Бензопринийг хүнсэнд хэрэглэх заалт байхгүй гэнэ
Солонгосын “НонгШим” группийн үйлдвэрлэдэг бэлэн гоймонгоос бензоприн гэх хүний биед хорт хавдар үүсгэдэг бодис илэрч хэрэглэгчдийн сэтгэлийг түгшээсэн асуудал босоод байгаа. Гэтэл уг бодисыг хэрхэн ашиглах, хүнсний бүтээгдэхүүнд ямар хэмжээтэй агуулагддаг болохыг тогтоож мөрдөх стандарт манай улсад байхгүй гэнэ. Тиймээс “Нонгшим” гоймонгийн амтлагчид агуулагддаг бензопринийг манайд шинжлэх боломжгүй ажээ. Энэхүү хорт бодис ямар зориулалтаар хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг болохыг тайлбарлах мэргэжилтэн ч олдсонгүй. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас бензопринтой гоймон үйлдвэрлэгч орон болох Солонгос, Хятад улс руу хандсан байна.
Эдгээр улсаас ирсэн дүгнэлтэд тулгуурлаж, Монгол Улсад мөрдөгдөх бензоприний стандартыг тогтоолгох бололтой.
Бензоприн нь ямар учиртай бодис болохыг Химийн хүрээлэнгийн эрдэмтнээс лавлахад хүнсний бүтээгдэхүүний найрлагад огт байх ёсгүй гэлээ. Энэ нь бензин, түлш, нүүрс, хүдэр зэргийн дутуу шаталтын улмаас үүсдэг хорт бодис аж. Тухайлбал, автомашины утаанаас агаарт хаягддаг байна. Мөн гол горхинд ч зөвшөөрөгдөх хэмжээнд агуулагддаг гэнэ. Харин хүнсэнд хэрэглэнэ гэсэн заалт огтхон ч байхгүй бөгөөд хорт хавдар үүсгэх аюултай юм байна. Уг бодис хүний биед орвол хорт хавдар үүсгэхээс гадна генид нөлөөлж мутацид оруулах аюултай ажээ.
М.Мөнх
URL: