“PUSSY RIOT”-Д 600 САЯ ЕВРОГИЙН ГЭРЭЭ ХИЙХ САНАЛ ТАВИЛАА

Оросын панк хамтлаг “Pussy Riot”-ынханд дэлхийд нэртэй продюсерийн “Live Nation” компани 600 сая еврогийн гэрээ байгуулах санал тавьжээ. Дэлхийн 100 хотод аялан тоглох бөгөөд нэг удаагийн концертоос 500-700 мянган евро авах гэнэ. Түүнээс гадна тус хамтлагийн цомгийг гаргахаар төлөвлөж буйгаа ч компанийнхан мэдэгдлээ. Гэвч хамтлагийн гишүүд шашин доромжилсон, олон нийтийн дунд сөрөг ойлголт тараасан хэргээр хоригдож байгаа учир эл саналыг хүлээн авах эсэх нь тодорхойгүй.
Хэрэв тэд уг саналыг хүлээн авбал Рианна, Пинк зэрэг дэлхийд данстай уран бүтээлчдийг орлогоороо ардаа орхих нь. “Оросын “Pussy Riot” хамтлагийнхны тоглолтыг олон нийт хүлээж байна. Сүүлийн жилүүдэд хамгийн их дуулиан тарьсан уран бүтээлчид тэднээс өөр гарч ирээгүй” хэмээн “William Morris” агентлагийн дэд ерөнхийлөгч Соломон Паркер өгүүлжээ.
Дашрамд өгүүлэхэд, тус хамтлагийн гишүүн Екатерина Самуцевичид оноосон хоёр жилийн ялыг тэнсэн харгалзах болгон зөөлрүүлж, түүнийг сулласан билээ. Харин Надежда Толоконникова болон Мария Алехинад оноосон ялыг хэвээр үлдээсэн юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих