Орхон голыг бохирдуулсан хэрэгт 35 хүнийг яллагдагчаар тогтоожээ
Орхон голын савд “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн алт олборлож байсан талбайд нөхөн сэргээлт явуулах нэрээр 50 орчим компани ажиллах эрх авсан ч зарим нь нөхөн сэргээлт хийх бус, байгаль орчныг дахин сүйтгэж, алт олборлож байсан нь тогтоогджээ. Тиймээс цагдаагийн байгууллага уг хэрэгт сэжигтнээр 60 орчим хүнийг шалгасан аж. Мөрдөн байцаалтын явцад “Монгол газар” компаниас авсан талбайд нэр бүхий хэд хэдэн компани нөхөн сэргээлт хийсэн нь тогтоогдсон аж. Харин “Алтан дорнод Монгол”-оос авсан талбайд нэг ч компани нөхөн сэргээлт хийлгүй, алт олборлож байсан нь батлагджээ.
Тиймээс дээрх хоёр компанийн эрх бүхий албан тушаалтнууд болон холбогдох бусад этгээд нийлсэн 35 хүнийг яллагдагчаар татан, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
URL: