Р.Амаржаргалын ганцаардал Ардын намыг “шүтэхэд” хүргэлээ
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ардчилсан нам дахь цөөнх болжээ. Уг нь сонгуулиар тус намынхан олон суудал авч, засгийн эрхийг барьж байгаа ч албан тушаалын тохироон дээрээ багагүй маргалдсан. Үүнээс болж зарим нэг хүнийг цөөнх болгосон гэхэд болно.
Өөрөөр хэлбэл, Р.Амаржаргалд хүссэн албан тушаалыг нь өгөөгүй учир бухимдаж байгаагаа ийн илэрхийлж буй биз ээ. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг албан тушаал хуваарилахдаа фракциудаа уурлуулж, хэл ам гаргахгүй байхаар зохицуулсан. Гэтэл намдаа чамлахааргүй олон суудал авчирсан МҮДН фракци, тэр дундаа тус фракцийг толгойлж байсан Р.Амаржаргалыг гомдоох нь тэр. Энэ бүгд Ардчилсан намыг мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахааргүй төсөв баталлаа гэж шүүмжлүүлэхэд хүргэсэн юм. Ардчилсан намын парламентын гишүүдийн дийлэнх нь сайд болж, бусад нь яам, агентлагт очсон учир Р.Амаржаргалыг дэмжиж түүнтэй хамтран нам доторх сөрөг хүчнийг бий болгож чадахгүй.
Тиймээс тэр ганцаардаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний хувьд шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрыг шүүмжилж байгааг нь сонсоход буруу зүйл яриагүй гэлтэй. Ардчилсан нам Ажилтай орлоготой, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Аюулгүй орчинтой, Эрх чөлөөтэй монгол хүнийг бий болгохоор мөрийн хөтөлбөртэй тусгасан. Гэвч 2013 оны төсөвт эрхэм зорилгоо биелүүлэх, хэрэгжүүлэх тухай тусгасангүй. Шинэчлэлийн шинж чанар төсөвт алга гэдгийг Р.Амаржаргал тодотгосон. Мөн шинээр байгуулсан яам, агентлагуудын урсгал зардлыг нааш, цааш хуваарилсан л төсөв болсон гэв. Тэрбээр намаасаа ганцаараа ингэж дуугарах болсон нь удирдлагуудад нь нэгийг бодогдуулж байгаа болов уу.
Түүнийг нэг хэсэг Сангийн сайд болох нь гэх яриа байсан. Гэхдээ өөрөө үүнийг үгүйсгэж байгаа ч өнөөдрийн Сангийн сайдыг төсвөө шинэчилж оруулж ирсэнгүй, оношлогоог нь буруу хийснээс болж эмчилгээний үр дүн нь олигтой гарсангүй хэмээн шүүмжилсээр байна. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчлэлийн хөтөлбөрт зориулсан 50 тэрбум төгрөгийг парламентын гишүүд нарийн учрыг нь асуулгүйгээр тэр чигт нь батлахыг хүссэн, оруулж ирж байгаа төсвөө хамгаалахгүй гээд буруу харж буй нь хариуцлагагүй үйлдэл юм. Ардчилсан нам олуулаа болохдоо л шинэчлэхийг уриалж, иргэдийн үгийг сонсох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Харин үнэн хэрэгтээ мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгох төсөвтөө хариуцлагатай хандах ёстойг эрх барьж буй намын цөөнх сануулж байна. Гэхдээ тэр ганцаардаж, бас хүчгүйдсээр.
Ц.Энхцэцэг
URL: