрсөн шүү дээ. Юутай ч аавынхаа сургийг гаргахаар нутгаасаа гарч аймгийн төвд худалдагчаар ажиллаж байхдаа Дотоод яамны Жамбалчоймбол гэдэг залуутай гэр бүл болж Улаанбаатарт шилжин ирсэн.

 

Нэг жил До яамны цэргийн курсийн тогоочоор ажиллаад 1941 онд яамныхаа зөөлөн оёдлын үйлдвэрт оёдолчноор орлоо. Яг тэр үед дайн эхэлсэн. Одоо бодоход их хатуу цаг байж. Өдөржин шөнөжин цэргийн шинель оёно. Түүнийхээ хажуугаар орой бүр цэргийн сургууль хийнэ. Ёстой залуу насны аагаар л тэр хүнд бэрхийг давж гарсан даа.

 

Энэ их хөдөлмөрийг маань тухайн үеийн нам, засаг үнэлж “Бид ялав” ялалтын медаль, “Ударник” цол тэмдэгээр шагнасан. Хөдөлмөр илүүднэ гэж байдаггүй юм билээ. Би улсад 37 жил хөдөлмөрлөснөөс 24 жилийг нь цэргийн хувцас оёход зориулсан. Жирийн цэргийн шинелиэс гадна генерал, маршалын формыгч оёдог байлаа. За Лхамжав гуай нь яриандаа халах шинжтэй. / инээв/

-Та туулж өнгөрүүлсэн амьдралаа үнэхээр сайн санаж байна шүү…

-Нас маань хэдийнэ 90 гарчээ. Гэхдээ ухаан санаа хэвээрээ байна. Хэдэн жилийн өмнөсөн бол англи хэлийг бариад авмаар л санагдах юм. Бие ч гэсэн санасныг бодоход овоо. Ийш тийшээ явахад нэг их ядраад байхгүй. Хүүгийнхээ ачаар Орос, Америк, Хятад, Энэтхэг, Казахстан гээд олон орноор аялсан. Хамгийн сүүлд 2004 онд Сөүлийг үзсэн. Одоо харин Эрээнийг л үзье гэж бодоод байгаа. /инээв/

-Яагаад заавал Эрээнийг гэж?

-Би ганц хүүтэй хүн. Хүү маань Чойроос Замын-Үүд хүртэлх замыг удирдан тавиулж байгаа болохоор л би ингэж ярьж байгаа юм. Үгийн далимд хүмүүс минь ээж, аавыгаа гадаадад аялуулж баярлуулахаа байг гэхэд төрсөн нутаг руу нь явуулж байгаарай гэж захия.

-Ахиад аялна гэхийг бодоход та хөнгөн шингэн хэвээрээ байна даа. Хүн ер нь яавал эрүүл саруул, урт удаан амьдрах бол?

-Багадаа хонь хургатай хөөцөлдөж, залуудаа уйгагүй хөдөлмөрлөж явлаа. Ааваасаа хагацаж, эсэргүүний хүүхэд хэмээн адлагдаж сэтгэл санаагаар хэцүүдэж л байсан. Гэхдээ амьдралд бууж өгөлгүй сэтгэлээ чанга барьж, зүтгэсэн. Хүн ер нь аль болох завгүй хөдөлмөрлөж, өөдрөг гэгээлэг явбал хөгшрөхгүй гэж боддог. Би тийм л явлаа. Ер нь зовлон бэрхшээлгүй амьдрал ховор.

 

Эцгээсээ зуурдаар хагацсан хүний сэтгэлийн шарх амархан анина гэж үү. Тэр эмгэнэлт явдлаас хэдэн жилийн дараа хүү маань төрсөн. Ёстой нар гарах шиг л болж билээ. Хүүг дөнгөж ой гараад байтал бас л зовлон нүүрлэв. Миний хүү яслид явж байхдаа хэнэггүй асрагчийн буруугаас болж халуун усанд түлэгдээд сүйд болсон. 3 cap хагас дутуу нойртой бөөцийлсний хүчинд амийг нь аварсан даа.

 

Энэ мэт даанч дээ гэмээр үе олон байсан. Гагцхүү сэтгэлийн тэнхээ л надад эрүүл саруул амьдрал хайрласан, Бас манай баргуудын хувьд малчин гаралтай нүүдэлчин улс. Нүүдэлчин баргуудын яс гэж байдаг байх л даа. Ер нь урт насладаг юм. Гэхдээ би өөрийгөө өдий зэрэгтэй яваагаа ажил хөдөлмөртэй холбож үздэг.

-Та хурдны морь унадаг байсан уу?

-13 хүртлээ хурдны морь унасан. Сэнгээгийн шар охин, хээр морь гэж нутаг хошуундаа алдаршиж байсан гэдэг. Олон наадмын түрүүг авсан.

-Урт наслахад хоол унд хэр нөлөөтэй бол. Та хүний биед сайн гэгддэг амин дэм, нэмэлт тэжээлийг хэрэглэдэг үү?

-Залуу байхад мах гурил, цагаан идээнээс өөр зүйл идэж байгаагүй. Байсан нь тэр юм чинь. Одоо бодоход хамгийн зөв хооллож байсан байгаа юм. Ямар ч химийн найрлагагүй жинхэнэ байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хооллож явж. Хамгийн гол нь одоогийн залуус шиг идчихээд хэвтээд өгдөггүй байлаа. Ажлаа л хийнэ. Хоол шингэхгүй гэх зовлонг мэддэггүй байж, Ер нь саянаас л хүүгийн авчирч өгсөн витаминийг хэрэглэж сурсан.

 -Өндөр наслахад асаргаа сувилгаа чухал биз?

-Чухал байлгүй яахав. Ээж, аавыгаа л сайн асарч сувилах хэрэгтэй. Асарч байгаа нь энэ гээд гэртээ хашаад, хэвтүүлээд байх нь хаашаа юм. Салхинд гарга, нутаг руу нь ойр ойрхон явуул. Хамгийн гол нь сэтгэл санааг нь л тайван амгалан байлгах хэрэгтэй. Би төрсөн ганц хүү, өргөмөл нэг охинтой. Энэ хоёр маань намайг зовоосонгүй. Урт наслахад өөдрөг сэтгэл санаа хамгийн нөлөөлдөг.

 -Ер нь ой санамжаа хэвээр хадгалахыг тулд яах хэрэгтэй юм бол?

-Ном л унш. Эмээ нь залуудаа унтахыг мэддэг ном уншдаг байлаа. Одоо ч гэсэн уншиж л байна. Гэхдээ ядрах гээд байдаг болж. Сая М.Шагдарсүрэн эмчийн “Сэтгэл гэгээрээсэй” гэдэг номыг уншиж дууслаа. Үнэхээр сайхан бичжээ. Зохиогч руу нь ярьж баяр хүргэлээ шүү дээ.

-Таныг бага залуудаа наргианч, хөгжилтэй, дуу хууранд дуртай хүн байсан гэж хүү Л. Гомбоос чинь сонссон. “Алтай хангайн даваа” хэмээх барга ардын дуунаас бүрдсэн DVD-д та оролцон дуулсан байх юм.

-Багаасаа дуу хууранд дуртай байсан. Эх орны дайны үед ч өдөр шөнөгүй ажилладаг хэрнээ бид дуу хөгжмөө орхидоггүй л байсан юм даа. Байдал хүнд байхад урлаг л сэтгэл санаагаар өөд татна. Тийм ч учраас насаараа дуу хөгжмөөсөө салсангүй. Хүү маань ч их дэмждэг. Ямар сайндаа 90 гарсан хойноо клип хийлгэх вэ дээ /инээв/. Одоо бол барга ардын дуугаа дуучин бүсгүйчүүддээ өвлүүдэх дуртай. Ардын жүжигчин Чимидцэеэ, дуучин Цогтбайхан, Бямбажаргал нар сайхан дуулж байна. Эмээ нь цаашдаа ч үр хойчдоо дуу хуураа өвлүүлнэ гэж боддог.

-Буянтай азай буурлынхаа хувьд Монголчууддаа хандаж юу захих вэ?

-Урт наслаж, удаан жаргахыг хүсэхгүй хэн байх вэ. Хамгийн гол нь хүүхэд залуус минь та нар залхуурч болохгүй. Архи тамхи, залхуу назгай байдал хэтрэнэ үү гэхээс, ажил хөдөлмөр илүүднэ гэж хэзээ ч байхгүй шүү. Сэтгэл санаагаар өөдрөг, сэргэлэн цовоо, наргианч хөгжилтэй амьдрах сайхан. Нэгийгээ зовоохыг аль болох цээрлэ. Хүн сэтгэлээрээ зовох тусам богино насладаг юм.

Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих