Г.Хажидмаа: “Мобиком” корпорацийг шүүхэд өгөхөөр болжээ
“Мобиком” корпораци үйлчлүүлэгчдээ хохироосоор байгаа аж. Энэ талаар иргэн Г.Хажидмаатай ярилцлаа.
-Та “Мобиком корпарациар үйлчлүүлээд удаж байна уу?
-Би зургаан жил гаруй “Мобиком” корпарациар үйлчлүүлж байгаа. Харин сүүлийн хоёр жил мобиком их, бага хэмжээгээр байнга илүү мөнгө авах болсон. Үүнд сэтгэл дундуур байна.
-”Мобиком” корпараци таныг яг яаж хохироосон бэ?
-Би 9904… дугаар эзэмшдэг. Дараа төлбөртөө 30 мянган төгрөгийн лимит тогтоолгуулсан. Харин мобиком лимит хэтэрсэн тохиолдолд урьдчилан сануулдгүйгээс болж байнга илүү мөнгө төлж байна. Жишээлбэл, есдүгээр сарын утасны төлбөрөө төлөхөөр өмнөх сарын 28-нд “Мобиком”-ын төв дээр очсон. Гэтэл 30 мянган төгрөгийн лимиттэй утасны төлбөр маань 600 гаруй мянган төгрөгийн төлбөр гарсан байв. Энэ тухай сонсоод би “Мобиком”-ын ажилтнуудад утасны дэлгэрэнгүй тайланг гаргаж өгөхийг шаардсан. Гэтэл тус газрын ажилтнууд нь “Манай дэлгэрэнгүй тайланг хэвлэж авахад маш хэцүү. Бид гаргаж өгч чадахгүй” гээд шалтгалаад ер хөдлөөгүй.
-Тэгээд яасан бэ. “Мобиком” корпорацийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж энэ тухай мэдэгдсэн үү?
-Би маш их бухимдсан. Тэгээд “Мобиком” корпорацийн менежер н.Золзаяа гэх бүсгүйтэй уулзаж энэ тухайгаа учирласан. Тэгэхэд менежер н.Золзаяа “Манайх долдугаар сарын 1-ээс шинэ программ суурилуулсан. Түүнээс биш ажлын хариуцлага алдаж санаатайгаар хэрэглэгчээс мөнгө завших гээгүй. Программын алдаанаас болоод хэд, хэдэн хүмүүст их хэмжээний мөнгө гарсан байгаа. Бид тэдгээр хүмүүсээс илүү мөнгө авахгүй” гэсэн. Харин би 600 гаруй мянган төгрөгийн утасны дэлгэрэнгүй тайланг үзмээр байгаагаа түүнд хэлсэн. Тэгэхэд менежер н.Золзаяа “Хэрэглэгчдийн зөвлөх өрөөнд орж дэлгэрэнгүй тайланг үзэж болно” гэсэн. Улмаар би дэлгэрэнгүй тайланг хэвлэж аваад гарах гэтэл хамгаалагч нь намайг гаргахгүй 30-аад минут хорьсон.
-Яагаад хорьсон юм бол. Таныг явуулахгүй байх ямар шалтгаан байсан юм бэ?
-”Мобиком” корпорацийн ажилчид дэлгэрэнгүй тайланг хэцүү программ дээр хийсэн байдаг тул гаргаж өгч чадахгүй гээд байсан.
Гэвч өөрийн нүдээр очоод харахад энгийн хэрэглээний файл дээр шивэгдсэн байсан. Тэгэхээр нь би өөрөө хэвлээд авчихсан юм. Мөн юмыг яаж мэдэхэв гээд гар утсан дээрээ бичлэг хийсэн. Үүнээс болоод явуулахгүй гээд хамгаалагч нь намайг хорьж бүдүүлэг харьцсан. Улмаар миний бие муудаж түргэн тусламж дуудсан. Тэгэхэд даралт маш өндөр болсон байсан. Түүнчлэн бие өвдөөд байхад явуулахгүй болохоор нь цагдаа дуудсан юм. Цагдаагийн албан хаагч төд удалгүй ирсэн. Тэгээд нэг юм гарч гэр рүүгээ харьсан.
-Та “Мобиком” корпорацийн энэ зүй бус үйлдлийн талаар холбогдох албаны хүмүүст мэдэгдсэн үү?
-Би “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах” газрын тэргүүн О.Магнайд энэ тухай мэдэгдсэн. Түүний хүчинд “Мобиком” корпорацийн Хяналтын албаны ажилтан Г.Баярмаа надтай уулзаж уучлалт гуйсан. Тэрээр “Манай ажилчдын буруу. Тиймээс таныг гурван сар суурь хураамжнаас 50 хувь хөнгөлж өгье. Мөн 600 гаруй мянган төгрөгиин төлбөрийг “X” өгнө. Ингэж өндөр төлбөр гарсан нь системийн алдаа бус манай ажилчдын алдаа. Танд манай ажилчид буруу тайлбарлаж өгсөн байна. 600 гаруй мянган төгрөг бус системийн дүн байсан” гэсэн. Түүнчлэн ажлын хариуцлага алдсан ажилтнуудад хариуцлага тооцсон гэж хэлсэн.
-Тэгээд та “Мобиком” корпорацийн уучлалтыг хүлээж авсан уу. Одоо яах вэ?
-Би “Мобиком” корпорациас ямар нэг урамшуулал авах гэж хэл ам хийгээгүй. Надаас гадна маш олон хүн энэ мэтээр хохирч байгаа. Тиймээс мэдээлэл холбооны газруудыг шалгадаг албан ёсны газраар “Мобиком” корпорацийг шалгуулна. Мөн шүүхэд өгнө. Түүнчлэн “Мобиком” корпорацийн хохирогчид удахгүй хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд тус байгууллагын булхайг илчлэх болно.
Л.АЛТАНХИШИГ
URL: