Төрийн болон орон нутгийн өмчийг тоолж, бүртгэж байна

ТӨХ дөрвөн жилд нэг удаа төрийн болон орон нутгийн өмчийг тоолж бүртгэдэг. Энэхүү ээлжит тооллогыг товлосон хугацаанд нь хийж дуусгасан байна. Одоогоор төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой, нийслэлийн өмчит нийт 5160 байгууллагын дүнг нийт 17 маягтаар урьдчилсан байдлаар нэгтгэн гаргажээ. Нэгтгэн гаргасан дүнг Төсвийн ерөнхийлөн захирагчдаар нь ангилан ялгаж хариуцсан салбарын мэргэжилтэнүүдэд хүлээлгэн өгч Засгийн газрын нэгдсэн санхүүгийн тайлантай тулган баталгаажуулах ажлыг хийж байгаа аж.

 

Дүнг тулган шалгах явцад хуучнаар БСШУЯ, ЭМЯ, НХХЯ-ны орон нутгийн өмчит болон нийслэлийн өмчит байгууллагууд дээр хөрөнгийн нарийвчилсан тулгалт хийх зайлшгүй шаардлага гарчээ. Мөн төрөл бүрийн сан, төслийн нэгжүүдийг тооллогод бүрэн хамрагдсан эсэх, хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.  Мөн тооллогын явцад байгууллагуудаас өмч хөрөнгө дутаасан, бүртгэлгүй, маргаантай, илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдэхийг хэлэлцэж байгаа аж.

 

Түүнчлэн, Төрийн өмчит хуулийн этгээдээс үндсэн хөрөнгө шинээр олж авах, шилжүүлэх, худалдах, актлах талаар ирүүлсэн хүсэлтийг хянан, боловруулсны дагуу нийт 41 байгууллагын асуудлыг ТӨХ-ны хуралд оруулан батлуулжээ. Дээрх байгууллагуудад 92 989 000 төгрөгийн хөрөнгө шинээр худалдан авах, 116 469 000 төгрөгийн хөрөнгийг худалдан борлуулах, 2 925 060,5 мянган төгрөгийн хөрөнгийг актлах, 147702,3 мянган төгрөгийн хөрөнгийг шилжүүлэх асуудлыг ТӨХ-ны хуралдаанаар хэлэцүүлэн шийдвэрлүүлсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих