Биднийг оруулахгүй гэж хориглох баар Монголд байхгүй
Манайд 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хуулиараа хориглодог. Диско клуб, пабууд хуулиа хэрхэн мөрдөж ажиллаж байгааг сурвалжиллаа. Нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй газрын нэг Сансарт очив.
Энд тав алхаад баар, паб, кафе гэсэн хаягтай газар таарна. Ихэнх нь дүүрэн хүнтэй байх аж. Үйлчилгээний газруудын урд согтуу, орилж хашгирсан, бөөгнөрч зогссон залуучууд зогсч, урдуураа өнгөрсөн эмэгтэйг өдөж хоргоох нь харагдав. Оройн цагаар Сансар орчмоор эмэгтэйчүүд ганцаараа явах аюултай гэлцдэг юм билээ. Тэнд гэмт хэрэг их гардаг учраас байнга цагдаагийн эргүүл гарч ажилладаг гэсэн. Бид ч бас явган эргүүлийн хоёр цагдаатай таарав. Гэвч цагдаа нарын хүч хүрэлцдэггүй бололтой. “Баянцээл” үйлчилгээний төвийн урдхан талд ширхгийн тамхи,бохь зардаг настай эмэгтэйгийн хажууд 18,19 настай гэмээр нимгэн хувцасласан охин ганцаараа зогсч байв.
Хар хөх өнгийн жижиг оврын жийп машинтай ахимаг насны эр ирж зогсоод цонхоо буулган “Чи даарч байна уу. Надтай цуг явах уу” гэж асуув. Охин юу ч хэлэхгүй толгойгоо дохиод машины арын хаалгыг онгойлгож суунгуут машин хөдлөв. Тамхи худалдаж байсан эмэгтэйгээс тэр охиныг таньдаг эсэхийг асуухад “Мэдэхгүй. Нэлээд удаан зогссон ш дээ. Согтуу байх шиг байсан. Жаахан хүүхдүүд ухаанаа алдталаа уучихаад явж л байдаг шүү дээ” хэмээн дасал болсон янзтай хариулав.
“Баянцээл” үйлчилгээний төвд гурван баар, хоёр паб ажилладаг юм байна. Тус төвийн хонгилд байрлах диско клуб руу орлоо. Эндхийн үйлчлүүлэгчдийн дийлэнх нь оюутан аж. Ер нь 28-аас доош насныхан үйлчлүүлдэг гэнэ. Баарны үүдэнд нь зогсох хар хувцастай хамгаалагч залуучууд “Суудал байна шүү” хэмээн урдуураа өнгөрсөн хүн бүрт хэлж, хоёр, гурваараа яваа охидыг хоргоож байгаад дагуулан орж харагдав. Үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг үзэх нь байтугай өөрсдөө дуудаж, татаж чангаах нь холгүй оруулчихаж байх юм. Хамгаалагчидтай уулзахад “Бүх л газар хуулиа хэрэгжүүлдэггүй шүү дээ. Нэг хэсэг цагдаа нар шаардлага тавьдаг байсан. Одоо больсон. Ер нь 21 настай архи уудаггүй хүн гэж байхгүй. Хэрвээ энэ хуулийг хэрэгжүүлбэл манайхаар үйлчлүүлэх хүн олдохгүй шүү дээ” хэмээв. Ширээн дээрээ архи, пиво өрсөн залуучуудаас зарим нэгтэй цөөн хором ярилаа. Найзууд нь Өөгий гэж дуудаж байсан хоёдугаар курсийн оюутан ярихдаа “Ангийнхантайгаа уулзаж байна. Эндээс гараад бүгдээрээ шууд манай зуслан руу явж ууна. Иргэний үнэмлэх, бичиг баримт үзэж оруулдаг газар Монголд хаана ч байхгүй ш дээ. Би наймдугаар ангид байхдаа л бааранд орж байсан. Одоо намайг оруулахгүй гэж хориглох газар байхгүй байлгүй дээ” хэмээв. Булангийн ширээнд сууж байсан дөрвөн эмэгтэйн нэг нь давхар биетэй аж. Тогоо шиг том гэдэстэй тэр бүсгүй нэлээд согтсон харагдав. Чанга хөгжим, битүү тамхины утаатай орчинд пиво гартаа бариад бүжгийн талбай дээр гарч бүжиглэнэ. Тэр бүсгүй хажуугаараа өнгөрсөн залуучуудыг “Юугаа хараад байгаа юм” хэмээн зандрах аястай аяглаж байв.
Эндээс гараад “Баянцээл”-ийн урд жигүүрт байрлах бааранд орлоо. Дээрээ хаяг тавиагүй энэ баар урьд нь “Соёо” гэдэг нэртэй байсан аж. Энд харьцангуй хүн багатай байлаа. Баарны эзэнтэй уулзах гэсэн боловч байсангүй. Зөөгч эмэгтэйн ярьснаар үйлчлүүлэгчдийнхээ иргэний үнэмлэхийг шалгадаггүй аж. Архи, пиво ууж байгаа залуучуудын дунд нэг нөхөр гэнэт босч ирээд ширээ, сандал мөргөж унаад, чанга дуугарч, галзуурч байгаа мэт зан гаргав. Найзууд нь гар хөлийг нь барьж тэврээд авч гарлаа. Учрыг нь тодруулбал, архи ууж суугаад онгод нь орчихлоо хэмээн хамт явж байсан залуус нь хэлэв. Тэр нөхөр бараг нэг шил архи ганцаараа уусан аж. Хажууд нь сууж байсан хэсэг залуус бөө залууг дарамтлах аястай хэдэн үг хэлжээ. Үүнээс болж тэр залуугийн уур нь хүрч онгод нь орсон юм байх.
Сансар орчмоор атаман ихтэй гэнэ. Үсээ хусуулж, толгой дээрээ шивээстэй хэсэг залуус орж ирлээ. Тэднийг орж ирэнгүүт бүжгийн талбай дээр байсан залуучуудын зарим нь ширээ рүүгээ очлоо. Тэдгээр атаманууд шууд л бүжгийн талбай дээр гарч хэсэг бүжиглэж байгаад гарч явав. Шархад, Улиастай, Дарь-Эх гээд захын хорооллын залуус Сансарт ирж шоуддаг учраас шөнийн цагаар энэ хавийн хөл хөдөлгөөн тасардаггүй гэнэ. Эндээс гараад Сансарын туннель дээр байдаг диско клубүүдийг зорилоо. Цаг 00.00 өнгөрч байв. Малгайтай цамцтай дөрвөн залуу баарнуудын гадна зогсож байгаа харагдана. Тэд “Караоке”-д орох юм уу, бааранд орох юм уу. Манайх шөнө 04.00 цаг хүртэл ажиллана шүү” хэмээн нэг нэгнээсээ өрсөн үйлчлүүлэгчдээ булаацалдах шахуу ярив. Цагдаагийн эргүүлээс нуугдаж диско баарууд хаалгаа дотор талаас нь түгжээд ажиллаж байгаа нь энэ аж. Гадна зогсох залуус бааранд үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг нэвтрүүлэхийн тулд дотор байгаа өөрсдийнхөө хүмүүстэй холбоо тогтоон тохиролцож байгаад оруулдаг байна. Ийнхүү нэлээд олон газраар орсон боловч бүх л газар нас харгалзахгүй оюутан сурагчдад архи, согтууруулах ундаагаар үйлчлүүлж байв. Үүнд хяналт тавьж байгаа хэн ч алга. Нэг хэсэг цаг хэтрүүлэн ажилласан баар, пабуудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна хэмээж байсан ч өнөөдөр бүх л газрууд шөнөжин ажиллаж байлаа. Харин баарны эзэдтэй уулзах гэсэн боловч татгалзсан хариу авсан юм. Саятан хот Улаанбаатарт насанд хүрсэн хүмүүст үйлчилдэг хэдхэн газар байдаг аж.
Тэдний нэг нь Кино үйлдвэрт байдаг “Casablanca” баар юм. Энд 30-аас дээш насныхан ордог аж. Тус баарны хамгаалагч залуу “Нийслэлд хоёрхон байдаг баарны нэг шүү дээ. “Эргэн дурсахуй”, “Casablanca” бааранд л дунд эргэм насны хүмүүс ордог. Насанд хүрээгүй хүүхдүүдийг хажуу талын баар руу ор гээд явуулчихдаг юм. Тэгээд ч баахан азарган тахианы дунд нэг дэгдээхэй бүжиглэж байвал инээдтэй харагдана биз дээ. Залуучууд ч гэсэн манайд орох сонирхолгүй байдаг даа” хэмээв.
Х.ЦЭНД-АЮУШ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: