Яах вэ?

Өндөр давааны бэлд очсон хүн, эсвэл өргөн мөрний эрэгт тулсан хүн “яах вэ?” гэсэн асуулттай тулгардаг. Морь нь эцэж явгарсан хүн, багаж хэрэгсэл нь хуучирч, мохсон хүн “яах вэ?” гэж юуны урьд өөрөөсөө асуудаг. Бие нь суларч тэнхээ нь хомсдсон хүн, мэдлэг нь хуучирч, арга нь мохсон хүн “яах вэ?” гэж санааширдаг. Зам нь мухардаж, зүг нь алдарсан хүн “яах вэ?” гэж бусдаас ч билээ асуудаг. Ийм тохиолдол хувь хүнд ч, нийгэмд ч аль алинтай нь учирч болдгийг буурал түүхийн будант явдал гэрчилсээр байна.

 
Монголчууд “нийгэм журамд” хүрнэ гэж далаад жил бараг л заагчгүй замаар эхлээд мориороо, дараа нь уурын тэрэг, нисэх онгоцоор довтолгож гурван ч үе нь солигдлоо. Гэвч тэр зорьсон газрын бараа нь харагдаагүй байтал хамт зуузай холбох юм уу хожуучилж явсан андууд нь мөнөөхөн өндөр уул хүрэх замаасаа эргэж “дээгүүр нь үсрээд гарчихаж болно” гэсэн тэр “ангал руугаа” буцаад орчихлоо. Бидний монголчууд ч тэдний араас шогшуулж урьд цагт “хөрөнгөтөн” гээд ад үзээд, шоолоод байсан бас дээгүүр нь алгасан харайна гэж анаад явсан тэр “ангал” руу гэнэт л нүдэн балай чихэн дүлий маягаар гүйлдээд орчихлоо.

 

Нийгэм журамд ороход “яах вэ”?, “юу хийх вэ?” гэсэн нэртэй номлол бичээд байсан Чернышевский, Ульяанов (Ленин) нарын номыг ч сөхөх хэрэгцээ байсангүй.
Учир нь яаж, юу хийхийг нөгөөх “хөрөнгөт’ нийгэм байгуулж бараг л хоёр зууныг элээсэн орнуудын ололт, дутагдал, туршлага бэлхэнээ байж байсан хэрэг. Гэвч их ус руу орчихсон морьтон эргэж буцалтгүй хөвж цаад эрэг дээр гарахыг л боддог шиг, өндөр давааг өгссөн морьтон эргэж харахаас айдаг шиг шалавхан л “зах зээлд” хүрэхийг бодоцгоолоо.

 
Хорин жил өнгөрлөө! Өнөөх “зах зээлийн” нийгэмд хүрэх хол байх шиг, тэгэхээр нь “шилжилтийн үе” гэдэг үгээр түрий барихаас өөр арга олдсонгүй. Тэр нь ч бас шинэ юм биш. Нийгэм журам буюу “Социализм” гэдэг маань эв хамтын нийгэм буюу “коммунизмд” хүрэх бэлтгэлийн бас л шилжитийн үе гэгдэж байлаа. Тэр үе нь 70 жил үргэлжилсэн боловч дуусаагүй байсан. Одоо тэр хугацааны бараг дөрөвний нэг нь өнгөрчихөөд байгаатай ялгаагүй олон жил урсан одлоо. “Яагаад зах, зээлийн” бараа харагдахгүй байна? гэж асуух хүн цөөнгүй.

 
“Яагаа вэ? Нарантуул зах?”, “яагав? гадаадаас зээлдсэн хэдэн түмэн доллар?”, “яагаав? “Анод” банкны зээл түгээгүүр” гэж ам таглах нэгэн бас байх ажээ. Тиймээ! Зах ч байна. Зээл ч байна. Гэвч тэр нь “Зах зээлийн харилцааны нийгэм мөн үү?” Өнгөц таних тэмдгийн төдий л зүйл биш үү? Бараа бүтээгдэхүүнээ өөрөө үйлдвэрлээд түүнийг хэрэглэгчдээ хүргэхэд л зах (базар) шаардагддаг учиртай. Тэгвэл “Нарантуул” зах дээр дотоодод үйлдвэрлэсэн монгол шошготой бүтээгдэхүүн хэр их байдаг билээ? Голдуу л Эрээнээс ганзгалаж ирсэн хүнсний болон ойр зуурын хэрэглээний хямд хялбар мөртөө хэрээсээ хэтэрсэн үнэтэй “лийсүү” юм л байдаг биз дээ?

 
Хорин жилийн турш гадаад орнуудаас зээл тусламж авсан боловч түүний үр шимээр бүтсэн шинэ төрлийн үйлдвэр гэж юусан билээ? Ядаж саваа базаасан бил үү? Орчин үеийн тоноглолтой агуулахнууд ч юм уу тариа будааны элеватор, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний хөргүүлтэй цахим тоноглолтой хөргөх байгууламж гэхчилэн бүх төв сууриндаа биш гэхэд нийслэлд шинээр бий болсон билүү? Тариа будааны ахиухан шиг ургац хураахаар мөн л хуучин шигээ цардмал талбай, Цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд овоолох нь халаггүй л болдог хэвээрээ байгаа бусуу?

 
Үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчилчихаар л аяндаа зах зээлийн харилцаанд орчих юм шиг “үлгэр” ярьсаар буй түшмэдүүд өөрсдийнх нь сэтгэлгээ, бодол санаа, үйл хэрэг “зах зээлийн харилцааны” нийгмийн шинж төрхтэй болсон гэж үү? Өмнөх тогтолцооны үед мөн л өнөөх түшмэдүүд (тэр үед дарга нар гэдэг байлаа) өөрсдөө ч хүмүүсийг ч бялдууч, зусар, аймхай, хардамтгай, матамхай (ховч), идэвхгүй, санаачлагагүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоход гол үүрэг гүйцэтгэсээр байсан тэр хүнд суртлыг түшмэдүүд л буйлуулж өгсөнөөс биш ард түмэн, иргэд хүнд суртлыг төрүүлээгүй.

 

Тэдэнд тэр нь огт хэрэгцээгүй байсаар ирсэн. Нэг үгээр хэлэхэд ард түмэн биш түүний нэрээр түшмэдүүд хүнд сурталтангууд төр барьж байсан. Гэтэл “зах зээлийн харилцааны” тогтолцоонд орсон гэх өнөө үед түшмэдийн тоо цөөрсөнгүй улам олширч, хүнд суртал гаргах орчин нөхцөл улам тэлсээр байна. Хүмүүсийг боогдуулах, ‘‘доош хийх” арга нь “авилга” гэдэг мөнгө татах шинэ төрөл зүйлээр “баяжлаа”. Урьд нь ямар нэгэн алба хашигч түшмэл ямар нэгэн хэмжээний цалин авдаг, тэр нь байнга нэг л хэвэнд, санаачлага гаргасан ч, идэвхтэй ажилласан ч тогтмол нэгэн хэмжээнд байсан учраас ажил таслахгүй л бол бусад нөхцөлд авах ёстой цалингаа л авдаг хэвшилтэй байсан.

 

Санаачлага, идэвх гаргалаа ч гэсэн цалин өсдөггүй, баярын бичиг төдийхөн улаан хавтас сайндаал медаль, одон шагнах төдий, тэдгээр нь хүний амьдралд тус нэмэргүй байсны улмаас идэвхгүй бас бэлэнчлэх байдалд түшмэдүүд ч, хүмүүс ч бүр “ижилдсэн” байлаа. Сургууль төгссөн үнэмлэх дипломтой л бол ажилд авна. Ажилд тавигдсан хойноо тогтмол цалингаа л авна.

 

Үлгэн салган хийсэн ч, үлгэр жишээ ажилласан ч цалин тогтмол хэвээрээ. Гэтэл зах зээлийн харилцааны нөхцөлд энэ л хэвээрээ тул түшмэдүүдэд иргэдээсээ мөнгө сааж орлогоо нэмэх нэг өөдгүй зам нээгдэж, түүнийг “авлига” гэх болж тэр нь яваандаа давраад ирэхэд Авлигатай тэмцэх газар байгуулсан ч түмэдүүд олон, тэмцэх газар нь ганц болохоор яаж ийгээд л аль нэгэн их дээд сургуульд хувийн ч бий, төрийн хамааралтай ч бай хамаагүй, арга ширэг хэрэглэх тооны явж үнэмлэхжээд (димпломжоод) бас бус аргаар түшмэл болж суухыг чармайгчдын тоо улам өссөөр байна.

 

Аль нэг иргэн ямар нэгэн зүйл бүтээхээр санаачлиллаа гэхэд их, бага түшмэдүүд, яам, тамгын газар дамжиж 13-27 төрлийн зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Зөвшөөрөл гэгчийг их, бага түшмэдүүд өгнө. Өгөх өгөхдөө авлигалана. Зусардах, бялдуучлахаас эхлээд авлига өгөхөөс нааш “зөвшөөрөл” гэгч олдохгүй. Хуучин тогтолцоог түүний түшмэдүүд хүнд суртлын аргаар “үжрүүлсэн” бол шинэ тогтолцоог мөн тэр л аргаараа дээр нь “авлигал” хэлбэрээр тушиж чөдөрлөж байх болжээ.

 

Бараг бүх үйлдвэр, аж ахуй хувьчлагдсан нөхцөлд тэдгээрээ унагах, босгох нь хувийн хэрэг тул түшмэдийн нүсэр арми байтугай төрийн оролцоо ч хязгаартай болох учиртай. Гэтэл төрийн түшмэдийн сүлжээ улам л нүсэр болж, агентлаг гэх шиг гадаад нэртэй олон давхардсан хүнд суртлын уурхай нэмэгдэж, мөн л “улсын төсвийг” өмнөх тогтолцооны адил “УИХ-аар хэлэлцэн батлаж, баталсан нь цоорхойтойн харгайгаар дахин дахин “нөхөхийгөө” төсвийн тодотгол хийнэ гэдэг үгээр халхавчилдаг болжээ.

 

Үүний улмаас аймгууд ч улсын нийслэл ч бие даасан санаачлагагүй, гагцхүү “улсын төсөв” хараад суудаг хэвээрээ хорин оныг үзэж байна. Төрийн албаны түшмэдүүдч хийсэн, хийгээгүй ялгаагүй тогтмол цалингийн царай хараад суусан хэвээр. “Зах зээлийн харилцаанд” шилжлээ гэж түшмэдүүд яриад байдаг атлаа толгойд нь, арга барилд нь, ааш, занд нь өмнөх тогтолцооны журам, араншин хэвээрээ ноёлсоор байна. Ийм нөхцөлд яах вэ?
Ард иргэдэд ч тэдний нэрээр төр барьж байгаа том, бага түшмэдүүд ч аль алинд нь:
-Америк ашигч чанар (прагматизм) хятдын ажилсаг чанар, японы арга самбаа (предприимчивостъ) гэгдсэн гурвал чанар хэрэгтэй байна.

-Бүсээ чанаглахгүйн тулд ханцуйгаа шамлах хэрэгтэй байна.
-“Ханцуй шамлаад ажилд орохдоо хөдөлмөрчин” гэж дээр үеийн нэг дууны үг байдаг нь одоо чухал санамж болох юм биш үү!

-Онол, баримтлал гэхчилэн цэцэрхэн мэдэмхийрэх архагнаасаа салж бодит ажил хэрэгч асуудлуудыг шийдвэрлэх сэтгэлгээнд түшмэдүүдийг шилжүүлэх,

-Сургалт боловсролыг ч гэсэн ажил хэрэг болгох мэдлэгээр зэвсэглэх, юу ярьдгаар нь биш юу хийж чаддагаар нь үнэлгээ тогтоох

-Их, дээд сургуулиудад тодорхой мэргэжлийн, ажил хэрэгч мэдлэгийн хичээлүүдийг зонхилж нийгмийн ухааны хийсвэр ойлголтын сэдэвтэй сургалтыг эрс багасгах,

-Их дээд сургуулиудийн дэргэд оюутны чөлөөт цагийн үйлдвэртэй болгож амьдралын хэрэгцээтэй зүйлүүдийг завандаа хийж сургах,

-Төрийн ажилтнууд болон ер нь тогтмол цалин авдаг хүмүүсийн цалинг зэрэглэлтэй болгож, санаачлага зүтгэл гаргаж, үр дүнтэй идэвхийлсний нь хэрээр цалинг нэмж байх,

-Өрх бүрийг үйлдвэр, хүн бүрийг үйлдвэрлэгч болгохын тулд олон төрлийн жижиг үйлдвэрийн тусгай мэргэжилтнүүдийг сурган бэлтгэж орон нутагт улсын илгээлтээр томилон өрх гэр болон хот айлуудад “сургагчаар” түр хугацаанд суулган ажиллуулж байх,

-“Таван хошуу малаа арван хошуу болгох” залуучуудын хөдөлгөөнийг сэргээж загас, зөгий, молтогчин туулай, тахиа, гахай өсгөх санаачлагыг тал бүрээр дэмжих

-“Юмханаар юм хийх” улсын үзлэг, уралдааныг жил бүр өрнүүлж нийслэлд үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг болж, өндөр шагналтайгаар шалгаруулж байх.

-Ажилгүй залуучуудыг зарлан дуудаж, төвлөрсөн хэлбэрээр зохион байгуулан ажиллах, сурахыг хослуулсан, цалин, орон сууцаар хангаж, тусгайлан шаардагдаж буй асуудлуудыг гардан шийдвэрлэх “хөдөлмөрийн хамтлагийг” бүсчилэн байгуулж ажиллуулах

-Ардын армийг “цэрэг спортын арми” чиглэлээр бэхжүүлж цэргүүдийг байлдааны бэлтгэлээс гадна биеийн тамир спортын амжилтын томоохон салбар болгох

-Тусгай хангамжтай хөлсгүй орон сууцтай, өдөрт 3 хоолтой, үйлчлэгчтэй, харуул хамгаалалттай хоригдлуудыг зүгээр “тэжээж буйлуулж” байдаг шорон гяндангийн зарчмыг өөрчилж, хөдөлмөр хүмүүжлийн газар болгон гагцхүү хөдөлмөрөөр гэм зэмээ цагаатгадаг төв болгох

-Залуу гэр бүлийг орон суужуулах зорилгоор Америкийн “Леви тауны” туршлагаар “залуу гэр бүлийн хотхоныг “өөрсдийнх нь хүчээр байгуулах санаачлагыг өрнүүлэн хөдөө нутагт болон томоохон хотуудад зохион байгуулах,

Үндэсний “оюунлагийн санг” (интелектуальный фонд наций) үхмэл хөрөнгө мэт байдлаас нь гаргаж хэдэн мянган эрдэмтнийг оюуны ажилчин анги” (духовный рабочий класс) болгон хувиргахын тулд сэхээтнүүдэд улсын цогцолбор захиалгын жагсаалт гарган хувиарлаж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, санхүүжилтээр хангаж өгөх

-Гадаадад гарч хөл дээрээ босч буй монгол “оюуны диаспораг”’ эргэх харьцаатай болгож “ухааны урсгал” буцаж эргэх нөхцөл, бололцоо, хангамжийг бүрдүүлэх

-Үндсэн хуульд үгсэн хуйвалдах аргаар оруулсан засваруудыг хүчингүй болгосон Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэн уул засваруудыг хэрэгсэхгүй болгохын хамт Үндсэн хуулийн шүүх хэлбэрт цэцийг оруулах өөрчлөлт нэмэлт хийж, намуудын тухай хуулийг хянан өөрчилж нам төвтэй биш төр төвтэй тогтолцоог бэхжүүлэх, сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгож мөнгөний хүчээр төрийн эрхэнд гарч улмаар төрийн хүчээр олигарахждаг гутамшигийг арилгаж, иргэдийн өөрөө удирдах ёсны тухай үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж ард түмэн өөрөө төр барих эрхийг хангах иж бүрэн шинэчлэл хийх,

-Улсын төсөвт ард түмний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн шинжлэх ухааныг санхүүжүүлж хөгжүүлэх асуудал мөн иргэдийн боловсрол мэдлэг, соёлжилтыг дээшлүүлэхэд “үлдэгдлийн аргаар” санхүүжилт хувиарладаг урьдын алдааг засч эрүүл мэнд, боловсролын салбарыг тэргүүн зэрэгт тавихыг улс төрийн бодлого, улс төрийн шалгуур болгохгүй бол үндэстний маань заяа хаяхнээ!

-“Хүлээлгийн танхимуудыг” үйлчилгээ, ажил хэргийн танхим болгох, үүнд хүмүүсийг өвчлөхийг хүлээгээд сууж байдаг эмнэлэг, эрүүл мэндийн газруудыг хүмүүст өөрснөө очиж урьдчилсан үзлэг, судалгаа хийдэг болгож цахимжуулах

-Юм сургахдаа ер нь “хөгширөхийг” нь хүлээгээд бага ангиас их, дээд сургууль дуустал  ширээний (партны) цаана суулгаж багшийн үгийг тоть шиг давтаж дүн хөөцөлдүүлдэг боловсролын тогтолцоог сурах, бүтээхийг хосолсон ажил хэрэгч сурлагын газар болгон сурах хугацааг богиносгон цахим сургалтаар голлох, хэрэг зөрчил гарахыг нь хүлээгээд сууж байдаг цагдаа, хуулийн байгууллагыг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, хүн хүмүүжүүлэх үйлсд гол цагаа зардаг ёс суртахууны төлөвшлийн үйлчид болгох

-Гурван толгойтой мэт хачин зэрэмдэг байдалд хүн, хавчаахай, цурхай гурвын үлгэрийг хуулсан мэт болсоор хорьдох жилийг үзэх дөхөж буй төрийн байгууллагыг өөрчлөн нэг толгойтой (ерөнхийлөгч юм уу ерөнхий сайд) хоёр гартай (УИХ, засгийн газар) болгож өөрчлөн хуульчлах, УИХ-ын гишүүдийг зөвхөн хууль тогтоогчид болгон тоог цөөлж, чадвар, мэдлэгийг сайжруулж, салбаруудыг төлөөлөх зохицолдоог бүрдүүлж, эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 25-аас доошгүй хувиар нэмж, төр төвтэй их хуралдай бүхий тогтолцоог буй болгох

-Хяналтын тогтолцоог дахин хянан үзэж, эрх мэдэл, үйл ажиллагааг нь эрс сайжруулж сөрөг хүчний болон ардын хяналтын зарчмыг хуульчлан, үндсэн хуулийн шүүх ажиллуулан хэвлэл мэдээллийн замбараагүй өмчлөгдсөн, худалдагдсан байдлыг хянан цэгцлэх, цөөлөх
-Монгол газар нутгаа төнхүүлэхээр харийнханд худалдагчдыг (лиценз олгогчид) шүүхэд шилжүүлж, тэдний таван улаан мөнгөөр зарсан гэдаадын бүх лицензийг хүчингүй болгон хурааж авах, дахин үнэлгээ тогтоох,
Даяар монголын ариун голомтыг тойрсон төрөл саднаа Европын нийгэмлэгийн жишээгээр тасарсныг залгаж холдсоныг ойртуулж Хяргас нууртаа яргасууд, Хасагт хайрхандаа Хасагууд, Гашуун устдаа Урианхай, Дуваачууд, Бурхан Халдундаа буриадууд, Таянгийн нуруундаа, Захадууд (Якут) Их номгондоо өвөлөгч нар, Алаг Хайрхандаа дээд монголчууд, Асгатынхаа ууланд асадууд ирж очдог, эвлэж нөхөрлөдөг “Бух Сужгайн” гэрээ байгуулах
-Америкийн хүн амын 15 хувь, Канадын баруун хойт нутаг эзэгнэгч ингэдүүд, Анд, Кордильерын нурууны цаад бэлийг болон Индонез, Тонго, Австрали, Энэтхэг, Түвд, Афган, Иран, Ирак, Сири, Солонгос, Японд түүхэн болон байгалын давалгаанаар эрт цагт болон өнөө үед тасарсан яс махны тасархай элгэн садандаа болон хорин нэгдүгээр зууны шинэ диаспор элгэн садангууддаа түшиглэсэн “олон тулгуурт” бодлогыг боловсруулан үе дамжуулан хэрэгжүүлэх үйлсийг эхлүүлэх, “Тасам” хөдөлгөөнийг дэмжих,

-Монголоо хүн төрлөхтний өвөг буй болсон “Төв Азийн зулай” гэдгийг нэгэнт олдоод буй баримтыг гүнзгийрүүлэн нотлож улмаар “ахимсын” (хор үл хүргэх) дэвжээ болгож дархлан зарлах асуудлыг НҮБ-д тавьж шийдвэрлүүлэхгүй бол монголын байтугай хүн төрлөхтний гарвалын ул мөр баларч устах нь ээ! Монголын төдийгүй олон улсын асуудал учир үндэстний хүрээнээс хальсан ийм зүйлд монголчууд бид түүчээлэх тавилантай. Эс анзаарваас бидний хохь болмуй!

-Дарга нэртэнгүүдийн түшмэл дарангуйллыг шудрага хуулийн дарангуйллаар солих, үүний тул энэ нэр томъёог хасах
-Нийгмийн үзэгдлийн хувьд үеэ дуусгаж байгаа хэсэг бүлгийн үгсэл болсон намынх биш ард түмний гуравны хоёрын санал нийлсэн хөтөлбөрөөр улс, нийгэм, хүнээ хөгжүүлэх

-Захиран тушаах аргад тулгуурладаг засаглалын дүрэмдэх, хийсвэрлэн номлох араншинг халж, мэдээлэл, шинжлэх ухааны мэдлэгийн засаглалд шилжих, улсын нэрэнд “зохилдохуй”, “зөвлөлдөхүй” гэдэг үгнүүд оруулах
-Нэгэнт яваад туулаад ирсэн түүхэн замналаа дахин давтах гээгүй л бол түүнийгээ эргэн муу хэлж “сүрхий хүн” болж харагдах инээдтэй оролдлогыг таягдан хаяж, ирээдүйг баримжаалсан, арагшаа биш урагшаа харсан бодлого баримтлахыг үндэстнийхээ таних тэмдэг болгохыг хүүхэд үүхэдгүй чармайваас “яах вэ?” гэдгийг асуултандаа хариу олох болой!
-Ийм юм ярихад “донгос!” гэж зандрах хүн гарна л даа. Тэгтэл “донгос!” гэдэг үг чинь “гахай!” хэмээх түрэг үг бөгөөд “Ил аглак болса Донгуз депэ чыкар” гэж дунд Азийнхан ярьдаг. Тэр нь сайн ажиглавал “Ил” гэдэг нь “ард түмэн” гэсэн эртний монгол үг “аглак” гэдэг нь “аглаг буюу алга болохын монгол нэр тул “ард зон алга болбол” гэсэн ойлголт юм.

 

Харин дараах мөр нь “донгуз” буюу өнөөх “донгос” гэж монголчуудын зандчих үг, угтаа “гахай” гэсэн үг. “Депэ” гэдэг нь “дээшээ”, “чыкар” нь гарна гэх утгатай юм. “Ард зон алга болбол гахай дээшээ гарна” хэмээсэн ийм үгийг “ногайчууд” “Уьи авлак болса Донгуз тоьрге шыгар!” гэдэгчлэн эртний монгол угсаатны бусад аймаг, омгийн аялгуу хэлэнд бараг адилхан давтагдах түгээмэл цэцэн зүйр юм.

 
Тэгэхээр “яах вэ?” гэдэг асуудалд өгөх хариу бол дэмий донгосохын нэр биш, тодорхой ажил хайхын нэр юм. Ардчилагчид олонхи, болсон УИХ, засгийн газар энэ “яах вэ”, асуултад хариу өгч, бүтээлч юм хийх буй заа гэж ард түмэн хүлээж байна

Л.Түдэв


URL:

Сэтгэгдэл бичих