ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОНОГТ 2 ХҮН АМИА АЛДАЖ БАЙНА

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвөөс өнөөдөр энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хэмжээнд 2012 оны эхний есөн сард 106641 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.8 хувиар өссөн байна. Дээрх гомдол мэдээллийн 99.7 хувийг шийдвэрлэжээ. Мөн хугацаанд 16160 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 1435 хэргээр

өссөн бол 18 ба түүнээс дээш насны 10000 хүн тутамд улсын дунджаар 85 гэмт хэрэг ногдож, 6 хэргээр буюу 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Гэмт хэргийн гаралт Хөвсгөл, Хэнтий, Баянхонгор, Ховд, Увсад 0.5-11.4 хувиар, нийслэлийн Хан-Уул дүүрэгт 1.3 хувиар тус тус буурчээ. Харин Дундговь, Дорноговь, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Баян-Өлгий, Булганд 3.4-38.4 хувиар, нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүрэг, Төмөр зам, Иргэний агаарын тээврийн салбар, 6.1-23.1 хувиар, Багахангай дүүрэгт 2.3 дахин тус тус өсчээ.
Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 42.9 хувийг хөнгөн, 45.3 хувийг хүндэвтэр, 9.2 хувийг хүнд, 2.6 хувийг онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна.
Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 57.9 хувьтай, нийслэлийн хэмжээнд илрүүлэлт 56.6 хувьтай байгаа аж.
Ан агнуурын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг хамгийн их өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүний дараа жолоогоо бусдад шилжүүлэх, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэсэн хэргүүд өссөн хувьтай байна.
Харин хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 66, галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх 6, татвар төлөхөөс зайлсхийх хэрэг 59, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах 69, хүүхэд хаях, төөрүүлэх хэрэг 12 хэрэг бүртгэгдээд байна.
Тоон үзүүлэлтээс харахад эмэгтэй хүн оролцсон 2071 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 80.9 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 95.3 хувиар өссөн нь анхаарал татаж байв.
Энэ оны эхний есөн сард гэмт хэргийн халдлагад 15475 хүн, 111 байгууллага өртөж хохирсноос 751 хүн нас барж, 6258 хүн гэмтэж, төр, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 40.9 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 43.5 хувийг нөхөн төлүүлжээ. Энэ хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 97 иргэн гэмт хэргийн халдлагад өртсөнөөс 35 нь БНХАУ-ын, 11 нь ОХУ-ын, 15 нь БНСУ-ын, 3 нь Япон улсын, 6 нь АНУ-ын, 27 нь бусад улсын иргэд байна. Нийт 591100 захиргааны зөрчил бүртгэгдсэн ба 87539 хүн, хоногт дунджаар 319 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
Хоногт улсын хэмжээнд 59, нийслэлд 34 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 2 хүн нас барж, 23 хүн гэмтэж байна. 21 гэмт хэрэг тутмаас 1 хүн нас барж, 3 гэмт хэрэг тутмаас нэг хүн гэмтэж, нэг гэмт хэрэгт 2.5 сая төгрөгийн хохирол ногдож байна. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй 76 хүн нас барж, 547 хүн гэмтжээ.
Дээрх үзүүлэлтээс үүдэн дараах дүгнэлтийг гаргаснаа Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Бумнанжид танилцууллаа. Үүнд, нийт хулгайлах гэмт хэргийн 66.8 хувийг иргэдийн өмчийн хулгай, 22.2 хувийг мал хулгайлах гэмт хэрэг эзэлж, 52.4 хувь нь нийслэлд үйлдэгдсэн нөхцөл байдлаас харахад иргэд сонор сэрэмжтэй байх, эд хөрөнгөө харуул хамгаалалттай, малаа хариулга маллагаатай байлгах нь гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх гол арга болжээ.
Бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргийн 38.0 хувь нь согтуугаар, 43.7 хувь нь гэр орон сууцанд, 21.2 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Тиймээс согтууруулах ундааны зүй зохистой хэрэглээг сурталчлах, хувь хүний ухамсар, ёс зүйн төлөвшил, харьцааны соёл, эрх зүйн боловсролыг хүүхэд, залуучуудад эзэмшүүлэх чухал байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 69 бүртгэгдэн өмнөх оноос 61 хэрэг буюу 8.6 дахин өссөн байна. Дээрхи төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн оролцоо чухал, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хэрэглээтэй холбоотой мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан ард иргэдэд анхааруулан сэрэмжлүүлэх нь чухал юм.
Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 747 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 46.2 хувиар өссөн байна. Иймд хувь хүн болон банк санхүүгийн байгууллага, бэлэн мөнгөтэй шууд харьцдаг хүмүүсийг сонор сэрэмжтэй байж, өөрсдийн хариуцлагийг өндөржүүлэх шаардлагатай байна.
Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 319 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеээс 132 хэргээр өссөн. Иргэдэд хууль сурталчлах, байгаль орчноо хамгаалах яриа таниулга хийж, урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, тэдний мэдээллийг урамшуулан дэмжиx зэргээр ажиллах нь зүйтэй байна гэж дүгнэжээ.
Н.Гантуяа

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих