Д.Сарангэрэл: АН-ынхан хүчээр ялалт байгуулсан баярын сэтгэгдлээ дарж ажилламаар байна

“Улс төрийн тойм” сонин “Ярилцах танхим”-ынхаа зочноор цаг үргэлж ховор, үнэ цэнэтэй, тэр бүр хэвлэлд ам нээгээд байдаггүй эрхмүүдийг урьж ярилцахыг хичээдэг билээ. Тэрхүү ховор зочдын маань нэг нь энэ удаад Ардын намын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл байлаа.

Тэрбээр Ардын намын нарийн бичгийн дарга болсноосоо хойшхи өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэвлэлд хувь хүнийхээ талаар болон улстөрчийн хувиар томоохон хэмжээний ярилцлага өгөөгүй байсан юм.

-Сэтгүүлч Д.Сарангэрэлээс улстөрч Д.Сарангэрэл хүр­тэлх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд миний анзаарснаар та хэвлэлээс бараг л зугтчих шиг боллоо. Тэр хэрээр өөрийг тань сэт­гүүлчийн хувиар дэндүү сайн таньж мэддэг үзэгч олны дунд “Энэ хүн хэн бэ” гэдэг цоо шинэ хариулт нэхсэн асуул­тууд хуримтлагдсан шиг санагдаж байлаа?

-Сэтгүүлчдийн маань зүгээс ийм асуулт тавих цаг болсон гэдэгтэй би зуун хувь санал нэг байна. Зөвхөн сэт­гүүлчид ч бус намын гишүүдийн зүгээс ч иймэрхүү яриа гардаг бололтой юм билээ.

-Таны чихэнд энэ тухай яриа хүрсэн байх нь ээ?

-Тийм ээ. Манай намын удирдах албаны нэг хүн надад жирийн гишүүд “Энэ Сарангэрэл гэж хэн юм. Яагаад манай намд ороод ирэв” гэж асуугаад байна гэж байсан. Тухайн үед надад “Энэ асуултад хариулах цаг нь болсон байна. Тойроод явах хэрэггүй юм байна” гэдэг бодол төрж байсан шүү.

-Өмнө нь яагаад тойрч гараад байсан юм бэ.  Тодорхой шалтгаан байж л таараа даа?

-Улс төрд орсноор анх удаа ажиллаж байгаа салбараа сольж байгаа минь энэ. Гэхдээ сайд болох, УИХ-ын гишүүн болох тухай бодолд хөтлөгдсөн юм биш. Надад амбицтай холбоотой нэг ч зорилго байгаагүй. Би ажилдаа дуртай, бас ч гэж мэргэжлээрээ тодорхой амжилтад хүрчихсэн, түүндээ сэтгэл хангалуун тийм л нэг сэтгүүлч байсан. Олон нийт ч намайг таньдаг, үнэлдэг, хүндэлдэг байсан. Энэ үед маань тухайн үеийн Ардын намын удирдлагууд надтай уулзаж “Та мэргэжлээрээ тодорхой амжилтад хүрчихлээ. Та бидний үе одоо улс орныхоо төлөө чадах бүхнээ хийх цаг болсон. Биднийг улс үнэгүй сургаж, өдий зэрэгт хүргэсэн. Иймд зөвхөн өөрийгөө бодоод байх бус улс орныхоо төлөө, төрийн төлөө зүтгэх хэрэгтэй” гэдэг санал тавьсан. Энэ үгийг сонсоод, тэдний нүдийг хараад сууж байсан надад омогших сэтгэл төрсөн. Сэтгэл хөдөлсөн. Сэтгүүлчид бид чинь ярилцаж бай­гаа хүнийхээ нүд рүү харж, чин сэтгэлээсээ ярьж байгаа эсэхийг нь уншиж чаддаг болчихдог хүмүүс. Надад худлаа яриа санагдаагүй.

-Тухайн үеийн намын удирд­лагууд гэдгээ тодотгохгүй юу?

-Эхлээд Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх уулзсан. Дараа нь намын дарга С.Батболд уулзаж, ярилцсан. Би энэ хоёр хүнд итгэсэн. Гэхдээ хоёрхон хүнд итгэж Ардын намд элссэн юм биш. Аливаа зүйлийн наад цаадахыг ойлгож, мэддэг болсон цагаасаа Ардын намд итгэл үнэмшил минь байж ирсэн. Миний аав, ээж энэ намын гишүүд. Ээж минь намайг бага байхад хүзүүнээсээ оосортой даавуун уут зүүдэг байлаа. Эгч, бид хоёр тэрийг нь их шохоорхож харна. Нэг удаа зориуд нээж харахад намынх нь батлах байсан. Ээж минь тэгж л намаа хүндэлдэг байсан. Намдаа дэндүү үнэнч. Ээж минь “Монгол Ардын нам гэдэг монгол хүний нам” гэж хэлдэг байсан.

-Та харин намын батлахаа хаана хадгалж байна?

-Мэдээж ээж шигээ энгэртээ хадгалдаг гэвэл хэн надад итгэх вэ. Ямар ч байсан ширээнийхээ нүд рүү шидчихээгүй шүү. Дээд сургуулийн улаан диплом, Алтан гадас, Соёлын гавьяатын тэмдэг гээд нандигнан хайрладаг бүхнийхээ дунд хийсэн байгаа.

-Таныг улс төрд орохтой зэрэгцээд “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улстөрчдийн, намын мэдэлд байдаг гэдэг нь үнэн юм байна. Эзэн нь Д.Сарангэрэл юм чинь TВ-5 Ардын намд үйлч­лэх нь тодорхой” гэх хардлага лавширсан. Үүнийг өлгөж авч улс төр хийх нь ч их байдаг. Энэ бүхэнд танд телевизээ өмгөөлөх сэтгэл төрдөг үү. Ер нь эмзэглэдэг үү?

-Эмзэглэдэг. Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх даргыг “Улс орныхоо төлөө хамтдаа нэг баг болоод ажиллая” гэхэд нь би зөвшөөрсөн. Гэхдээ “Монголын сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөн­хийлөгчийн албанаасаа би нэг­дүгээрт мэргэжлийнхээ ёс зүйг бодоод татгалзана. Хоёрдугаарт би Монголын анхны интернэт телевизийг үүсгэн байгуулагч. Энэ TВ-5 телевизээ болон Монголын сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч байсан хүрээллээ намд зориулж ашиглуулах бодолгүй” гэж хэлж байсан.Манай намын удирдлага ч телевизээ намдаа зүтгүүл гэж байгаагүй ээ.

-Та тэгвэл TВ-5 телевизийг тэнцвэртэй мэдээлэл түгээдэг гэж хэлж чадах уу. Олон ний­тийн мэдээлэлд дүгнэлт хийх хандлагыг анзаараад байхад TВ-9-өөр асуудлыг аль талаас нь мэдээлэхийг бүгд мэддэг болчихсон байна. ТВ-5 -ын тухайд ч энэ маягийн урьдчилсан дүгнэлт хийх нь бий?

-Би телевизийнхээ захирлын ажлыг өгчихсөн. Сүүлийн хоёр жил очоогүй. Сэтгүүлчидтэйгээ таа­рахаар “Та нэг очооч” гэдэг юм. Гэх­дээ би өөрийн тань асуултыг буруутгахгүй. Тэртээ тэргүй энэ телевиз Д.Сарангэрэл гэдэг автортай учраас хүссэн хүсээгүй надтай нааж ойлгох нь тодорхой. Би үнэнээ л хэлье. Хүссэн, хүсээгүй Ардын намд бусад намд үйлчилдгээс арван хувийн илүү үйлчилдэг юм бий. Үүнийг би нуухгүй. Гэхдээ үүнээс их биш шүү.Хариуцаж байгаа ажлаа гайгүй хийчих гэж зорьж байгаатай минь холбож ойлгож болно доо, энэ бүхнийг.

-Худлаа ярихгүй гэж үү?

-Худлаа ярих сонирхол арга. Тэртээ тэргүй олон түмэн харж байгаа юмыг би “Үгүй” гэж хэлээд яах юм. Гэхдээ сэтгүүлчийнхээ ёс зүйг баримтлах үүднээсээ, TВ-5 телевизийг хэвлэл, мэдээллийн хүч­тэй зэвсгийнх нь үүднээс устгахгүйн тулд би намын санаа бодлыг шууд утгаараа цаг үргэлж балиашиглахыг үүрэгдэхгүй. Тэнд энэ телевизийг байгуулсан 120 залуу бий. Тэднийг харсаар байж үүсгэн байгуулагч гэдэг арай илүү давуу эрхээ ашиглаж, хүч түрэмгийлэх эрх надад алга. Би өөрөө түрэмгийлэлд дургүй хүн.

-Намд хоёрхон жил болж байгаа хүн нарийн бичгийн дарга хийнэ гэдэг зарим нэг хүний хувьд атаархмаар амжилт. Насаараа зүтгээд жирийн гишүүний итгэл үнэмшлээс өөрийг авч чадаагүй олон мянган гишүүн танай намд бий шүү дээ. Энэ талаас нь харвал танд өөрийн тань амжилт хурдтай санагддаг уу?

-Нуух юм алга. Намын аппаратад ороод хоёр жил болсон болохоос бус энэ намыг би 20 гаруй жил дэмжсэн. Монгол Ардын намыг сэтгүүл зүйн ажлаараа дэмжихийн дээдээр дэмждэг байсан. Ийм байхад дөнгөж намд элссэн, 2-3 жил болсон нь битгий хэл намд 15-16 жил болж байгаа хүн ч надтай ямар нэгэн юм яриад байх хэрэг байхгүй. УИХ-ын дарга Л.Энэбиш агсан маань байсан бол хэлэх л байх. Би сургууль төгсч ирснээсээ хойш 20 гаруй жил энэ намтай холбоотой явж ирсэн. Тэгэхээр надад эргэлзэж, тээнэгэлзээд ердөө хоёрхон жил болж байгаа гээд байх шаардлага байхгүй.

-Итгэл үнэмшлээрээ гаднаас нь дэмжих, дотор нь ороод удирдах хоёрын хооронд асар их зөрүү байдаг байх. Тийм үү?

-Байна аа. Яг гадна талд нь байхдаа биширч, хүндэлж, их том улстөрч, том намын эрчүүд том л байдаг байх гэж харж байсан маань өөрчлөгдөж байна. Тэдний маань зарим нь тийм биш байна. Би эмэгтэйчүүдийг жендер гээд ярихаар нэг их дэм өгдөггүй байсан. Одоо бол би дэм өгнө. Зөвхөн манай намд ч бус бүхий л хүрээнд эрчүүд өөрсдийгөө л мундаг гэж үздэг. Түүнийг нь эмэгтэйчүүд хүлээн зөв­шөөрчихсөн хандлага байдаг юм байна. Эмэгтэйчүүдээ сул дорой, чадваргүй гэж үздэг. Тэр ч битгий хэл хооронд нь эвдрэлцүүлэх, зөвхөн хов живийн субьект мэтээр харах үзэгдэл бүх намд байна. Яах вэ, саяын сонгуулиар Ардчилсан намаас олон эмэгтэй УИХ-д сонгогдлоо. Гэхдээ би Ардчилсан намын сайнд гараад ирчихсэн юм биш гэж харж байгаа. Энэ асуудлыг 20 гаруй жил ярьсан хүмүүсийн гавьяа. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд эмэг­тэйчүүдийн квот 15 хувь байсныг 20 болгох санаачилгыг манай Ардын намын дарга Сүхбаатарын Батболд гаргасан. Үүнийх нь ач тусыг нь Ардчилсан намын эмэгтэйчүүд хүр­тээд санаачилсан Ардын намын эмэгтэйчүүд маань жаахан хойшоо суучихлаа. Гэхдээ энд гомдоод, туниад байх юм алга. Яагаад гэхээр тухайн үед “Жагсаалтын эхний 15 хүн УИХ-д баталгаатай орно” гэсэн тооцоо байсан юм. Тийм ч болоод намайг эмэгтэйчүүдийнхээ жагсаалтыг толгойлуулж аравт нь бичсэн.

-Өөрийн тань хувьд урагшаа дайрах сонирхол байгаагүй юм уу. Ардчилсан нам хоёр ч эмэгтэйг эхний аравт багтаасан. Үүгээрээ олон нийтэд жагсаалтаа их аятайхан харагдуулж чадсан шүү дээ?

-Судалгааны дүн яагаад тэгж гарсныг мэдэхгүй. Нийгмийн Ардчилал хүрээлэнгийнхэн маань “Ма­най намын рейтинг Ардчилсан намаас 2-3 пунктээр илүү байна. Тэгэхээр манай намаас жагсаалтаар  15 хүн, багадаа 12 хүн УИХ-д орох бүрэн боломжтой” гэдэг судалгааг бидэнд танилцуулж байсан. Нөхцөл байдал ийм байхад 10-т байгаа би юунд нь санаа зовох юм бэ. Тухайн үед жагсаалтад дээгүүр орох боломж надад байгаагүй биш байсан. Би намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёрт “Би заавал найм, үгүй бол есөд жагсана” гэж болох л байсан. Тэднийг хүлээж авах байсан гэдэгт би зуун хувь итгэлтэй байна.

-Тэгээд яагаад тэгж хэлээгүй гэж. Боломжийг ашиглах ёстой байсан юм биш үү?

-Дахиад хэлье. Би УИХ-д орж чадна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Гэхдээ одоо харамсах юм алга. Намдаа ажиллаж байна. Тэгээд ч нэг их хүсээд байхаар парламент гэж харагдахгүй байгаа.

-Яагаад?

-Ямар хүмүүс орсныг нь харж байгаа биз дээ.

-Хэн нь танд муухай харагдаад байна гэж?

-Хар л даа. Монголын ард түмнийг ажилтай орлоготой, эрх чөлөөт мон­гол хүн болгоно гэсэн амлалт нь хаа байна. Тэнд ердөө ч тийм юм ярихгүй байна. Яавал хууль зөрчих вэ, яавал Ардчилсан намд ашигтай хууль гаргах вэ, яавал Орон нутгийн сонгуульд хуулиар далайлгаж ялах вэ гэсэн түрэмгийлэл  л өрнөж бай­на. Нэг бол тэнд албан тушаалын төлөөх амбиц, “дайн” болж байна. Энэ бүхэн нь их буруу харагдаж байна. Өөрөө З.Баянсэлэнгийг хараад тэглээ гэж хэлэх гээд байна уу. Тэгвэл би хувьдаа З.Баянсэлэнгийг дэмжиж байгаа. Өөрийнхөө хүчээр гарч ирсэн дайчин, зоригтой, хүчтэй эмэгтэй. УИХ-ын зарим гишүүд “Азаар, зөвшилцлөөр Нийгмийн бод­логын байнгын хорооны дарга болчихлоо” гэж ярьж байгаа нь дуулд­сан. Харин ч явж явж жирийн амьдрал дундаас, тэмцэл дундаас гарсан эмэгтэй асуудалд илүү хүнлэг, бодитой хандах болов уу гэж би найдаж байгаа. Эхийн ухаанаар төрд гэж уриалаад байдгийг явж явж З.Баянсэлэнгэ хийж байж магадгүй шүү. Би дэмжиж байгаа.

-Хувь хүнийхээ хувьд би ч гэсэн талархалтай байгаа. “Баян айлын хүүхэд, улстөрч хүний хүүхэд л УИХ-ын гишүүн болдог юм байна” гэсэн тогтонги бодолд гэгээ оруулж, жирийн залуучуудад “Боломж байна” гэдэг итгэл найдвар төрүүлсэн гэдэгт итгэж байгаа. Ийм жишээ сүүлийн үед ховордоод байсан юм?

-Харамсалтай нь хүмүүс тэгж бодохгүй байна. Ихэнх нь “Арай ч дээ. Арай л дэндэнэ ээ. Азтай, азтай гэхэд юун азтай юм” гээд байна. Надад бол үнэхээр таатай санагдаж байгаа. Одоо хар л даа. Асуудалд хандаж байгаа хандлага, эрүүл, эвдрээгүй байдлыг нь анзаараад хараарай. Явж, явж эх оронч сэтгэл тэр хүнд л байгаа байх шүү.

-Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хүнийг дагаж гарч ирсэн нь жаахан таагүй сэтгэгдэл төрүүлэх нь бий?

-Үгүй ээ, харин ч эсрэгээрээ шүү. Н.Энхбаяр гэдэг хүн хэн ч байж болно. Харин З.Баянсэлэнгэ гэдэг хүний хувьд эмэгтэй хүн нэг зүйлд тууштай, үнэнч байдгийн илэрхийлэл болж өгсөн. Энэ чинь том амжилт байхгүй юу.

-Гэхдээ түшиж гарч ирсэн хүн нь Н.Энхбаяр шүү дээ. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон?

-Хэлж мэдэхгүй байна. Н.Энхбаяр даргын талаар миний хэлэх үг бол намын байр суурийг илэрхийлэхгүй шүү.

Хувь хүнийхээ бодлыг хэлэхэд одоогийн УИХ-д төдийгүй өмнөх УИХ-д ч тэр улсын тендер завшсан, мөнгө идсэн, банкаар тоглосон, 12 давхар орон сууц хувьдаа завшсан, орд газрыг луйвардаж авсан хүмүүс байсан. Одоо ч байна. Би асуудалд шударга бус хандаж байгаад нь таатай бус байгаа. Би энэ асуудалд шударга байя гэж бодож байгаа. Өнөөдөр дуртай нь телевиз байгуулья гэвэл одоогийн ханшаар 100 сая төгрөгөөр тун аятайхан телевиз байгуулж чадна. Тоног төхөөрөмж жижгэрчихсэн, бүгд дижитал руу шилжээд хялбархан болчихсон. Ийм байхад 59 мянган ам.долларын тоног төхөөрөмжөөр нэг зүйл ангийг нь буруутгаж байгааг хараад “Арай хэтрүүлээд байгаа юм биш үү” гэсэн бодол надад төрсөн. Би тэр хүнтэй ойр байгаагүй. Надаас илүү дотно сэтгүүлчид олон байсан. Тэр ч битгий хэл 2000 онд Ардын нам УИХ-ын сонгуульд ялалт байгуулчихаад байхад намайг  “ММ” агентлагийн даргаас халж байсан хүн шүү, Н.Энхбаяр дарга чинь. Би тэр үед нь “Нам маань ялсан юм чинь би ямар ч байсан энэ албандаа баттай үлдэнэ дээ” гэж бодож л байсан. Гэтэл Засгийн газар байгуулагдав уу, үгүй юу намайг зайлуулсан. Юу болов гэхэд Н.Энхбаяр дарга, даргын эхнэр О.Цолмон “Хал” гэсэн гэж л хэлсэн.

-Таныг яагаад халсан юм бол. Шалтгааныг нь олсон уу?

-Миний оронд очих хүсэлтэй хүмүүс л элдвийн хов хүргэсэн байж магадгүй. Албан тушаалд дуртай хүмүүсийн хутгаа байхгүй юу. Сүүлд TВ-5-ыг байгуулсны дараа Н.Энхбаяр даргатай хамтарч ажилласан. Тэр үед “Энэ хүний өмнөөс тойрон хүрээлэгчид нь элдэв юм хийдэг юм байна даа” гэдэг бодол төрж байсан.

-Таны энэ яриаг Ардын намын­хан уншаад эмзэглэхгүй байгаа?

-Яг одоо бол сэтгүүлч, сэт­гүүлчтэйгээ л ярьж байна. Ярилцлага маань ийм уур амьсгал руу хөтөлсөн учраас би “Миний үг намын байр суурийг илэрхийлэхгүй шүү” гэж байгаад хэлээд байна л даа. Түүнээс бус тал засах гээд, өмгөөлөх гээд байгаа юм алга. Нөхцөл байдлыг хараад хэлж байгаа миний үг. Би дэндүү шударга бус хандаж байна гэж бодож байгаа.

-Ардын намын нарийн бичгийн даргын хувиар Н.Энхбаяр гэдэг хүнийг буруутгах үндэслэл өөрт тань төрөх юм уу. Наад зах нь танай намыг хоёр хуваачихлаа. Энэ нь танай намыг ялагдалд хүргэчих шиг болсон?

-Мэдээж шүү дээ. Н.Энхбаяр дарга өөрийг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албанд хүргэсэн энэ намыг ийм байдалд хүргэх ёсгүй байсан. Гэхдээ энэ байдал зөвхөн Н.Энхбаярын даргын талаас үүссэн ч юм биш. Манай намын удирдлагуудын зүгээс ч алдаа гаргасан гэж би хардаг. Эд маань хоорондоо ойлголцоод, нэгдээд ажилласан бол болох л байсан. Ардын намаас ард түмэн уйдсандаа ялагдал хүлээлгэсэн юм биш. Ардчилсан намын тухайд гэхэд би лав аз тохиосон гэж бодож байгаа. Улс төрийн ууган хүчин түүхэн үедээ дотроо жаахан үл ойлголцох байдалд орж, тэр нөхцөл байдлаа даван туулж чадаагүй энэ боломжийг л ашиглаж  гарч ирсэн. Түүнээс бус ард түмэн итгэсэндээ, хайрласандаа Ардчилсан намд саналаа өгөөд байсан юм байхгүй л байх.

-Н.Энхбаяр даргыг үлдээхийн тулд танай намын тухайн үеийн удирдлагуудыг “Тодорхой хэм­жээнд буулт хийчих хэрэгтэй бай­сан” гэх яриа байдаг. Өөрөө энэ бүхнийг дотроос нь хараад сууж байсан хүний хувьд хэрхэн харж байсан бэ?

-Сэтгүүл зүй, улс төр хоёрын хооронд бас их ялгаа байх шиг байна. Сэтгүүл зүйд аливаа асуудалд элдэв маскгүй, байгаагаараа хандахыг үнэт зүйлээ болгодог. Улс төрд тийм биш юм байна. Харьцангуй хаалттай, асуудалд болгоомжтой хандахгүй бол өрсөлдөгч их олонтой, жижиг алдаа гаргах юм бол түүн дээр нь дөрөөлж нухчин дарах гэсэн оролдлогууд отоод хүлээж байдаг юм шиг санагдсан. Ядаж л элдэв гүтгэлгийн чанартай мэдээлэл зохион байгуулалттайгаар цацахаас эхлээд асуудал их байдаг юм байна. Сэтгүүлчид дотроо муудаж, сайдсан ч гэсэн түүнийгээ гал тогооноосоо гадагшаа гаргадаггүй. Тухайн үедээ муудалцсан ч эргээд харах хоорондоо мартчихаад л инээж ханиаж явдаг хүмүүс. Улстөрчид бол тийм биш юм билээ.

-Ардын намыг УИХ-ын сон­гуульд удирдаж орсон дарга нар нь хариуцлагаа хүлээж, ажлаа өгсөн. Та тэр багийн хүн. Гэтэл өнөөдөр үргэлжлүүлээд нарийн бичгийн даргын албаа гүйцэтгэж байна. Шуудхан асуучихад таны тэсч үлдсэн дархлаа тань юу юм бэ. Ер нь бол “Энэ хүүхэн энд үлдэх ёсгүй” гэж хэлэх хүн бас л чамгүй олон байгаа даа?

-Тэр хүмүүсийн тань эсрэг талд “Тусгаар тогтнолын ордон Д.Сарангэрэлийг хоёр дахь удаагаа хүлээн зөвшөөрлөө” гэж үзэж байгаа нэг хэсэг бас бий шүү. Яг үнэндээ намын аппаратад байр суурь эзлэх гэж нэлээн хугацаа болдог юм байна. Өөрийн зүгээс дасан зохицох гэж ч цаг авах үе байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажилд би олигтой оролцож   чадаагүй.Иймд дахиад нэг итгэл өгөөд үзье гэж удирдлагууд маань санал бол­гож, Бага хурлын гишүүд маань дэмжсэн. Түүнээс бус айхтар мундаг дархлаатайдаа, хүн амьтнаас гуйж лобби хийсэндээ үлдсэн юм биш. Би намын Бага хурлаар 97 хувиар дахин сонгогдсон. Бас муугүй үнэлгээ биз. Хүндлэл байна. Хүлээн зөвшөөрч байна. Итгэл байна. Тийм болохоор би сайн ажиллах ёстой.

-Тэгвэл намын хэвлэл яаж ажиллах ёстой юм бэ. Зарим үед сонгогчдыг хэтэрхий өчүүхэнд бодож, тархи угаах маягийн пиар хийгээд байгаа нь ажиглагддаг?

-Манайх тэгээд байна уу.

-Мэдээж бүх намын бодлогыг анзаарахад шүү дээ?

-Манай нам харьцангуй гайгүй шүү. Яг таг тийм зорилгоор ажилладаг хүмүүс байна. Ардчилсан нам гэхэд өөрийн тань хэлдгээр сонгогчдыг өчүүхэн бодолтой, өчүүхэн тархитай гэж үзсэн тархи угаалтыг жинхэнэ утгаар нь хийж байна. Өөрсдийн мэдлийн сониноороо “Бид нар толгойг нь авсан. Одоо хөлийг нь өгчих” гэж Орон нутгийн сонгуулийн талаар бичиж эхэлж байна. Би бол “Хэзээ ч битгий өг” гэж хэлнэ. Анхнаасаа алхам тутамдаа хууль зөрчиж, төрийг анхнаасаа хууль зөрчин байгуулж байна шүү дээ, энэ Ардчилсан намынхан. Хар л даа. УИХ-ын даргыг улаан цайм хууль зөрчиж томилсон. Засгийн газрыг яав. Бүтцийг нь багасгах хэрэгтэй гэж ярьж, ярьчихаад өөрсдөө засаг байгуулах болохоороо 16 сайдыг 19 сайд болгоод нэмчихэж байна. Гүйцэтгэх засаглалыг улам бүр данхайлгасан. Энэ шийдвэртэй би ерөөсөө санал нийлдэггүй. Засгийн газар нэн тэргүүнд монголчуудыг ажилтай, орлоготой болгохын төлөө ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр улс төрийн үзэл бодлоор наад зах нь 600 хүнийг нь ялгаварлан халж  байна. Агентлагийн дарга нарын томилгоо юу болов. Төрийн албаны зөвлөл мэдэгдэл гаргаад байна шүү дээ.

-Энэ шүүмжлэлийг зарим нэг хүний хувьд “Ардын нам ялагдлын шокноосоо гарч чадахгүй байна” гэх маягаар тайлбарлах нь бий?

-Энэ чинь ёстой өөрийн тань хэлсэн нөгөө тархи угаалтын нэг хэлбэр байхгүй юу. Бидэнд ямар ч шокийн байдал алга. Монгол    Ардын нам өнөөдөр удирдлагын болон үйл ажиллагааны шинэчлэлээ эхлүүлээд явж байна. Манай шинэ баг тун сайн гар нийлэн ажиллаж байгаа. Мэдээж гишүүдийн зүгээс унхиагүй байна, удаан байна гэх шүүмжлэл гардаг. Бид тэр хэрээр нь илүү хурдтай ажиллана. Илүү зоригтой, эрч хүч­тэй, шударгаар ажиллана.

-Нэгэнт ялалт, ялагдлын тухай ярьсан учраас УИХ-ын сон­гуулийн дүн гарсан орой руу эргэж очмоор байна л даа. Тэр үед та гайхаж, эргэлзсэн үү. Танд ямар бодол төрсөн бэ?

-Сонгуулийн дүнг анх сонсоод үнэмшээгүй. Би луйвардчихлаа гэж бодсон. Одоо ч тэр итгэл үнэмшил минь хэвээрээ байгаа. Үүний төлөө 24 тэрбум төгрөгийн автомат машин авсан юм уу гэж бодогдсон. Зөвхөн манай нам эргэлзээд байгаа юм биш Ардчилсан намаас бусад бүх нам эргэлзэж байгаагаа мэдэгдсэн. Гэтэл энэ эргэлзээг тайлах зүрх, зориг энэ намд алга. Уг нь тайлчих л байсан юм.

-Автомат машинаас болоод танай намын нарийн бичгийн дарга асан Л.Оюун-Эрдэнэ гадагшаа гарах эрхээ хасуулчихаад байгаа байх аа?

-Энэ бол үнэхээр зохисгүй зүйл. Л.Оюун-Эрдэнэ санаачлаад ярьсан юм биш. Удирдах зөвлөл, бүлгийн хамтарсан хурал дээр УИХ-ын гишүүд л иймэрхүү яриа ярьж байсан. Л.Оюун-Эрдэнэ түүнийг л ярьсан. Залуу хүний зориг, зүрхийг мохоож, гадагшаа явах эрхийг нь хасаад л. Надад тун эвгүй санагдсан. Би “Чамайг өмгөөлөөд хэвлэлийн бага хурал хийлгэе” гэж хэлсэн. Оюун-Эрдэнэ “Сараа дарга аа, шүүх шударга хандах байх аа. Би хүлээж байгаа” гэж байна лээ. Л.Оюун-Эрдэнийг өмгөөлж, хамгаалах л болно. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах нь улс төрийн намын бас нэг гол үүрэг. Ойрын жилийн улс төрийн нөхцөл байдлыг харахад Монголд хоёр том нам голлоод явах дүр зураг харагдаж байна. Энэ дунд Ардчилсан намын хийж байгаа алхмыг харахаар УИХ-ын 2016 оны сонгуулиар “Ард түмэн Ардын намд олонхиороо санал өгөх нь дээ” гэсэн бодол төрж байна. Тэр үед яах бол. Ардчилсан нам шиг өшөө хонзон авах гээд явах уу. Энэ бол цөөн хүн амтай Монгол шиг улсад тун хохиролтой зүйл. Иймд Ардчилсан намын удирдлагууд хүчээр ялалт байгуулчихсан энэ баярын сэтгэл хөдлөлөө жаахан дарж, асуудалд үнэн зөвөөр хандаж эхлэх хэрэгтэй байна. Амбицаа дарах хэрэгтэй байна. Жаахан ухаантай хандмаар байна.

-Үүний эсрэг талд олон хүн Ардын намынхан 1996-2000 онд “Ардчилсан холбоо эвсэл”-ийн Засгийн газраар тоглосон улс төрийн тоглолтоо давтаж магадгүй гэж сэрэмжлэх нь бий?

-Хэрвээ тоглуулж байгаа бол улс төрийн намын хувьд төлөвшөөгүй л байна гэсэн үг. Өнөөдрийн тухайд засгаар тоглох эсэх нь эвсэж Засгийн газар байгуулсан намуудын асуудал. Манай нам бол энэ дөрвөн жилийн хугацаанд хэзээ ч огцруулахын төлөө явахгүй. Бид харин хүчтэй сөрөг хүчин байна. Ард түмний дуу хоолой болно. Хуулийн дагуу бүлгээ байгуулна. Бид хуулийн хүрээнд л ажиллана.

-Удахгүй Орон нутгийн сон­гуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Энэ сонгуульд танай нам шинэ удирдлагатай оролцоно. Тэр хэрээр сонгогчдын зүгээс өмнөх удирдлагуудын гал цог, эрч хүчийг нэг хэсэг нь хүлээж байхад нөгөө хэсэг нь аядуу зөөлөн санагдах шинэ удирдлагын арга барилд талархах нь гарцаагүй. Танд энэ харьцуулалт ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ. Ө.Энхтүвшин даргад та хэр итгэж байна?

-Манай Ө.Энхтүвшин даргад нэг том давуу тал бий. Яг 1996-2000 онд Ардын нам өнөөгийнх шиг ийм байдалд байхад намаа УИХ-д 72 гишүүнтэй болтол нь суга татаад гаргаад ирсэн хүн. Энэ нь Ө.Энхтүвшин даргын хувь тохиол шиг байгаа юм. Би намынхаа даргыг дэмждэг. Орон нутгийн сонгуульд Ө.Энхтүвшин даргаар удирдуулж ороход ялалт байгуулна гэдэгтээ тун итгэлтэй байгаа. Манай намын удирдлагын шинэ баг гар нийлж, маш сайн ажиллаж байгаа. Яах вэ ганц нэг хүн “Хоёр аядуу зөөлөн зантай хүмүүс Ардын намыг удирдаж байна” гэдэг л юм. Миний хувьд цаг хугацаа явах тусам илүү сайн ойлголцож, илүү урагшаа явж чадна гэж бодож байгаа.

-Өмнөхөөсөө юу?

-Тийм ээ.

-Орон нутгийн сонгуульд “Ард түмнээсээ сонгоё” гэсэн уриатай оролцохоо зарласан. Гэтэл олон нийтийн хувьд энэ уриаг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь нэг л ойлгомжгүй асуулт болж үлдээд байх шиг?

-Манай намын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар ядаж хөдөө орон ну-тагт намаараа талцдаг байдлыг болиулахын төлөө өнгөрсөн УИХ-ын үеэр төсөл санаачилж байсан. Харамсалтай нь, энэ саналыг дэм­жиж байсан Ардчилсан намын гишүүд маань УИХ-ын сонгуулийн дараа байр сууринаасаа ухраад Орон нутгийн сонгуулийн холимог тогтолцоогоор хийхээр зарлачихлаа. Гэхдээ бид зарчим дээрээ хатуу зогсоно. Орон нутагт манай нам ялбал тухайн орон нутгийн удирдлагыг иргэдийнх нь дундаас сонгодог тийм жишгийг хэрэгжүүлнэ. Үүнийг зүгээр нэг эндээс тэнгэр харж байгаад бодож олсон юм биш. Орон нутгийн иргэдийн дунд явуулсан судалгаанд хамрагдагсдын 90 хувь нь энэ саналыг дэмжсэн байсан. Бид ялалт байгуулсан тохиолдолд энэ санаачилгаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Ардын намын Удир­дах зөвлөл намын анхан шат­ны байгууллагуудын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулах үйл ажиллагаанд оролцохгүй. Өн­гөрсөн УИХ-ын сонгуульд нийт нэр дэвшигчдийн 30-иад хувийг нь удирдлагын зүгээс үндсэндээ тул­гасан. Үүгээрээ бид алдаа хийсэн. Бид энэ алдаагаа давтахгүй. Жагсаалтыг дарга нарын жагсаалт болгохгүй гэдэг хатуу зарчим барьж, нэр дэвшигчдээ тодруулсан.

-Намын удирдлагаас тулгасан гээд байгаа тэр 30 хувийн хэд нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан бэ?

-Ерөөсөө ялалт байгуулаагүй.

-Нэг нь ч үү?

-Нэг нь ч ялаагүй.

-Харамсалтай хэрэг?

-Тийм учраас л бид алдаагаа давтахгүй гээд байгаа хэрэг л дээ.

-Ардын намын ялалт, ялагдлын эрх ашиг жирийн гишүүн болон дарга гишүүн хоёрт их өөрөөр буугаад байх шиг харагдсан. Дарга нь даргаараа үлдээд, эгэл жирийн гишүүн нь итгэл үнэмшлээрээ хүлээж байсан ялалтаа зөвхөн төсөөлөл төдийгөөр үлдээж байна гэдэг ч юм уу. Энэ тохиолдолд ийм хол зөрүүтэй эрх ашгийг нэгтгэх боломж байдаг уу?

-Үүнийг би УИХ-ын сонгуулийн дараа маш сайн ойлгосон. Манай нам ялалт байгуулж чадаагүй нь намын бүх гишүүдэд хүнд туссан. Гэхдээ дарга нарт алдаад байгаа юм үнэндээ харагдаагүй. Олонхи нь УИХ-ын гишүүн болчихож байна. Гишүүн болоогүй хэсэг нь гадагшаа явж байна. Үгүй дээ гэхэд хувийн бизнесээ эрхэлчихнэ. Үнэхээр ялагдлын хохирол нь намын жирийн гишүүдэд хүндээр тусч байгаа нь анзаарагдаж байна. Ядаж л намын харьяаллаасаа болоод ажлаасаа халагдаж байна шүү дээ.

-Хувь улстөрчийн тань хувиар ярилцлагын төгсгөлд тодорхой асуултад хариулт авмаар байна л даа. Ардын намын эмэгтэйчүүд гэхээр л нэг их бодь дүрийг илэр­хийлэх гэсэн,  эрчүүдээсээ дутахгүй хүчтэй, хүчирхэг гэдгээ бүхий л талаараа хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хандлага ажиглагддаг. Энэ нь өөрийг тань намынхаа бүс­гүйчүүдээс ялгарч харагдахад тань тусалдаг гэвэл та хүлээн зөв­шөөрөх үү?

-Би эрэгтэйчүүдээс дутахгүйн төлөө, эмэгтэйчүүдээсээ ялгарахын төлөө бодож санаад, хичээгээд бай­гаа юм байхгүй. Гэхдээ би ялгарна. Ялгарах үндэслэл нь надад бий. Яагаад гэхээр би чинь сэтгүүлч хүн байхгүй юу. Сэтгүүлчид чинь бусдаас арай илүү нээлттэй, айж эмээхгүй үгээ хэлдэг болчихдог. Надад энэ чанар бий. Би ялгарч харагдаж байгаа бол үүгээрээ л ялгардаг байх.

-Гол нь Ардын намын хүүх­нүүдийн босгосон хана хэрэм, цай­зыг нэвтэлж, энэ дундаас өөртөө боломж гаргах шиг хэцүү зүйл байхгүй гэх яриа олон гардаг даа?

-Манай намын хүүхнүүдийг айхтар хатуу, хахир гэж яриад байдаг. Уг нь тийм биш шүү дээ. Нийгмийн ардчилал Монголын эмэг­тэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Оюунхорол байна. Холбооны маань Удирдах зөвлөлд хийсэн бүтээснээрээ бусдыгаа манлайлж яваа эрч хүчтэй, амжилт арвинтай 15 эмэгтэй байна. Тэдний дунд тэгж их хүн айлгаад, хавчиж, хяхаад байхаар хүн лав байхгүй. Зүгээр манай намын эмэгтэйчүүдийг хооронд нь зөрчилдүүлэх сонирхол хүмүүст байдаг шиг байгаа юм. УИХ-ын сонгуулийн үеэр гэхэд Д.Оюунхорол гишүүн бид хоёрыг бас л их их муухай бичсэн дээ.

-Та хоёрын харилцаа нээрээ гайгүй юу?

-Би тэр сонинг үнэхээр их гайхсан. Бид хоёр яах вэ аль, аль нь бие даасан, харьцангуй дайчин эмэгтэйчүүд. Хэн, хэнд нь өөрийн гэсэн бодол бий. Яах вэ дээ, сонгуулийн өмнө Ардын намын эмэгтэйчүүдийн нүүр царай болж байсан бид хоёрыг муудалцуулах зорилго агуулсан шиг байгаа юм. Тэр хүмүүс зорилгодоо ч хүрсэн. Бид хоёр тухайн үедээ цор, цор хийгээд л авсан. Гэхдээ нэг намын, нэг үеийн, нэг зорилгын төлөө явж байгаа эмэгтэйчүүд юм чинь хоорондоо ойлголцоно шүү дээ. Манай намыг эмэгтэйчүүдэд халтай, хатуу гэдэг. Тийм юм ёстой байхгүй юм байна лээ шүү.

-Та улс төрийн карьераа энэ хүргээд зогсооно доо гэж боддог уу. “Эхлүүлж чадсан бол зогсохоо бас мэддэг байх хэрэгтэй” гэсэн үг байдаг даа?

-Би Орон нутгийн сонгуульд Ардын нам ялалт байгуулна гэдэгт зуун хувь итгэлтэй байгаа. Яах вэ эсрэг дүн гарсан тохиолдолд би намын нарийн бичгийн даргын албан тушаалаасаа шууд татгалзана. Зууралдах хэрэггүй шүү дээ. Гэхдээ улс төрийн зорилгоо орхихгүй. Идэвхтэй байна. Нэг алхам ч ухрахгүй.

-Таныг байнга л гүйхээрээ шахуу явахыг тань мэдэхгүй сэтгүүлч бараг байхгүй байх. Сэтгүүлчийн албаа орхиж, намын удирдлагад ирснээр алхаа тань ер нь удааширсан уу. Намын удирдлага гэсэн хүмүүс их л буурьтай, суурьтай алхаад байгаа харагддаг?

-Мэргэжлийн онцлог шиг байгаа юм. Би дандаа л шогшиж явдаг байсан. Нэг хэсэг чинь бүр “Шогшоо Сараа” гэдэг нэр авч байлаа. Энэ нь бас удамтай холбоотой шиг байгаа юм. Манай ээж асар хурдтай хүн байсан. Гавшгай, ажилсаг гэж жигтэйхэн. Гүйгээд л байдаг хүн байсныг нь би дуурайсан шиг байна лээ. Одоо ч гэсэн гүйнэ ээ. Гэхдээ яг телевизэд ажиллахгүй байгаа учраас арай л өмнөх шигээ гүйхгүй байх шиг байна. Гэхдээ л хурдлах үедээ хурдална аа, хурдална. Намын нарийн бичиг боллоо гээд дадал зуршлаа орхиод байгаа юм алга. Хийх ажил нь багасаагүй улам бүр ихэссэн болохоор дарга гээд алхаагаа удаашруулах шаардлага алга байна даа, надад.

-Ярилцанд баярлалаа.

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих