Л.Гантөмөр сайд аа, хууль руу нулимдаг “цэрэг”-ээ мэдэж байна уу
Хэнээс ч хараат бус, зөвхөн хуульд захирагдаж шийдвэр гаргадаг хоёр байгууллагын шийдвэрийг эсэргүүцсэн МАН-ынхан улангасчээ. Төрийн ордныг бүслээд ёозгүй муу үгээр чарлаж байна. Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сонгуулийн ажиллагаандаа хууль зөрчсөнийг шүүх тогтоолоо. Тэр шийдвэрийг нь үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу сонгуульд оролцсон нэр дэвшигчдийг УИХ-д суух эрхийг нь өглөө. Энэ бол цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийн дагуу явсан процесс.
МАН-ынхан Өвөрхангайгаас жагсаалд оролцуулахаар олон хүнийг хөлс мөнгө, унаа тэрэг, зочид буудлын зардлыг нь дааж авчирчээ. Угаасаа МАН-ынхан хүмүүсийг хөлсөлж жагсаалд оролцуулдаг арга туршлагатай. Хорооны Засаг дарга нарт тус бүр 10 хүн явуул гэж үүрэг өгнө. Явуулахгүй бол “хоол” өгөхгүй гэж айлгана. Хүч хэрэглэхгүй, хөлс төлөхгүй бол хүмүүс МАН-ыг дэмжиж жагсдаггүй.
Өвөрхангайн Хужирт сумын 12 жилийн дунд сургуулийн захирал С.Отгонсүрэн гэгч Улаанбаатарт жагсаалд оролцуулах хүмүүсийг зохион байгуулж ирснийг эх сурвалж мэдээлэв. Төрийн албан хаагч жагсаал зохион байгуулчихсан гүйж явна. Энэ бол хууль бус үйлдэл гэдгийг захирал тоосон ч үгүй. Муу эр дайнд хөөрнө гэдэгтэй адил юм уу даа.
С.Отгонсүрэнгийн үзүүлж байгаа улстөржсөн увайгүй үйлдлийг хэн нэгний шахалт дарамтаар хийчих вий гэж болгоомжлоод төрийн албан хаагчдыг намын гишүүнчлэлгүй болгосон. Намын гишүүн байхыг хориглосон.
Гэтэл дунд сургуулийн захирал С.Отгонсүрэн хууль зөрчөөд жагсаал манлайлж явна. Хүн үзэл бодлоо илэрхийлж жагсах эрхтэй. Гэхдээ улс төрийн ашиг хонжоо хайсан, явцуу эрх ашгийн төлөө бол төрийн албан хаагчдад хориотой зүйл.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр салбарынхаа ажилтны хууль зөрчсөн үйлдлийг мэдэхгүй сууж байгаа биз. Л.Гантөмөр сайд аа, “цэрэг” чинь хуулийг уландаа гишгэчихэж. Түүний үйлдлээс харвал хуулийг газар хаяад дээрээс нь нулимж байгаа бололтой.
URL: