Ард түмэн эрхийг тань өглөө, одоо “Эрдэнийн хувь”аа авъя л даа
Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө “Стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс олсон орлогоос иргэддээ “Эрдэнийн хувь” хүртээх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” хэмээн тодоос тод заасан хэрнээ “Хүний хөгжил сан”-гаас олгож байсан, Монгол Ардын Намын санаачилсан “Эх орны хишиг” буюу иргэн бүрт cap бүр олгодог 21 мянган төгрөг өгөхийг зогсоов.
Энэ намынхан стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь бүү хэл Тавантолгойн баруун Цанхид гэрээ байгуулж орж ирсэн ОХУ-ын хамтарсан консорциум, БНХАУ-ын “Шинхуа энержи“-ийг бараг л хөөж гаргав бололтой. Уг нь С.Батболдын Засгийн газар Тавантолгойн орд газарт ашиглалт, олборлолт явуулах тухай тендер зарласны үндсэн дээр дээрх компаниуд ирж, ажлаа эхлүүлээд байтал Н.Алтанхуягийн Засгийн газар дахин тендер зарлаж, хэзээ ирэх нь тодорхойгүй АНУ-ын “Пибоди энержи”-д ханд хаясан сураг бий.
Тэгэхээр энэ ажил хэзээ эхлэхийг хэлэхэд бэрх. Хэнийгээ хөөж гаргаж, хэнийгээ оруулах нь тэдний дурын хэрэг. Хамгийн гол нь цаг хугацаа шаардагдах томоохон орд газруудын ажлыг ийнхүү чөдөрлөж, хувь хишгээ хүртэж суусан ард олныг хохироож байгаад л хамаг учир оршино. Өмнөх эрх баригчдынхаа хийж бүтээж байсныг үгүйсгэж, шоуддаг энэ кампанит ажлын хөлд ард түмэн л зүдэрч байна.
Дахиад л өөрсдийнхөөрөө эхлэх гэж шоудаж байж хэдэн жилийн нүүр үзэх гэсэн нэг арга л юм даа. Мөрийн хөтөлбөртөө тусгасан хамгийн том, ард түмэнд хамгийн ил хүлээлттэй байгаа энэ ажлаа хийхийн оронд Н.Аптанхуягийн Засгийн газар аар саархан зүйл ярьж ард олныг төөрөгдүүлж байна. 50 тэрбум ам,долларын бонд гаргаж өрөнд орох тухай, улсын төсөв батлах , хүүхдийн 20 мянган төгрөг хаанаас босгож, хэрхэн буцааж авах тухай л ярьж байна.
Сүүлдээ тун ч арга ядав бололтой, өөрсдөө үнийг нь хөөргөж орхисон нүүрснийхээ үнийг багасгах, өргөн хэрэглээний барааны үнэ буулгах тухай л үлгэр ярих болов. Ямар ч гэсэн Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнийн хувь” хүртээх тухай асуудал яригдахаа болиод даруй хагас жилийн нүүр үзэв. Үүнийг сануулж байхгүй бол мартагнуулах тийшээ хандлаа.
Уг нь өөрсдөө л өгнө гэж амласан биз дээ. 2008, 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт нь дурайтал байж л байна. Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эх орны хишиг”-ийн хувьд засгийн эрх барьж, олонхи байхдаа иргэн бүрт cap бүр 21 мянган төгрөг өгч байсныг АН олонхи болж, засгийн эрхэнд гарснаар үгүй хийсэн. Үгүй хийхээр барахгүй ард түмэнд эрх баригчдын өгнө гэж амласан мөнгийг өгснийх нь төлөө шалгана, хорино гэсэн асуудлыг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат яриад л сууж байна.
Одоо бид “Эрдэнийн хувь”-иа АН-аас авах цаг болсон. 2011 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж байсныг шоу гэж арай ч бодохгүй байна.
Тэдний боловсруулсан төсөл тун зөв зүйл байсан юм. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ хэмээн 39 дүгээр тогтоолд зааснаас гадна үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулахаар мөн тогтоолд заасан хувьцааны 10 хувийг нэмж үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн утгыг агуулсан байлаа.
Ингэснээр Монгол Улсын 2.7 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааны 20 хувийг үнэ төлбөргүй эзэмших учиртай тогтоолын төсөл байсан. Эл тогтоолын төслийг УИХ-аар батлуулах гэж Я.Батсуурь нарын гишүүд мөн ч их маргалдсан. Гэтэл өнөөдөр чив чимээгүй болчихсон нь хачирхалтай. Харин өнөөдөр зарим гишүүн бид Засгийн газарт хамтран ажиллаж байхдаа “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан бага ч гэсэн олгож байсан хэмээн тухайн үед эрх барьж байсан намынхаа ажлыг төөрөгдүүлэх замаар булааж ярих хандлага бий боллоо.
Үүнээс үүдээд иргэдэд ташаа ойлголт бий болж байх шиг. Тэгвэл “Эрдэнийн хувь” бол “Хүний хөгжил сан”-гаас олгож байсан 21 мянган төгрөгт ямар ч хамаагүй хэмээн олон гишүүд мэдэгдэж байсан даа. Худлаа гэвэл хуулийн төслийг санаачлагч УИХ- ын гишүүн Я.Батсууриас 2012 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр сурвалжлагч “Тавантолгойн аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааг иргэдэд олгох төсөл дэмжигдлээ.
Та өөрөө уг төслийг санаачилсан хэрнээ бүлэг дээрээ эсрэг байр суурь илэрхийлсэн гэсэн. Энэ ямар учиртай юм бэ? хэмээн асуухад “Бидний санаачилснаар бол иргэн бүр Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа эзэмшихээр заасан. “Хүний хөгжлийн сан”-гаас орох бэлэн бус нэг сая төгрөг Тавантолгойн энэ хувьцаанд ямар ч хамаагүй тусдаа асуудал. Гэтэл үүнийг нэгтгэж нэг сонголт болгосон” гэх хариулт өгснөөс тодорхой харагдаж байгаа.
Ийнхүү иргэн бүрт Тавантолгойн хувьцааны 20 хувийг иргэн бүрт эзэмшүүлэхээр зүтгэж явсан УИХ- ын гишүүн асан Я.Батсуурь өөрөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал болчихлоо. Харин орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой ч “Эрдэнэс Тавантолгой”-н данс улайссан тухай ярьж сууна. Я.Батсуурийг томилохоос хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс МГЛ”- ын захирал Б.Энэбиш үндэсний компаниудаасаа 58 тэрбумыг дээрэмдэв” гэсэн мэдээллийг хэвлэлээр тарааж байсан.
Үүний цаана зүгээр л улстөр явж байсан хэрэг. Түүнээс 58 тэрбум төгрөг оруулсан Б.Энэбиш яахаараа дараагийнхаа захиралд улайссан данс орхидог юм. Уг нь 2008 оноос хойш АН-ын зарим гишүүд “Бид бэлэн мөнгө өгнө гээгүй, Тавантолгой эсвэл Оюутолгой зэрэг стратегийн орд газраас дэлхийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа хувьцаанаас эзэмшүүлэх гэсэн юм.
Гэтэл олонхи болсон Ардын намынхан энэ ажлыг хийлгэхгүй байна” гэж байв. Мөн нөгөө хэсэг нь “Бид амласан нэг сая төгрөгөө өгөх гэхээр олонхи болсон Ардын нам өгүүлэхгүй байна. Бид ямар засгийн эрх авсан биш” гэх мэтээр ярьж байсан нь өдгөө хэвлэл мэдээллийн архивт бий. Гэтэл өнөөдөр өөрсдөө олонхи болсон. Орд газрын хувьцааны 20 хувийг өгнө хэмээн хуулийн төсөл санаачилж байсан гишүүн нь Тавантолгойн орд газрыг хөдөлгөх томоохон ачаа үүрлээ. Одоо тэдэнд юу саад болоод байгаа, яагаад “Эрдэнийн хувь”-иа өгөхгүй байна вэ гэж асуухаас өөр арга алга.
С.Баяр
URL: