Ерөнхий сайд онгоцноос буугаад шууд Монгол иргэдтэйгээ уулзалт хийнэ

Ерөнхий сайд С.Батболд   тусгай үүргийн нислэгээр БНСУ-ыг зорьсон. Тэрбээр БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар  23-26-нд  албан ёсны айлчлал хийхээр ийн явж буй юм.  Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигтэй хэлэлцээ хийж, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхах юм. Мөн “Солонгос дахь Монголын жил”-ийн арга хэмжээг албан ёсоор нээх юм.  Харин  Ерөнхий сайд  Инчоноос шууд Тундемун руу явж,  Монгол таунд байгаа  Монгол иргэдтэйгээ уулзалт хийх юм байна.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайдын айлчлалын өмнөхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар Монгол таунд саатаж Монголчуудтайгаа уулзсан билээ.

Тэрчлэн, Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын төр, засгийн удирдлагатай Монгол Улс, БНСУ-ын “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцож ярилцахаар төлөвлөсөн байна.

Мөн айлчлалын үеэр Солонгосын эдийн засгийн гол холбоодын тэргүүн нартай уулзаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын  асуудлаар санал солилцож, Монгол-Солонгосын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцоно.

Айлчлалын үеэр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон анагаах шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай, Барилга, боомт, тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах тухай, Төмөр замын салбарт хамтран ажиллах тухай, Яармаг орчмын шинэ орон сууцны хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг барих төсөлд БНСУ-ын КОЙКА байгууллагаас буцалтгүй тусламж олгох тухай, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай баримт бичгийг тус тус байгуулах аж.

Ерөнхий сайдын тус улс дахь айлчлалыг  манай сурвалжлагч Л.Ариун-учрал сурвалжлахаар айлчлалын багийн бүрэлдэхүүнд яваа юм. Тиймээс бид айлчлалтай холбоотой мэдээллийг шууд, шуурхай хүргэх болно.

“Шууд мн”

URL:

Сэтгэгдэл бичих