МЯНГАН ЖИЛИЙН ДАРАА ХҮН ЯМАР ТӨРХТЭЙ БАЙХ ВЭ?
Хүний биеийн хувьслын явцад мянган жилийн дараа хүний гадаад төрх мэдэгдэхүйц өөрчлөгдөх гэнэ. Ийм таамгийг анатомичид дэвшүүлсэн бөгөөд шинжээчдийн таамаг дээр үндэслэн “хомо сапиенс”-үүдын хойч үеийнхний гадаад төрх ямар байхыг дүрсэлсэн зургийг Британийн “Сан” сонины цахим хуудсанд нийтэлжээ.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар, ирээдүйн хүн дунджаар 1 метр 83 см-аас 2 метр 13 метр өндөртэй байх гэнэ. Үүнийг “хоол хүнс сайжирч, анагаах ухаан хөгжсөнтэй” холбон тайлбарлаж байна. “Одоогоор америк хүний дундаж өндөр нь 1960-аад оны үеийнхтэй харьцуулахад 2.54 см-аар нэмэгдсэн” гэж Британийн судлаач Харри Трейнер ярьжээ.
Мөн бидний үр удмын хоол боловсруулах эрхтэн өөрчлөгдөнө. Харьцангуй богино гэдэстэй болсноор өөх тос болон сахарыг бага хэмжээгээр шингээх бөгөөд энэ нь илүүдэл жингээс хамгаалах байгалийн хамгаалалт болно гэж Лондон хотын шүдний эмч Филип Стеммер үзэж байна. Мөн зөөлөн хоол хүнс зажлах учраас хүний шүдний тоо цөөрч амны хөндийн хэмжээ багасна гэж үзэж байгаа ажээ.
Мянган жилийн дараа хүмүүс янз бүрийн эд зүйлст хүрэхэд илүү хялбар болох гэнэ. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар, бидний үр удам “маш урт” гар, хуруутай болох гэнэ. Бас гар, нүдний ажиллагааг хамгийн ихээр шаардсан төхөөрөмжүүд гарч ирэх учраас мэдрэлийн төгсгөл хэсгүүдийн эд эсний тоо нэмэгдэх аж.
Түүнчлэн “сэтгэн бодох ажиллагааны ихэнхийг компьютерүүд орлон гүйцэтгэх” учраас тархины хэмжээ багасна гэж эрдэмтэд таамаглаж байна.
Д.Жаргал
URL: