Намын жагсаалтынхан буюу ичмээр дамшгууд

“Намын жагсаалт”-аар УИХ-д тухалж суугаа гишүүд тун саявтархан “Хавтгайруулсан халамжийн бодлого буруу. Харин хүүхдийн мөнгө бол тэдний ирээдүйд нь хийж байгаа хөрөнгө оруулалт болохоор зөв юм” хэмээн байр суурь, үзэл бодлоо тун ноцтойгоор товч бөгөөд тодорхой илэрхийлжээ. Тун ч ноцтой мэдэгдэл шүү. Ямар ч гэсэн “Намын жагсаалт”-аар УИХ- ын эрхэм гишүүн болцгоосон азтанууд маань үзэл бодол байр суурин дээрээ хатуу чанд зогсоцгоож л байгаа юм байна.

 

Аштай юу даа. Эрхэм гишүүний тун ч ноцтой энэ мэдэгдлээс үүдэн “Намын жагсаалт”-аар аз нь шовойгсдын талаар эргэцүүлэн бодож сууна.
2012 оны зургаадугаар сарын 28-нд болсон УИХ- ын сонгууль анх удаа холимог системээр явагдаж, 76 гишүүнээ сонгосон ч анх дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудалд маргаан үүссэн.

 

Түүгээр ч зогсохгүй Увсын тойргийн асуудал дахин босч болзошгүй болоод байгаа. Сонгуульд оролцсон бүх л нам авлига хээл хахуультай дайн зарлах хэмжээний тэмцэл явуулна. Уул уурхайгаас орж ирэх орлогыг Монгол Улсын иргэн бүрт сохор зоосны зөрүүгүй адил тэнцүү хувааж олгоно хэмээн орчин цагийн үлгэр ярьсаар УИХ хагас дутуухан бүрэлдсэн түүхтэй.

 

Өмнөх таван удаагийн УИХ-ын сонгуулийн худал хуурмаг амлалт бүрт толгойгоо эргэтэл хууртагдаж, итгэл ирээдүйгээрээ, мад тавиулсан сонгогчид 2012 оны сонгуульд анхнаасаа л тунч итгэлгүй оролцсон. Ард түмэндээ ямар ч үнэ хүндгүй болж, улстөрчийнхөө хувьд ”үхдэл” болцгоосон намын лидерүүд буюу төрөөс төрсөн тэрбумтнууд, гудамжинд харайж явсан тэмцэгчид “намын жагсаалт” хэмээх луйврын хөшигний ард нуугдацгаасан нь энэ удаагийн УИХ-ын сонгуулийн хамгийн том булхай байлаа.

 

Дэлхий дахины улстөрийн практикт “Намын жагсаалт” гэгдэх заль мэхээр тухайн эрх мэдэлтнүүд, бас бус нэгний нүгэл хилэнц, ард түмэндээ нэр нүүрээ барсан бусармаг бүхнийг нь нууцлан улстөрийн өндөрлөгт хүргэдэг шат дамжлага байдаг эсэхийг мэдэхгүй. Ямартай ч дэлхий нийтэд парламентын тогтолцоогоороо үлгэр дууриал болдог БНСУ-д ажиллаж, амьдардаг монголчууд энэ зунжингаа солонгосчуудын амны зугаа болж, хүний өмнөөс нүүр хийх газаргүй болцгоосон нь л үнэн юм.

 

Тойрогт нэр дэвшин өрсөлдвөл буян амлаж, бурхан бүтээгээд ч сонгогчдын итгэл хүлээхгүйгээ мэдэрсэн ичих нүүргүй лидерүүд “намын жагсаалт” гэх өөрсдөдөө зориулан гаргасан шийдвэрийнхээ ард нуугдан сууцгаасаар УИХ-д орж ирснийг ажигч гярхай солонгосчууд олж мэдчихээд мөрөөрөө хар бор ажил хийж яваа эх орон нэгтнүүдээс маань асууж шалгааж баахан онигоонд оруулсан гэнэ лээ.

 

Улстөрийн сонгууль бол бүх ард түмнийхээ сонгон шалгаруулалтад орж, ёстой л бүх талаараа шигшигдэж гарч ирсэн нэр цэвэр, цагаан зам мөртэй улстөрчдийн хийвэл зохих нэр төр, ёс суртахууны хэмжүүр байдаг. Улстөрийн ёс зүйтэй, халуухан тэмдэл дунд буцалж байдаг солонгосчуудад барааг нь харах байтугай сургийг нь сонсоогүй нөхөд сонгуулийн ялагч болоод гарч ирэх нь яагаад ч байж боломгүй шударга бус, хачин жигтэй явдал байх нь ойлгомжтой.

 

Тиймдээ ч “Намын жагсаалт”- ын ард нуугдсаар хууль тогтоох дээд байгууллагад шургаж амжсан Монголын улстөрчдийн увайгүй, ёс суртахуунгүй ааш аягийг гайхаж балмагдах нь аргагүй. Будлиан луйвар нь эцэслэх яагаа ч үгүй байгаа энэ парламентад жагсаж Сү.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж Н.Энхболд, Я.Содбаатар Ж.Энхбаяр, Н.Алтанхуяг З.Энхболд, Х.Тэмүүжин Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат Ш.Түвдэндорж, Р.Бурмаа Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, М.Батчимэг, Ч.Улаан Н.Батцэрэг, М.Сономпил З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү Ц.Цолмон, С.Оюун, С.Дэм бэрэл нарын нөхөд “Намын жагсаалт” гэгч хөөрхөн нэрийн ард нуугдан суусаар гэнэт цоорч, өнөөдөр хэл амтайхан шиг гэлдэрцгээж явна.

 

Өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн гэгдэж яваа эдгээр 27 нийт гишүүдийн 19.4 хувь нь болж байгаа юм. Тэд тойрогт нэр дэвшин өрсөлдсөн бол дор хаяж тал хувь нь яагаад ч УИХ-ын танхимд заларч чадахгүй байсан гэдгийг өөрсдөө ч мэдэж байгаа. “Намын жагсаалт”-аар жаалагчдын олонх нь Монголын улстөрийн өвгөчүүл байгаа бол гудамжинд гүйж яваад эрхэм гишүүн болоотохсон азтай дамшгууд үлдэх хэсэгт нь хамаарна.

 

Нам нь эргүүлээд татаж золигтохгүйгээс хойш жагсаалтын азтанууд хүссэн ч хүсээгүй ч УИХ-ын танхимд дөрвөн жил донхойж суух нь ойлгомжтой. Харин хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн тодорхойлж, улстөрчийнх нь намтарт цэг тавих эсэх хараахан болоогүй байна. “Намын жагсаалт” -ынхны ноцтой мэдэгдлүүд ар араасаа цуврах нь дээ. Энэ бол зөвхөн эхлэл нь.
Д.Түвшин
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих