Засаг даргын шийдвэрийг иргэдийн 87 хувь нь үргэлжлүүлэх нь зөв гэжээ

Автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр, автомашинуудыг дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцох шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр сар өнгөрчээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхдээ эхний хоёр сар туршиж үзэхээр болсон. Ингээд энэ долоо хоногоор хоёр сарын хугацаа дуусч байгаа учраас сунгах эсэх асуудлаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргах юм байна. Юуны түрүүнд нийслэлийн иргэдээс шийдвэрийг цааш сунгах эсэх асуудлаар санал авахаар болсон.

Өчигдрийн байдлаар 1200 санал гомдол хүлээн авах утсанд 7000 гаруй иргэн хандаж 87 хувь нь дэмжиж 13 хувь нь татгалзжээ. Гэхдээ энэхүү арга хэмжээг хэрэгжүүлсэн цагаас эхлэн нийслэлийн иргэд болон холбогдох байгууллагын хүмүүс ам сайтай байсаар ирсэн. Мөн энэхүү арга хэмжээг гардан зохион байгуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр хуралдаж дүгнэлтээ гаргалаа.

Зүүн дөрвөн замаас Саппоро ороход нийтийн тээврийн автобусууд өмнө нь нэг цаг 10 минут зарцуулдаг байж. Засаг даргын шийдвэр хэрэгжснээс хойш буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өнөөдрийн хүртэл дээрх замын нэгдүгээр эгнээгээр зорчсноор 30 минутын хугацаа зарцуулдаг болжээ. Энэ бүхнээс шалтгаалан нийтийн тээврээр зорчигчдийн тоо 12 хувиар нэмэгдэж, ажлын өдрүүдэд замын ачаалал 20 хувь буурсан үзүүлэлтийг ажлын хэсгийнхэн сонирхуулав.

Иргэдийн санал болон дээрх тоо баримтыг тулгуурлан замын хөдөлгөөнийг бууруулах тал дээр ажиллаж буй ажлын хэсгийнхэн Засаг даргын шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх саналыг НИТХ-аар өнөөдөр оруулахаар болов.

Гурван эгнээтэй зам бүрийн нэгдүгээр эгнээ нийтийн тээврийнх

Замын хөдөлгөөнийг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш автобусууд Зүүн дөрвөн замаас Саппорогийн уулзвар хүртэл нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй хөдөлгөөнд оролцож байгаа. Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу Зүүн дөрвөн замыг Офицеруудын ордон, Саппорогийн тойргийг цааш Таван шар хүртэл сунгахыг ажлын хэсгийнхэн дэмжиж өнөөдрийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Одоо мөрдөгдөж буй шийдвэрээр бол хотын төвийн нэгдүгээр эгнээгээр автобус зорчиж байгаа. Харин үүнийг нэмж гурван эгнээтэй зам бүрийн нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэлд чөлөөлж өгч шар шугам хийхээр болов. Түүнчлэн хоёр эгнээтэй замын нэгдүгээр эгнээнд нийтийн тээврийн хэрэгсэл давуу эрхтэй гэсэн тэмдэглэгээ хийхийг санал болголоо.

Автомашины дугаарыг лацдаж, хаягжуулна 

Хоёр сарын хугацаанд улсын дугаар сольж хөдөлгөөнд оролцсон 42 жолооч үйлдэл дээрээ баригджээ. Зургаан жолоочийн эрхийг хасч, 22 жолоочийг 440 мянгаар торгож, 12 жолоочийн хэргийг одоогоор Замын цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Замын хөдөлгөөнд дугааргүй 123 автомашин оролцож нэг сая 745 мянган төгрөгийг торгууль ногдуулж 15 жолооч мөн шалгуулж байгаа аж. Хяналтын камерт зөрчил гаргаж буй автомашинуудад өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч чадахгүй байгаа. Энэ бүхнийг харгалзан үзэн улсын дугаарыг лацдаж, тухайн хүний иргэний үнэмлэхний хаягаар хаягжуулахаар болов. Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим үнэмлэхний лавлагааг Авто тээврийн газрын сантай холбосноор тухайн жолооч хэдэн ч удаа хаягийн шилжилт хийлгэсэн тэр нь автоматаар солигдож байх талаар арга хэмжээ авахаар болов. Ингэснээр камерт зөрчил гаргаж буй жолооч нарын гэрийн хаягаар торгууль болон арга хэмжээ авч байхаар санал орууллаа.

Такси нэгдүгээр эгнээгээр зорчих боломжгүй

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 аж ахуй нэгжийн 729 такси замын хөдөлгөөнд оролцдог байна. Үйлчилгээнд явж буй таксинууд нийтийн тээврийн хэрэгслийн адилаар Зүүн дөрвөн замаас Саппорогийн уулзвар хүртэл нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчих санал тавьсан. Харамсалтай нь үйлчилгээнд явж буй 15 такси баазын машинуудын тоолуур нь баталгаажаагүй, өнгө үзэмж муутай гээд техникийн хэрэгсэлд тавигдах шалгууруудыг хангаагүй, жолооч нарын хувьд мэргэшээгүй гэдэг шалтгаанаар таксиг нэгдүгээр эгнээнд явах эрхийг дахиад л хаслаа.

Захуудын цаг хуваарь өөрчлөгдөхгүй

“Нарантуул”, “Өгөөмөр” зах болон “Сандэй”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан билээ. Худалдааны төв болон захуудад өнгөрсөн хугацаанд 152 шалгалт хийж 472 зөрчил илрүүлж есөн иргэнд 190 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Томоохон худалдааны төв, захуудад ажиллаж буй хүмүүс болон иргэдээс энэ хуваарийг цаашид мөрдөх саналыг ажлын хэсгийнхэнд тавьсан аж. Тиймээс  томоохон худалдааны төвүүдийг “түр” цагийн хуваарийг цаашид хэвээр нь байлгахаар тогтов.

ШУТИС-ийн цагийн хуваарийг өөрчилнө

Замын хөдөлгөөний бууруулах шийдвэртэй холбогдуулан их, дээд сургууль болон сургууль, цэцэрлэгийн цагийн хуваарь мөн өөрчлөлт оруулсан. Одоо мөрдөгдөж буй цагийн хуваарь хэвээр байх аж. Харин ШУТИС-ийн цагийн хуваарийг өөрчлөхгүй бол замын хөдөлгөөнд ачаалал нэмж байгаа талаар гомдол санал иржээ. Өглөөний 07,40 минутад хичээл эхэлдэг хэдий ч 15000 гаруй оюутантай тул төрийн алба болон сургууль, цэцэрлэгийн цагийн хуваарьтай давхцаж ачаалал үүсээд байгаа аж. Ингээд ажлын хэсгээс ШУТИС-ийн цагийн хуваарийг өөрчилж 09,00 цагаас эхлүүлье гэв. 17 хувийн сургуулийн хүүхэд тээвэрлэсэн автобус нэгдүгээр эгнээгээр зорчих санал гаргасан бол өдгөө 28 сургууль болж нэмэгджээ. Нийт 86 автобус 2722 хүүхэд тээвэрлэж байгаа юм байна.

Хүнс тээвэрлэгчидтэй учраа олжээ

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс автомашины дугаарыг хязгаарлахгүй хөдөлгөөнд оролцуулах талаар гомдол гаргасан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Н.Гантөмөр Хүнсчдийн холбоо, Борлуулагчдын холбооны удирдлагууд болон холбогдох хүмүүстэй энэ асуудлаар уулзжээ. Томоохон худалдааны төвүүд болон захууд их хэмжээгээр бүтээгдэхүүнээ татчихдаг учраас хомсдол ороод байх нь гайгүй гэжээ. Харин гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд борлуулалтын бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд цаг хугацаа их зарцуулж байгаа гэсэн байна. Нийслэлийн Засаг даргын орлогч “Өглөөний долоон цагаас өмнө, оройн 22 цагаас хойш гэр хорооллын дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ хүргэх зэргээр арга хэмжээ авахыг санал болгосон. Үүнээс хойш борлуулалтай холбоотой санал гомдол дахин ирээгүй” гэсэн хариултыг өглөө

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих